“Би Цагаан ордны бодлогыг эсэргүүцдэг”

Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров Грозный хотод Оросын хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзахдаа Царнаевынхантай холбоотой гэх хэргээр Ибрагим Тодашевийг байцааж байхдаа Америкийн ХМТ-ны ажилтан түүний амийг хороосон тухай мэдээлсэн байна. Талийгаачийг Кадыров “сайн залуу” гээд, түүнийг зүгээр л алж орхиж. Эцэг нь Грозный Хотын захиргаанд ажилладаг юм. Хүү нь утсаар ярьсан, гэртээ ирэх хүсэлтэй байгаа гэнэ гэж ярьж байсан. Гэтэл тэр хүүг нь алчихаж хэмээн хэлжээ. Бостонд холын зайн гүйгчдийн тэмцээний үеэр алан хядах ажиллагаа үйлдсэний дараа чечень хүмүүсийг “шахах ажиллагаа” эхэлсэн тул АНУ-аас явах хүсэл Тодашевт төрсөн аж.

Кадыров цааш нь хэлэхдээ “Би Цагаан ордны бодлогыг эсэргүүцдэг. Америк улс өөрийн эсрэг бүхнийг мөрдөж мөшгидөг болохоор энэ нь миний буруу биш” гэсэн байна. Цааш нь “Бусад оронд хүмүүсийг алж, дэлбэлэх ажиллагаа үйлдэж байхад америкчууд ямар ч цочроогүй байдаг мөртөө өөрийнд нь ямар нэг юм тохиолдохоор л бөөн шуугиан дэгдээчихдэг” гэжээ. Кадыров Америкийн тусгай албадын хүнлэг бус ажиллагааг шүүмжилж, “Би тэднийг судалсан, танил хүмүүсийг нь ч олж улзсан. Тэгэхэд Царнаевынхныг ийм юм хийж чадах улс гэцгээж байна лээ. Гэхдээ тэднийг баривчилж, шүүгдэгчдийн суудалд суулгаж болох байсан” гэсэн аж.

Америкийн эрх баригчдын мэдээлж буйгаар бол 27 настай Ибрагим Тодашев энэ сарын 22-нд байцаагдаж байх үедээ ХМТ-ны ажилтан руу хутга барьж дайрсны улмаас буудуулан амиа алдсан байна. Царнаевынхантай холбоо сүлбээтэй хүмүүсийг тогтоох ажлын хүрээнд түүнийг байцаажээ. Түүнчлэн 2011 онд Массачусетст гурван хүнийг алсан хэрэгт ч бас сэжиглэсэн бололтой. Харин Тодашевийг Бостонд болсон хэрэг явдалд оролцсон хэмээн сэжиглээгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)