Би түүнийг жаргаасан бил үү?


Хүн болгон амьдралдаа их бага хэмжээгээр алддаг. Энэ тийм аймшигтай зүйл биш гэж боддог. Харамсалтай ихэнх хүн алдаа хийснээр амьдрал нь дууслаа гэж бодон сэтгэлээр унаж байдлыг улам дордуулдаг нь харамсалтай. Гэтэл алдаа хүнийг ухааруулж, уужим сэтгэлтэй болгож, бас эрч хүч нэмж, шийдэмгий болгодог ч тохиолдол бий. Гол нь алдаандаа дүн шинжилгээ хийж чаддаг тэр хэмжээгээрээ туршлагажих хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл алдаан дээрээ л сурдаг шүү дээ. Би амьдралдаа алдсан хүн. Түүндээ харамсаад бардаггүй ч их юм ойлгосон шүү. Гурван жилийн өмнө би 20 жил ханилсан эхнэрээсээ салсан юм. Эр хүн яагаад салдаг билээ дээ. Залуу сайхан бүсгүйтэй учирч,  мартагдаад удсан тэр сайхан мэдрэмж, таашаалыг аваад л толгой маань эргэсэн хэрэг. Эхнэр бид хоёрын хорин жилийн хамтын амьдралд хүнд хэцүүг үе ч, жаргалтай сайхан мөч аль аль нь байсан. Гэхдээ энэ хугацаанд эхнэрийн маань гадаад төрх төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн нь намайг түүнийг орхиход хүргэсэн гол шалтгаан байлаа. Гэдэс нь унжиж, хамаг бие нь таргалалтын бэрсүү болж, алхаа гишгээ нь хүртэл цэрэг шиг болчихсон. Нүд ам, хумс хуруугаа будаж, нүүрэндээ оо, энгэсэг ч түрхэхгүй,үргэлжийн мөнхөд үсээ ардаа боосон нэг л хэлбэртэй, дээрээс нь ихэвчлэн хоол үнэртүүлсэн, гэртээ гэрийн эсвэл унтлагын хувцасын аль нь мэдэгдэхгүй нэг нэвсийсэн юм угласан авгай нүдний өмнө сүүтгэнэнэ. 20 жилийн өмнө миний дурласан цэцэг шиг үзэсгэлэнтэй, гоолиг сайхан бүсгүй хэдийнээ биш болсон байв. Тэр үзэсгэлэнт бүсгүйгээс үлдсэн юм гэвэл түүний намуун зөөлөн, бас их өвөрмөц дуу хоолой аж. Энэ нь дөнгөж дөч шүргэж яваа эр хүнд үнэндээ хангалтгүй санагдах аж. Гэтэл манай ажлын маркетингийн албанд ёстой л гунхсан сайхан бүсгүй шинээр ордог юм байна.Тэр бүсгүйн согоо шиг сайхан гадаад төрхөөс гадна мэдлэг боловсрол нь намайг хамгийн их гайхшруулж татсан юм. Ажлын шугамаар түүнтэй би тулж ажилладаг нь биднийг ойртоход бас их нөлөөлсөн биз. Нэг жилийн дараа би эхнэрээсээ салаад тэр бүсгүйтэй амьдралаа холбосон юм. Хоёр хүү маань эрийн цээнд хүрээд юмны учир начрыг ойлгодог болчихсон болохоор би төдийлөн их санаа зовсонгүй. Би эхнэрээсээ салсан ч хүүхдүүдийнхээ хувьд эцгийнхээ үүргийн сайн биелүүлсээр ирсэн шүү. Одоо ч гэсэн биелүүлсээр байгаа.Харин нэг жилийн өмнө би хүүчин эхнэртэйгээ нэг хүний найран дээр таарлаа. Бид утсаар хүүхдүүдийнхээ тухай ярьж харилцдаг байсан ч нүүр учраагүй бараг жил болсон байв. Намайг хэтрүүлж байна гэж битгий бодоорой. Гэхдээ би түүнийг  хараад таниагүй. Найрын эзэнд бэлэг гардуулах гэсэн хэдэн хүний дунд зогсох түүнийг ярихаар нь таньж билээ. Нөгөө л дөлгөөн бас их өвөрмөц дуу хэвээрээ. Гал тогооны өрөөнд л зогсож байдаг чавганц маань үзэсгэлэнтэй, гоолиг, эрхэмсэг бүсгүй болон хувирчээ. Түүнийг хоёр том хүүгийн ээж (миний хөвгүүдийн шүү), дөч гарсан эмэгтэй гэж хэн ч хэлэхээргүй байлаа. Эрчүүд ийм бүсгүйг “ёстой л болж боловсорсон жимс шиг” гэдэг дээ. Тэр өдрөөс хойш би өнгөрсөн амьдралаа эргүүлээд нэг бодох боллоо. Тэгээд өмнө нь огт бодож байгаагүй нэг зүйлийг ойлгосон юм. Би тэр хүнийг гоо үзэсгэлэнтэй харагдуулах юу хийсэн билээ? Өмсөж зүүхээр дутаагаагүй ч гэсэн түүнд өөрөө өөртөө цаг зарцуулах боломж өгч байл уу. Надтай нийлээд гурван эрийн буулгасан гэрийг янзалж цэвэрлэх гээд фитнест явах цаг олдоогүй байх. Хүүхдээ хөхүүлэх гээд даруулгаа зүүдэггүй байсан биз. Бидний хоолыг хийж хөлсөө цувуулах учир нүүр амаа буддаггүй байж. Ингэж бодох тусам хуучин эхнэр маань надтай байхдаа жаргаж байсан юм болов уу? Тэр маань үргэлж өнөр өтгөн, бат бөх гэр бүлтэй байж, тэднийгээ хайрлаж, халамжлах хүсэлтэй байсан биз. Түүний хувьд амьдрал нь сайхан байсан байж болох ч би тэр аз жаргалыг үнэлж чадаагүй юм байна. Өнөөдөр би эр хүнд  ямар эхнэр байх ёстойг сайн ойлгодог болсон. Харин тэр гэр бүлийн жинхэнэ аз жаргалыг надад өгч байсан хүнээ би алдчихсан. Дотоод гоо сайхныг гаднах өнгөөр сольсон гэх үү дээ. Хуучин эхнэр маань нэг хүнтэй танилцаад хамт амьдарч байгаа. Тэр хүн эхнэртээ гэрийн зарц мэт ханддаггүй болохоор надаас хамаагүй сайн хүн нөхөр байх нь. Хүүхдүүдийн маань эх одоо л жаргаж байх шиг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)