Би азтай хүн

УБХ-ын Тамгын газрын хуульч Ж.Элбэгсайхан, УБХ-ын Тамгын газрын дэд дарга Л.Хангай, УБХ-ын Тамгын газрын зөвлөх Х.Хулан нарын хамт, 1991 он

Б.ЧИМИДИЙН МЭНДЭЛСНИЙ 85 ЖИЛИЙН 

1979 оны хавар юм даг. Хууль цаазын дунд сургуулиа төгсөхөд багахан хугацаа үлдээд байлаа. Улсын шалгалт хаяанд ирсэн үе. Шүүх яамны сайд Бяраагийн Чимид намайг дуудуулжээ. Манай сургууль тус яамны харьяаных болохоор сайд дуудсанд гайхахаар зүйл биш ч тэр бүр оюутныг тийм өндөр албаны хүн тоохгүй нь тодорхой. Тухайн үед МАХН нийгмийг удирдан чиглүүлэгч, манлайлагчийн үүргийг 1960 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн дагуу гүйцэтгэж байв. Тиймээс Төв хорооны бүгд хурлын шийдвэрүүдийг хууль адил ёсчлон биелүүлдэг, бүгд хурал бүрийн дараа намын шинэ зорилт, шийдвэрүүдийг судалж, сурталчлах нөр их ажил өрнөнө. Б.Чимид сайд намайг дуудуулах тэр үед МАХН-ын Төв хорооны ээлжит бүгд хурлаас дэвшүүлсэн хоёр лоозонг ид хэлэлцэж, толгойтой бүхэн монгол, оросоор цээжилдэг байсан билээ. Эхнийх нь “Хүн бүр бага балчраасаа туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой”. Хоёр дахь нь “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт, нийгмийн өмч, хоёрдугаарт, социалист өмчийг цогцлоон бүтээгч ариун цагаан хөдөлмөр мөн” гэж.

Сайд дуудсаныг манай сургуулийн захирал Ц.Бүдханд мэдэгдэх зуураа “Хүү минь нөгөө хоёр лоозонгоо орос, монголоор цээжилсэн биз, сайд шалгана шүү” хэмээн санууллаа.

Дуудсан цагт нь очоод сайдын өрөөний хаалгыг зориг муутайхан татлаа. “Орж болох уу?” гэж зөвшөөрөл хүсээд ортол сайд мэнд ус мэдээд “Чи чинь их өндөр цалинтай оюутан юм байна, хэдийг авдаг вэ” гэж лавлав. 350 төгрөг гэж хариулахад “Их сургуулийн оюутнаас ч илүү цалинтай юм. Их сургуульд онц сурвал 250-280-ын хооронд авдаг байх, тийм үү” гэж байна. Тийм байх аа л гэлээ. Тэгснээ “Танай аав, ээж Гачууртад амьдардаг юм байна. Чи тэднээс мөнгө авдаг уу, өгдөг үү” гэж асуулаа. Би аав, ээждээ мөнгө өгдөг ч үгүй, тэднээс авдаг ч үгүй. Хааяа харихдаа талх, ёотон, цай, чихэр авч очдог гэвэл “Их сайн хүү байна даа” гээд мушийв. Бидний анхны уулзалт ердөө үүгээр өндөрлөлөө. Нөгөөх лоозонгуудыг дурссан ч үгүй.

Хожим мэдэхэд сайд намайг дэвшүүлэн суралцуулах зорилго агуулж, ерөнхий төрх, хэл яриа, үзэл бодлыг минь тандсан юм билээ. Хавар нь би сургуулиа онц дүнтэй төгссөн ч тэр жил Хууль цаазын дунд сургуулиас гадаадын их, дээд сургуульд оюутан элсүүлээгүй тул МУИС-д шалгалтгүй, урилгаар оров.

Анхны энэ уулзалтаас 12 жилийн дараа 1990 оны намар Б.Чимид дарга намайг хоёр дахиа дуудууллаа. Энэ удаа сайдын хувиар бус, шинэ тулгар байгуулсан байнгын ажиллагаатай анхны парламент, Улсын бага хурал (УБХ)-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ажил санал болгож, туслахаараа ажиллахыг урив. Алсын хараатай, тэр зангарагтай хуульчийн дэргэд ажиллана гэдэг залуухан хуульч надад ховор боломж, том завшаан тул зургаан жил үр бүтээлтэй ажилласан Үйлдвэрчний эвлэлээ орхиж, Монгол төрийн өндөр босгоор алхан орсон нь тэр.

Б.Чимид даргатай ажиллах гайхалтай байсан. 1990-1992 онд ажилласан УБХ бол хэлэлцсэн асуудлын цар хүрээ, гаргасан шийдвэрүүдийн шинэлэг, дэвшилт чанараараа өмнөх үеийн ямар ч хууль тогтоох байгууллагатай жиших аргагүй, цоо шинэ үзэгдэл байсан гэж би үздэг, үүнтэй олон судлаач санал нийлдэг билээ.

УБХ-ын боловсруулсан хамгийн буурьтай төсөл бол Монгол Улсын шинэ Үндсэн хууль байв. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат, орлогч даргаар УБХ-ын орлогч дарга К.Зардыхан, нарийн бичгийн даргаар УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид ажилласан юм. П.Очирбат даргыг хээгүй гүндэсхэн улстөрч хэмээн монгол түмэн хожим хүлээн зөвшөөрсөн, үнэхээр ч тийм. Хэдийгээр тэрбээр Үндсэн хууль боловсруулах комиссын даргаар томилогдон ажилласан ч “Миний хууль мэддэг, Үндсэн хууль боловсруулах гэж юу байх вэ” хэмээгээд Б.Чимид даргад ачааны хүндийг үүрүүлсэн юм.

К.Зардыхан дарга бол Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхаасаа нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн суурь асуудлуудаар онол, арга зүйн дорвитой өгүүллүүд нийтлүүлж, 1990 оны ардчилсан үйл явцыг үзэл санааны хувьд бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан сэтгэгч эрдэмтэн. Харин Үндсэн хуулийн төсөл боловсруулахад түүний оролцоо тийм ч их байгаагүй. Үндсэн хууль боловсруулах комиссын анхны хурлыг К.Зардыхан дарга удирдсан юм. Тэрбээр төслийн үзэл баримтлал дээр ажиллаж байсан Б.Чимид даргаас улс төрийн шинжтэй баахан зүйл асуув. Тэгэхэд дарга уурлаж, “Хуулийг ингэж боловсруулдаггүй. Хууль боловсруулах өөрийн технологи, аргачлал байдаг юм” гэхэд К.Зардыхан дарга минчийтлээ уурлаад “Би энэ ажилд цаашид оролцохгүй” гэдэг юм байна. Хэлсэндээ ч хүрч, комиссын дараа дараачийн хуралдаанд үзэгдээгүй.

Ингэж Б.Чимид даргын нуруун дээр бүх ачаа ирсэн түүхтэй. Түүгээр хичээл заалгаж байсан хуульчид “Чимид багш аа” гэцгээдэг. Харин би хичээл заалгаагүй болохоор “Б.Чимид дарга” гэж дууддаг байсан юм.

“Морьтны хишиг явганд” гэгчээр дарга маань Үндсэн хуулийн төслийг гардан бичих болсноор надад түүний гараас тухайн өдөртөө гарсан эх бичвэрүүдийг Бага хурлын Тамгын газрын арван хурууны бичээч нарт дуудан хэлж бичүүлдэг, шивүүлснээ өрөөндөө авчраад эхтэй нь тулган, алдаа мадагтай буулгасан бол засуулдаг, засвараа дахин дахин хянаж нягталдаг чимхлүүр ажил ногдлоо. Бас Үндсэн хуультай холбоотой даргын бүх уулзалтад орж, ярианы тэмдэглэл хөтөлнө, заримдаа орчуулагч ч хийнэ. Их төлөв Гадаад харилцааны яамны Л.Идэр, Ж.Од нар орчуулдаг байсан.

Нэг үдэш 21.00-22.00 цагийн орчимд байх, бичүүлсэн эхээ даргын бичсэнтэй тулгаж амжаагүй байтал “Нөгөөхөө аваад ир” гэж дуудлаа. Ормогц “Нийлсэн үү” гэж асуув. Тулгамдаад “Нийлсээн” гээд амыг нь дагуулчихлаа. Уг нь Тамгын газрын бичээч нар чадалтай л даа. Хэр баргийн алдаа гаргадаггүй. Тэгтэл тэр үдэш миний мэнгэ голлосон хэрэг үү, хэд хэдэн алдаа гаргачихаж. Дарга тэдгээрийн утгын биш, дүрмийн алдааг засаж байснаа гэнэт уурлаад миний урд талын ширээ рүү чулуудчихаад гараад явлаа. Энэ явдлаас хойш миний зүгээс тийм хайхрамжгүй хандлага огт гаргалгүй байсаар Үндсэн хууль батлагдах 1992 оны нэгдүгээр сарын 13-ныг хүргэж билээ.

Энэ утгаараа 1992 оны шинэ Үндсэн хуулийн эх бичвэрүүдийг хамгийн олон удаа уншиж, нийлж, хянан тохиолдуулсан хүн бол би болж таарах нь. Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн орчуулагчдын англи хэлний түвшин асуудалгүй ч хуулийн тодорхой нэр томьёог монголоос англи, англиас монгол руу хөрвүүлэхэд учир дутагдалтай байсан тул гадаадын шинжээчидтэй дарга уулзахад нь би орчуулга хийдэг байв. Надаас гадна даргын гараас гарсан эх бичвэрүүд дээр уйгагүй нягталж, хамгийн их ажилласан хүн бол Улсын бага хурлын ахлах зөвлөх байсан хуульч С.Төмөр, Бага хурлын Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан хуульч Л.Хангай нар юм. Тэр хоёр Б.Чимид даргын шавь, би туслах нь байсан хэрэг.

Үндсэн хуулийн эх бичвэрүүд дээр гардан ажилласны хувьд нийт ард түмнээр есөн сарын турш хэлэлцүүлэн, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн гадаадын нэртэй эрдэмтдийн зөвлөгөөг авч боловсруулсан энэ том баримт бичгийн төслийн ямар зүйл, заалтыг хэрхэн маргалдаж мэтгэлцэн байж төсөлд суулгасан, яагаад өөрчилсөн, хэн өөрчлүүлсэн зэргийг би мэдэх билээ. Зарим жишээ дурдъя.

БНМАУ-ын Ардын их хурлын депутат, сэтгүүлч Сүхбаатарын Батмөнх, депутат Цогт-Очирын Лоохууз гуай нарын төрийн зүтгэлтэн НҮБ-ын Хүний эрхийн комиссын шинжээчидтэй Үндсэн хуулийн төслийн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бүлгийн тодорхой заалтуудаар санал солилцов. Гадаадын шинжээчид “Танайх Үндсэн хуулийн төслөө боловсруулахдаа Монгол Улсын иргэний эрх, хүний эрхийг салгасан байна. Үүнийгээ нэгтгэ” гэж шахав. Тэдний уулзалтыг би хэлмэрчилж байв. Тэгтэл Б.Чимид дарга “Та нарын заадаг олон улсын эрх зүйд бүх улс тэгш эрхтэй гэж тунхагладаг. Тэгэхдээ том гүрнүүд бага буурайгаа дээрэлхэх явдал байсаар ирснийг бид мэднэ. Эхлээд та нар Францын Үндсэн хуулийг өөрчлүүлчихээд бидэнд зааварчил” гэж шазруухан хэлэв. Бас “Та нар Монголын зовлонг, жижиг улсын том зовлонг ойлгохгүй. Манай түүхийг мэдэхгүй байна. Францын Үндсэн хууль дотор хүний эрх, иргэний эрхийн асуудал тусдаа байгаа. Дахиад хэлэхэд эхлээд тэдний Үндсэн хуулийг өөрчлүүлчихээд бидэнтэй ярь” гэж нэмж хэлсэн юм.

Даргын энэ хатуу үгийг сонсоод НҮБ-ын хүний эрхийн комиссын мэргэжилтнүүд дуугаа хурааж билээ.

Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалт орсон юм. Хэрэв дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөхөөр хуульчлагдсан. Тэгвэл энэ зүйлд Б.Чимид даргын томьёолсноор нэгэн гайхалтай заалт тусгагдсаныг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тэр юу вэ гэвэл аравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж тов тодорхой тусгуулж чадсан юм. Үндсэн хуулийн төслөөр төсөл боловсруулсан манай багт зөвлөж байсан гадаадын бүх эрдэмтний эсрэг Б.Чимид дарга тууштай зогсож, байр сууриа хатуу хамгаалсаар Монголын эрх ашигт мөнхөд үйлчлэх энэ амин заалтыг суулгуулсан. Багахан онгироход үүнд миний оруулсан даруухан хувь нэмэр ч бий. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа судалсан “Хөрөнгөтөн орнуудын Үндсэн хууль” сурах бичиг болон товхимолд Америк зэрэг Өрнөдийн олон орны Тулгуур хууль бүрэн эхээрээ байдаг. Тэнд байгаа АНУ-ын Үндсэн хуульд манай Үндсэн хуулийн 10-ын дөрөвдүгээрх шиг яг тийм агуулгатай заалт байдгийг би даргадаа шивнэсэн юм даг.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль бол үндэсний сор болсон сэхээтнүүдийн уураг тархинаас төрөн гарсан, нийгмийн бүх давхарга зөвшилцөн баталсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимид дарга төслийнх нь эхийг 100 хувь гараараа бичсэн Нийгмийн гэрээ гэж би баттай хэлнэ. Тиймээс Мэндсайханы Энхсайхан зэрэг цөөн улстөрчийн “1992 оны Үндсэн хуулийг гадаадынхан бичиж өгсөн” хэмээн ярьдагтай огтхон ч санал нийлдэггүй. Гэхдээ манай Үндсэн хуульд Өрнөдийн том гүрнүүдийн Үндсэн хуулийн үнэр нэг бус заалтад шингэсэн нь бас үнэн.

Ардын их хурлын дарга Ж.Уртнасан гуай дөнгөж батлагдсан шинэ Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад өргөн барьж, залгуулаад Б.Чимид даргад Гавьяат хуульч цол олгох санал дэвшүүлэхэд 70-аад хоног хуралдсан УИХ-ын 430-аад депутат алга нижигнүүлэн ташив. Энэ агшин мэдээж надад гоё сэтгэл догдлол төрүүлснээс гадна бас их сургамжтай бодол дагуулсан юм. Энэ өдрөөс 70 хоногийн өмнө манай даргын талаарх нийгмийн уур амьсгал, хандлага тийм ч таатай биш байв. Нийгмийн туйлшралын тусгал байсан гэх үү дээ. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Сүхбаатарын талбай, хөшөөний дэргэд, улс төрийн суулт, өлсгөлөн зарлаж, дуулиант хэргүүдээс гадна даргын нэр төрд халдсан, огцрохыг шаардсан үг бүхий бичиг лоозон ч байв.

Талбайн уур амьсгал хурлын танхимд ч мэдрэгдэнэ. Даргыг Үндсэн хуулийн төслийн зүйл, заалт бүрийн утга агуулгыг танилцуулж, төслөө хамгаалж үг хэлэх гэхээр үгийг нь тасалдуулах, “Индрээс буу” гэж орилох, яасан их ярьдаг юм гэх мэт таагүй уур амьсгалтай эхэлж байсан юм. АИХ-ын зарим депутат бүгдийг мэддэг юм шиг аашилж байлаа. Гэвч өдөр өнгөрөх тусам их мэдэгчдийн гуйл нь цухуйж эхлэв. Бүр буруу тийшээ хадуурах эрсдэлтэй үед л дарга тайлбар хийдэг болов. Нэг их удалгүй АИХ-ын депутатууд маань “Хөөе Чимид ээ, тайлбарлаад өгөөч”, “Учраа олохоо байлаа. Аль нь зөв юм бэ”, “Юунд үнэд ороод байгаа юм” гэх мэтээр манай даргыг индэрт гарч тайлбар хийхийг хүсдэг болж билээ. Сүүлдээ дарга индэр дээр удаан зогсоод хөл нь хөшихөөр өндөр сандал тавьж сууж байгаад ярьдаг, тайлбарладаг, зөрөөтэй саналыг нь хагалдаг болов.

П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлиг ч гэрлийн хурдаар гарав. Их ачааны ард гарсан дарга маань ядарсан ч гэлээ санаа нь амарсан, бас баярласан шинжтэй байсан бөгөөд өрөөнд нь цай оруулж өгөхөд “Цагаан аа, чамд их баярлалаа, чи их тусалсан шүү” гэж билээ. Таван жилийн дараа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд онцгой чухал хувь нэмэр оруулсны төлөө гээд миний энгэрт Хөдөлмөрийн хүндэт медаль зүүж өгсөн түүхтэй.

Үндсэн хууль батлагдсаны маргааш өглөө Б.Чимид дарга МУИС-ийн англи хэлний багш Дамдин, орос, англи хэлийг гаргуун эзэмшсэн Жама буюу Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа бид гурвыг дуудаад шинэ Үндсэн хуулийг англи хэлээр яаралтай орчуулах үүрэг өгөв. Тэр үед англи хэлтэй хүн ховор байсан учраас намайг оруулсан байх. Бид гурав өдөр, шөнөгүй сууж байж ард нь гарсан. Тэр үед залуу ч байж, романтик ч байж.

Шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дараа Б.Чимид дарга, мөн Азийн сангийн суурин төлөөлөгч Шелдон Северингхаус нартай хамт Хөвсгөл далай руу явахаар онгоцонд суух гэж байтал Буянт-Ухаагийн вип танхимын үйлчлэгч гүйж ирээд “Таныг Засгийн газрын хуралдаанд яаралтай ир гэж дуудаж байна” гэв. Энэ тухай даргадаа дуулгатал “Залуу хүнийг Засаг дуудаж байхад очихгүй бол том толгой гаргасан хэрэг болно биз” гээд шоолонгуй инээв.

Би нисэх буудлаас шууд Төрийн ордон руу зүглэв. Даргын зөвлөснөөр айхтар дулаалсан хувцас хунараа солиод таньдаг хүмүүсээс зангиа, цамц зээлж өмсөөд, одоо бодоход нэлээд хөсрийн хувцастай, хөлөрсөн нөхөр Засгийн газрын хуралдааны танхим руу орсон доо. Ц.Цолмон сайд миний намтрыг товч танилцуулав. Асуулт байна уу гэтэл Ц.Гомбосүрэн сайд “Энэ нөхрийг хаанаас олж авсан юм” гэж сөөнгөдүү хоолойгоор асуув. Би ч учрыг нь ойлголоо. Хэдэн сарын өмнө би шинэ хэвлүүлсэн албан паспортыг шүүмжилсэн өгүүлэл бичиж, тэр үеийн гол сонин “Ардын эрх”-д нийтлүүлж, багагүй дажин үүсгэснийхээ төлөө сайдын анхааралд өртсөн хэрэг. Ц.Цолмон сайд босоод, “Женевт Олон улсын хөдөлмөрийн чуулганд оролцож байхад нь Цагаантай анх танилцсан, олон улсын хөдөлмөрийн стандарт, хэм хэмжээг сайн мэддэг ийм хүн манай яаманд хэрэгтэй байна” гээд нэлээд холоос хариулж эхэлтэл, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа гуай “Хаанаас олсон нь нууц гээд хэлчихгүй юү” гэтэл Засгийн газрын гишүүд нирхийтэл инээлдэв.

Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн алх тогшин “Миний хүү ард түмнийхээ эрх ашгийг ямагт дээдэлж яваарай” гээд Монгол Улсын Хөдөлмөрийн дэд сайдаар томилов. Тэр өдрөөс хойш дарга, цэрэг хоёрын албаны зам салсан ч би даргынхаа сэтгэлийн тэвчээр, мэдлэг, боловсролыг дээдлэх үзэл, байр сууриа хатуу хамгаалдаг чадвар, хүн чанар зэргийг нь бага ч гэсэн өөртөө шингээж, тээж явахыг насан туршдаа хичээдэг болсон түүхтэй. Би азтай хүн.

Пунцагийн ЦАГААН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)