“Би зүгээр л ялахыг хүссэн”

Сиднейгээс Мельбурн хүртэл 875 км замыг тав хоногийн хугацаанд гүйж туулдаг Австралийн супер марафон тамирчдын шандсыг сорьдог “чанга” уралдаанд тооцогддог. Эл уралдаанд ихэвчлэн дэлхийн хэмжээний, 30-аас доош насны тамирчид оролцдог бөгөөд үүний тулд тусгайлан бэлтгэл хийдэг аж. Хүний тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг сорьсон учраас хэн дуртай нь оролцдоггүй гэсэн үг. Тиймээс тэтгэх нь түгээмэл. Ийм л сүрхий марафонд 1983 онд 61 настай жирийн нэгэн хүн оролцсон нь олныг бүр гайхшируулж орхив.

Ажлын хүрэм, усны гуталтай австрали фермер Клифф Янгийг хүмүүс гараанаас гарах тамирчдыг харахаар ирж гэж боджээ. Гэтэл мань эр уралдаанд оролцох дугаар авахаар бүртгэлийн хэсгийнхний сууж байсан ширээ рүү алхлаа. Клифф 64 гэсэн дугаараа аваад тамирчдын эгнээнд зогсов. Хэвлэлийнхэн түүнийг “онилж”, төв телевизийн сурвалжлагч түрүүлж очин, богино ярилцлага авчээ.

-Сайн уу, та хэн бэ. Энд юу хийж байгаа юм?

-Би бол Клифф Янг. Манайх Мельбурн хотын ойролцоо хонины фермтэй.

-Энэ уралдаанд үнэхээр оролцох юм уу?

-Тийм ээ.

-Та ивээн тэтгэгчтэй юү?

-Үгүй.

-Тэгвэл та ч бариа хүртэл гүйж чадахгүй нь дээ.

-Үгүй ээ, би чадна. Би багаасаа л ферм дээр өссөн. Манайх 2000 хоньтой. Морь, машингүй бүхнийг өөрөө л хийж ирсэн. Шуургатай үед ч өөртөө л найддаг. Малаа 800 гаруй га газарт бэлчээж, 2-3 өдөрт хураачихдаг юм. Энэ үнэхээр амаргүй ажил. Уралдааны хувьд би чадна гэж найдаж байна. Хонины араас гурав хоног гүйчихдэг хүнд таван өдөр “шогших” асуудал биш.

Ийнхүү ярилцлага өгсөн Клиффийг зарим үзэгч шоолж, нэг хэсэг нь өрөвдөж, замдаа бахардаж үхэх вий хэмээн түүний төлөө залбирч байлаа.

Уралдааны дүрмийн дагуу тамирчид 875 км замыг таван өдөрт туулахын тулд нэг хоногт 18 цаг гүйж, зургаан цаг унтах ёстой. Клифф Янг харин энэ талаар огт мэдээгүй аж.

Уралдааныг телевизээр дамжуулж байв. Хүмүүс Клиффийг онцлон харна. Тэрбээр гүйсээр л... Уралдааны хоёр дахь өдөрт тэрбээр Миттагонг хотод хүрчихэв. 61 настай фермер унтаж, амралгүй шөнөжин гүйжээ. Гэсэн ч тамирчид түүнийг хол хаясан байв. Уралдааны зам дагуу зогссон хүмүүс түүнийг дэмжин, гар барьж, урам өгч байлаа. Тэрбээр хоёр дахь өдрийн шөнө ч үргэлжлүүлэн гүйжээ. Дараагийн шөнө ч амарсангүй, шогшсоор л. Ингэсний үр дүнд тэрбээр зарим гүйгчийг ардаа орхилоо. Уралдааны сүүлчийн шөнө гэхэд Клифф бүх тамирчныг ардаа орхижээ. Өглөө болоход нэр хүндтэй, залуу тамирчид фермерийг гүйцэхээсээ өнгөрсөн байлаа.

Клифф Янг 875 км замыг таван өдөр, 15 цаг, дөрвөн минутад туулжээ. Энэ нь Австралийн супер марафоны рекордыг есөн цагаар урагшлуулсан том амжилт болжээ. Түүнийг хүмүүс үндэсний баатар гэлцэнэ. Гэтэл тэрбээр нэг ч шагналгүй “хоцорчээ”. Уг нь түүнд цом, 10 000 австрали долларын шагналыг нь гардуулсан ч “Би энэ уралдааныг шагналтай гэж мэдээгүй. Мөнгөний төлөө ч гүйгээгүй” хэмээгээд түүний араас нэхэж ирсэн эхний таван тамирчин тус бүрт 2000 доллар өгөхөөр шийдсэнээ мэдэгджээ. Клифф нэг ч доллар үлдээлгүй тамирчдыг шагначихаад, гэртээ харьжээ. Хүмүүс түүнийг магтаж байхад харин мэргэжлийн дасгалжуулагчид Клиффт эргэлзэж байв. Учир нь таван өдөр нэг ч амрахгүй гүйсэн гэдэгт нь итгэхийг хүсэхгүй байлаа. Марафоны дараа болсон хов живийн талаар тэрбээр мэдэхийг хүсээгүй гэдэг. Зүгээр л өмнө нь гүйж харайж буй хонинуудаа гүйцэхийн тулд араас нь хөөж байна гэж төсөөлөн гүйсээр барианд орсон талаараа ярьсан Клифф “Би зүгээр л ялахыг хүссэн” гэж инээмсэглэсэн гэдэг.

Австралийн супер марафоноос хойш нэг жилийн дараа буюу 62 настайдаа Клифф 23 настай Мэри Хоуэлл хэмээх бүсгүйтэй гэрлэж, таван жилийн дараа гэр бүлээ цуцлуулжээ. Тэрбээр үргэлжлүүлэн гүйсээр байсан бөгөөд 1990 оны хоёрдугаар сард Английн Милтон Кейнс хотод зохион байгуулсан 24 цагийн аварга шалгаруулах анхны олон улсын тэмцээнд оролцов. Дараа нь арваннэгдүгээр сард Австралийн Кэмпбелтаун хотод 648 км-ийн марафонд чамгүй амжилттай гүйсэн аж. Тэр үед Клифф Янг 68 настай байлаа. 1997 онд тэрбээр өнчин, гэр оронгүй хүүхдүүдэд зориулан хандив цуглуулахаар 16 мянган км зам туулахаар шийдсэн нь дахин олны анхааралд аваачжээ. Харамсалтай нь, тэрбээр 6500 км-ээс цаашилж чадалгүй уралдааныг өндөрлөжээ. Учир нь түүний хамтрагч замын голд өвдөж, гүйлтийг үргэлжлүүлэх боломжгүй болсон аж. Энэ явдлаас хойш удалгүй Клифф хорт хавдартай болсноо мэдсэн ч 2000 онд зургаан өдрийн марафонд гүйсэн гэдэг. Түүний гүйлтийн хэв маяг тун өвөрмөц байжээ. Тиймээс мэргэжилтнүүд түүнийг “Young Shuffle” хэмээн нэрлэдэг байж. Ийм нэгэн гүйгчийн амьдрал 2003 онд 81 настайд нь төгссөн байна.

Бэлтгэсэн: Э.Хана