“Би тагнуулч хүн, биеэ хамгаалахаар хутга авч явдаг” гэжээ

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг ажлынх нь өрөөнд хутгалж гэмтээсэн, 64 настай иргэн Б.Идэрчулуун нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг гэдгийг түүний дүү баталжээ. Хэргийн холбогдогч нь шезофрен өвчний учир СЭМҮТ-ийн хяналтад байдаг, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг тус төвийнхөн цагдаа нарт албан бичгээр мэдэгдсэн байна.

Хэргийг шалгаж буй тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Т.Алтангэрэл “Дүүргийн ЗДТГ-ын даргыг долдугаар сарын 31-нд ажлын байран дээр нь хутгалж, гэмтээсэн хэргийг манайд шалгаж байна. Хохирогч Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хэрэгт 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, СЭМҮТ-ийн хяналтад байдаг Б.Идэрчулуун гэх хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өгөв. Хохирогч “Трамп-Е” гэсэн бичигтэй, сааралдуу малгайтай хүн хутгалсан” хэмээн тайлбар өгсөн байна.

Холбогдогч Б.Идэрчулуун ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд маргаан дэгдээж, биед нь халдах үед байдлыг намжаахаар гарч ирсэн Б.Амартүвшин даргыг хутгалсан гэдгийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Б.Идэрчулуун ч үүнийгээ баталсан төдийгүй “Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” гэж мэдүүлсэн байна. Харин түүний дүү Б нь цагдаагийнханд “Манай ахын өвчин хэд хоногийн өмнөөс хөдөлж янз бүрийн юм ярьдаг нь эхэлсэн. Бас утга нь ойлгогдохгүй юм бичээд байдаг юм. СЭМҮТ-д эмчийн хяналтад ороод олон жил болж байгаа” хэмээн тайлбар өгчээ.

Б.Идэрчулууны авч явсан утга тодорхой бус үгстэй лоозон, сэтгүүл, “Би монгол хүн, Трамп-Е” гэх мэт үгтэй цаас наасан малгай зэргийг нь эд мөрийн баримтаар хураан аваад байгааг эх сурвалжууд хэллээ.

Хэрэг үйлдсэн Б.Идэрчулууныг жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл хүсэж Засаг даргатай уулзахаар хандсан хэмээн өчигдөр ярьж байсан ч Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас “2018 он гарснаар иргэн Б.Идэрчулуунаас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-т жагсаал, цуглаан зохион байгуулах, уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй. Иргэн Б.Идэрчулуун угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн юм билээ.

Тухайн үед дарга хуралтай байсан тул ЗДТГ-ын даргын өрөөг зааж өгчээ. Улмаар сэжигтэн Б.Идэрчулуун мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохиж, энэ үед Б.Амартүвшин дарга зохих шаардлага тавихад түүнийг хутгалсан байна.

Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван, байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт бичигдэж үлдсэн. Сэжигтэн Б.Идэрчулуун хохирогчийг хутгалсан даруйдаа хэрэг гарсан өрөөний цонхоор хутгаа шидсэнийг цагдаагийнхан олж, нотлох баримт болгож хавсаргасан” хэмээн мэдээлсэн юм.


Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)