Бичлэг: Арслан, бар, айдас хүргэм үзүүлбэрүүдтэй "Демидов цирк"

Демидов циркийн тоглолт Улаанбаатар хотод ирээд сар орчим болжээ. Олон үзэгч тэдний эрсдэлтэй үзүүлбэрийг уухайлан үзэж, сургуультай арслан, барсын тоглолтыг сонирхож, магадгүй хамтдаа гэрэл зураг авахуулсан байх. Тэгвэл тус циркийн Монгол дахь сүүлчийн тоглолт ням гаригийн 15.00 цагт болно. 

ОХУ-ын Сибирт тоглолт хийгээд Монголыг зорьсон эдгээр уран бүтээлчийн үзүүлж байгаа болгон нь эрсдэлтэй, шинэ соргог байсныг дуулгая. Тоглолт эхлүүлсэн "Үхлийн цагариг" үзүүлбэрийг өмнө нь БНХАУ-ын жүжигчид хоёр ч удаа Монголд тоглож байсан ч Өмнөд Америк залуусын эрч хүч хувь илүү байсан. 
Харин дараа нь сургуультай арслан, барс үзэгчдийг манежны зүг татсан. Цагаан, шар барс, хоёр ч арслан нийтдээ наймуулаа манеж дүүргэн суусан нь сүрдэм санагдсан. 

Хоёр үзүүлбэр үзүүлээд завсарлага болчихсон нь жаахан чамламаар. Магадгүй эрсдэлтэй, сонирхолтой үзүүлбэр хүргэхийн тулд техникийн аюулгүй байдлыг ихэд чухалчилсан байж болох юм. Түүнчлэн завсарлагын үеэр үзэгчдэд нууц хүслээ гүйцээж, циркийн манежинд "дүүлэн нисэх" боломж олгосон нь сонин. Энд тэндгүй анивчсан гэрэл гялтганаж, түрүүхэн эрсдэлтэй үзүүлбэр үзүүлж шуугиулсан залуус "наймаачид" болчихсон гүйж яваа нь бас л шинэ дүр төрх байлаа.  Цөөн хүний бүрэлдэхүүнтэй яваа болохоор уран бүтээлчид "арын алба"-нд хамт зүтгэдэг бололтой. 

Үзүүлбэр бүрийн дунд бүжгийн тоглолт оруулж, чимсэн байлаа.

Канат буюу чанга утсан дээрх тэнцвэр, "Death Globe" буюу мотоциклтой залуусын тоглолт, үегүй мэт мушгирах тэнцвэрчин, нүдээ боосон ч байгаа алдахгүй онодог хутгачин залууг та бүхэн "Демидов цирк"-ийн тоглолтоос үзэх боломжтой. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)