Би бусдаас өөр гэж боддогоороо бусадтай адил

Фэйсбүүк гарцаагүй хүн төрөлхтний араншинг илтгэх хэмжээний тийм чухал зүйл болсныг орчин үеийн ажил олгогчид ажлын анкетандаа тусгадаг болж үзүүллээ.

Тэнд дэлхийгээс өөр бас нэг ертөнц бий болоод байна. Бас хүнийг өөрөөс нь өөрөөр таниулах боломж бүрдээд байна. Олон хэрэгт хошуугаа дүрээд байдаггүй нөхөр фэйсбүүкт л цор цор хийдэг. Бид өлсөхгүйн төлөө хоол идэхээ больчихсон. Даарахгүйн төлөө хувцаслахаа больчихсон бас хайртай нэгнээ баярлуулахын төлөө, бас баярлахын төлөө бэлэг авч бас өгч чадахаа больчихсон улс. Эдгээрийн зорилго бүгд фэйсбүүкдээ шинэ сэтгэгдэл бичиж, зураг нийтлэхийн төлөө.

“Өглөөний мэнд, та бүхэнд шинэ долоо хоногийн ажлын амжилт хүсье” гээд гоё кофе барьчихсан гялтганасан хумстай хүүхний гарны зураг ямар ч юм машины рүүлний урд. Зураглал бууж байна уу? Буух ёстой. Яагаад гэвэл танд нэг ч болов иймэрхүү зураг нэг дэх өдрийн өглөө нийтэлдэг найз фэйсбүүкт тань байгаа гэхэд барьсан ч алзахгүй. Энэ бол одоогийнхоор хамгийн гоё үлгэрлэл. Гэхдээ тэр зүгээр л нэг зураг нийтлэхийн төлөө кофе авсан. Үгүй ч байж болно л доо.

“Өдрийн хоолыг өөртөө гэдэг байх аа” гээд гоё статусаар байршлаа зааж өгөөд лазаня идэж байна гэдгээ тодотгох нь түүний өдрийн хоолоо идэхийн хамгийн чухал зорилго.

“Харьж хоол хийхээс залхуурав” мөн л тансаг рестораны байршлыг дурьдаад юу идэж байгаагаа бас заавал тэмдэглэнэ.

Ганц, хоёр жилийн өмнө энэ бол оддын, эсвэл баячуудын амьдрал, өөрсдийгөө бусдаас дээд зэрэглэлийн гэдгээ харуулах мэдрүүлж гайхуулах үйлдэл төдий байсан гэхэд сүртэй буруутахгүй байх. Тэгвэл олны танил ноёд хатагтай нар энгийн бидний мөнхийн үлгэрлэл болдог. Ингээд бүгд л хаана юу идснээ, нөхөр нь ямар гоё сүрчиг бэлэглэсэн тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтлэхийг урьтал болгодог болов. Бид өлсөхгүйн төлөө хоол идэхээ больчихсон. Бас даарахгүйн төлөө хувцас өмсөхөө болив.

Энэ тухай өөрийнхөө хэдэн найзтай ярилцлаа. Тэдний ихэвчлэн хэрэглэдэг хоёр интернэт акаунт бол фэйсбүүк, инстаграм гэнэ. Фэйсбүүкийг ашиглахгүй бол болохгүй мэт санагддаг. Гэхдээ одоо бол тэнд нэг их зураг нийтлэхээ больж сэтгэгдэл бичихэд түлхүү анхаардаг болсон. Харин инстаграмыг жинхэнэ гоё зургуудаар дүүргэж идсэн ууснаа, орсон газраа гайхуулах гэж ашигладаг гэнэ. Зарим нь зүгээр бусдын хэрэгт дурлах гэж цаг тутамд хаягаа шалгаж байдаг зуршилтайгаа ч надаас нуусангүй. Магадгүй би ч тэдний нэг байх. Нэрийг нь дурьдаад яах вэ нэг найз маань “Инстаграм ухахаар бүр дотор арзаганаад, хамаг шунал хөдлөөд, дургүй хүрээд байдаг” гэв. Гүнжийн амьдралаар амьдарч өглөөнөөс орой хүртэл хийсэн зүйл идсэн юмныхаа зургийг ямагт нийтлэхээс өөр бодох зүйлгүй мэт өөрсдийгөө илэрхийлдэг хэдэн нөхдөөс үүдэлтэй мэдрэмж л дээ.

Гэхдээ энэ бүхэн харагддаг шигээ байдаггүйн нотолгоотой таарлаа. Өдөр бүр тансаг рестораны хоолны зураг хийдэг алдартай инстаграмчин охин бий. Тэр их гоё охин. Бараг хүнээс төрөөгүй тэр цэцэгнээс төрсөн байх. Гэж бодож явтал манай гэрийн гадаах супермаркетаас мянган төгрөгт нэг напелон, хоёр ууттай кофе аваад гарлаа. Би дотроо паах энэ бас ийм юм иддэг л юм байж хэмээн итгэж ядав.

Үгүй ээ, яагаад болохгүй гэж? Юундаа ингэж гайхаад байгаа юм? Болно шд. Гэж өөртэйгөө хэсэг маргав. Шалтгаан нь тэр өөрийгөө надад тэнгэрийн амьтан мэтээр ойлгуулсанд байгаа юм. Олон хүн түүнийг над шиг хэмжээнд мэддэг. Тэгээд үнэлдэг. Гоё юм аа түүн шиг болох юмсан гэсэн өчүүхэн хүсэл охидын дотор нуугдаж яваа. Тэгээд түүн шиг байж чадахгүй байгаадаа тэд дотроо шаналаж, өөрийгөө голж байгаа. Ямар хэрэгтэй юм бэ? Бусдын нүдийг хуурч хиймэл нэгнийг бүтээж, худлаа дүрд хувираад л. Амжилт, аз жаргал зүгээр л хэн хүссэнд нь ямар ч үнэгүй олдох юм шиг. Хийхийн төлөө биш, бүх зүйлийг бэлэнчлэх гэж хичээгсэд. Иймэрхүү үйлдэл хийдэг залуусын дийлэнх нь ердөө 20-иос 25 насныхан байдаг. Ихэнх нь мөнгөтэй айлын хүүхдүүд. Эцэг эхийнхээ мөнгийн яаж гоё үрэх вэ гэдгийг гаргууд сайн үзүүлэгчид. Тэднийг инстаграм дээр доод тал нь 2000-аас 80 мянга хүртэлх хүмүүс дагадаг.Дагадаг гэдэг нь хийсэн зураг болгоныг нь үздэг гэсэн үг. Тэгэхээр идэж уухаас өөр гавъяагүй нөхдүүд нэгэн зэрэг ийм олон хүнд нөлөөлж, үлгэрлэж байна гэсэн үг. Маш хүчтэйгээр. Учир нь цаг хугацааны хувьд давтамж нь их. Агуулга нь хүн төрөлхтний сонирхлыг ямагт татах зүйлс. Хоол, эд бараа. Тэрнээс биш өдий насныханд баймааргүй өндөр хэрэглээ, хэдэн саяын Ээл Ви, Гүүчи. Брэнд л биш бол хувцас биш тансаг л биш бол хоол биш гэдэг ойлголт бидний ухмсарт суучихаад байна.

Өдөрт хэд хэдэн удаа хэдэн зуун хүний иймэрхүү хийрхэлийг харж суугаа залуу үеийнхэн одоо юу хийж бүтээх вэ гэдэг хамгийн харамсалтай. Энэ бидний араншин. Өөрөө хүсээгүй ч, санаандгүйгээр автсаар байгаа аюул. Өдөрт дунджаар 2-оос дээш цагийг интернэт аккаунтаа шалгахад зарцуулдаг хүмүүстэй хамгийн их тааралддаг зүйл бол дээрх жишээ. Зүгээр тэдэн шиг амьдрахыг утсаа маажингаа мөрөөдөж байгаагаас бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа зүйл нь дэндүү ядмагхан болсоор л байна.   

Өөрийгөө өрөвдөж байна. Иймхэн юманд автаж байгаадаа. Бусдаас онцгой байх бичилхэн хүсэлтэй. Та нартай л адилхан болчихгүй юмсан. Би бусдаас өөр гэж боддогоороо бусадтай адил.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)