“Би хөршүүдээ хүйс тэмтэрчихлээ, чаддаг юм бол бариарай”

ЦЕГ-ын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд уржигдар 15.17 цагт дээрх мэдээллийг 88872974 дугаарын утаснаас өгчээ. Уг дуудлагыг өгсөн этгээд нэр, хаягаа хэлэлгүй утсаа тасалсан гэнэ. Тэрбээр “Би эд хөрөнгийн маргаанаас болж хөршүүдээ хүйс тэмтэрчихлээ. Баянзүрх дүүргийн IX хороонд байна. Би хөршийнхөө бүх хүний амийг хөнөөсөн, миний дэргэд хэн ч байхгүй. Цагдаа та нар чаддаг юм бол намайг олоод бариарай” гэжээ. Энэ мэдээллийн дагуу ЭЦГ, УМБГ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Ажлын хэсэг гарч IX хорооны 60 гаруй айлаар орсон ч дуудлага өгсөн болон амиа алдсан гэх хүмүүсийг олоогүй гэнэ.

Харин энэ үеэр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авагч, дэслэгч Б.Батцэцэг дээрх дугаарын утсаар өмнө нь мэдээлэл өгч байсан эсэхийг шүүж, өмнө нь хэд хэдэн удаа худал мэдээлэл өгч байсан ярианы тэмдэглэлийг нь олжээ. Тухайлбал, 2010 оны аравдугаар сарын 28-нд нэг мэдээлэл өгсөн бол, 2011 оны тавдугаар сарын 10-нд “Эгчийн минь хүүхэд алга болчихлоо” гэж дуудлага өгч байсан юм байна. Ийнхүү бичлэгийг нь шүүснээр Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг ах дүү нарынх нь хаягаар цагдаагийнхан очиж шалгасан гэнэ. Гэтэл дуудлага өгсөн этгээд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг, Шархаданд амьдардаг айлд байсан аж.

Тэрбээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хуурамч дуудлага өгч байх үедээ айлын хивс, зурагт, компьютер зэрэг эд зүйлсийг нь хулгайлсан байсан гэнэ. Түүнийг Л.Отгонбаатар гэдэг, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэргээр шалгуулж байгаад сураггүй болсон нэгэн байж. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авагч, дэслэгч Б.Батцэцэг тус төвд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжөө ашиглаж, өмнө нь өгсөн дуудлагуудыг шүүгээгүй бол цагдаагийнхан хуурамч дуудлагын хойноос хамаг шатахуунаа зарцуулан цаг алдаж явах байлаа.

Г.ОРЧЛОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)