БИЧИЛ зай хураагуураар наадагч

Германы Бавар муж дахь сонсголын аппаратын зай хураагуурын алдагдалтай үйлдвэрийг худалдаж авахыг 13 жилийн өмнө хэн ч хүсээгүй. Тус үйлдвэрийг сонирхох хүн Майкл Тойнероос өөр байсангүй. Австрийн Шёнбрунны ордонд жуулчдад мөхөөлдөс худалдахаас ажлын гараагаа эхэлсэн Австрийн бизнес эрхлэгч “Apple”, “Samsung” компанитай байгуулсан гэрээний ачаар үйлдвэрт оруулсан 40 сая ам.доллар нь 10 орноор тоологдох хөрөнгө болж, “Forbes”-ын жагсаалтад анх удаа бичигджээ. Бавар муж дахь дундад зууны үеийн Нердлинген хотын захын, саарал хана бүхий хурлын танхимд Австрийн тэрбумтан Майкл Тойнер өчүүхэн зай хураагуураар тоглож байв. Зоосон мөнгөний хэмжээтэй энэ зүйл нь технологийн гайхамшиг. Нэг сантиметрээс арай том энэ зүйл 10 дахин том хэмжээтэй ахуйн зай хураагуураас 100 дахин их энерги агуулдаг. Бас 15-хан минутад бүрэн цэнэглэгдэж, таван цаг ажиллах чадалтай. Үүний “эртний” хувилбар нь саран дээр “Аполлона-11” буух үед Нил Армстронгийн камерыг цэнэглэж байв. Орчин үеийн загварыг “Apple”-ийн утасгүй “AirPods pro” чихэвчинд ашиглаж байна. Эдгээр зай хураагуурыг бас санхүүгийн жинхэнэ гайхамшиг гэж болно. М.Тойнер 2007 онд зай хураагуурын “Var¬ta” компанийг 40 сая ам.доллароор худалдан авчээ. Үйлдвэрлэл эрхлэгч бөгөөд хөрөнгө оруулагч М.Тойнер хоёр жил хагасын өмнө компанийнхаа хувьцааг Франкфуртын хөрөнгийн биржид гаргасан байна. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 2.8 тэрбум ам.долларт хүрсний 56 хувь нь М.Тойнерынх аж. “Commerz¬bank”-ны үнэлгээнээс үзвэл “Varta”-д дээд зэрэглэлийн, утасгүй чихэвчний зай хураагуурын зах зээлийн 50 гаруй хувь нь ногдож байна.

“AirPods pro”-гийн худалдаа, “Samsung”, “Jabra”, “Sony”-той байгуулсан гэрээ “Varta”-д ашгаа 34 хувиар өсгөж, 400 сая ам.доллароор үнэлэгдэхэд хүргэжээ. Компанийн амжилт, М.Тойнерын (Австрийн хэвлэлд түүнийг “Мистер 300 хувь” гэдэг) хөрөнгө оруулалтын ашигтай хэлэлцээрүүд нь зургаан хүүхэдтэй, 54 настай түүнийг “Forbes”-ын тэрбумтнуудын жагсаалтад анх удаа ороход тус болсон аж. Шинэ жагсаалтаас үзвэл түүний хөрөнгө 1.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. “Бичил зай хураагуурын ачаар бид жилд 50-60 хувиар тэлэх магадлалтай зах зээлийг тэргүүлэх болсон. 10 жилийн дараа ухаалаг утасгүй хүнгүй болох тул зах зээл тэлэх боломж асар их” гэж М.Тойнер ярив.

1887 онд байгуулагдсан, Германы аж үйлдвэрийн ижил нэртэй концерноос үлдсэн М.Тойнерын “Varta” компани өдгөө төрөлжиж, эм, химийн бодис, хуванцар, зай хураагуур үйлдвэрлэж байна. Дэлхийн I дайнаас хойш тус компанийн ихээхэн хэсгийг автомашины BMW концерны хамгийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдгээр алдартай тэрбумтан Квандтын гэр бүл авчээ. Бараг 100 жилийн дараа “Varta” эм, химийн бодисын бизнес эрхлэхээ больсон хойно “Deutsche bank” болон Квандтын гэр бүлийн өв залгамжлагч компанийг хэсэглэн худалдсан аж. Зай хураагуур үйлдвэрлэх бизнесийн томоохон хэсгийг “Rayovac”, “Johnson Controls” компани худалдан авчээ. Сонсголын аппаратад зориулсан бичил зай хураагуур үйлдвэрлэдэг өчүүхэн жижиг үйлдвэрийг хамгийн сүүлд худалдсан аж.

“Би л ганц өрсөлдөгч нь байлаа. “Varta”-г худалдан авч зүрхлэх өөр хүн байгаагүй. Тэд өртэй компани надад худалдсан. “Apple” компанитай гэрээ байгуулсан учраас байдлаа сайжруулах ёстой боллоо. Гэвч жилийн дараа нэг жижиг зай хураагуур дэлбэрснээр бид тус компанитай байгуулсан гэрээгээ алдсан. Манай компани бараг л дампуурлын ирмэгт туллаа. Банкныхан тэвчээр алдаж, хүүгээ төлж чадахгүй болсон учраас би зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээ хийж билээ” гэж Майкл ярив.

“Apple iPod nano”-д зориулсан зай хураагуур дэлбэрсэн учраас “Varta” лити-полимерийн зай хураагуурт 60 сая ам.долларын хөрөнгө оруулахаас татгалзахад хүрсэн. М.Тойнер болон “Varta”-гийн ерөнхий захирал Херберт Шайн зоосон мөнгөний чинээ хэмжээтэй лити-ионы зай хураагуурт хоёр дахин их хүч, хөрөнгө зориуллаа. Хямд ажиллах хүчинтэй Азийн өрсөлдөгчдөө сөрөхийн тулд үйлдвэрлэлээ автоматжуулж, зай хураагуурынхаа хүчийг хоёр дахин ихэсгэх боломж олгосон судалгаанд анхаарлаа хандуулав.

“Varta”-гийн захирлуудын зөвлөлийн эртний гишүүн Свен Квандт “Гэр бүлээрээ компанийг худалдан авах боломжийг судалж байсан. Гэхдээ зөвхөн Майкл л дэлхийд тэргүүлэгч жижиг үйлдвэрийг өөрчилж чадсан. Эл компани том бизнестэй холбоотой. Хүмүүс ашиг, найдвартай байдал, бизнесээ хэрхэн хөгжүүлэх тухай бараг бодоогүй. Майкл Тойнер хөгжлийн чиглүүлэгч болсон” хэмээн ярьжээ. Бичил зай хураагуур, Цахиурын хөндийтэй ашигтай гэрээ байгуулсан ертөнц нь жуулчдад мөхөөлдөс худалдахаас ажлаа эхэлсэн дэлхийн бизнес эрхлэгчийн хувьд ер бусын газар болж хувирсан.

1400 өрөөтэй Шёнбрунн ордон 300 жилийн турш Австрийн эрх баригч гүрэн болох Габсбургийнхны зуны өргөө байсан бол өдгөө Вена хотын жуулчдын очдог гол түүхэн дурсгалын нэг болжээ. Энэ газар М.Тойнер бизнесээ эхлүүлсэн юм. Вена хотын эдийн засгийн их сургуульд эрх зүй, бизнесийн удирдлага судалж байсан Майкл 1991 онд ордон дотор мухлагт мөхөөлдөс борлуулах эрхтэй болжээ. Залуу, тэвчээргүй Майкл мөхөөлдөсний орлогоо коммунизмаас дөнгөж ангижирсан Унгарт гал тогооны холигч зайнаас борлуулах бизнес босгох, Венад шөнийн клубүүд нээх, бүр тавилгын дэлгүүрийн сүлжээтэй болохоор ашиглаж үзсэн байна. “Мөхөөлдөсний орлого бичил зай хураагуурынхаас илүү байсан учраас үйлдвэрлэл эрхлэх үндэс суурь болсон. 23-24 настайдаа галзуу мэт байжээ. Зайрмагийн орлого, хэд хэдэн банкнаас авсан зээлээр бүх төслийг санхүүжүүлсэн. Би арай л дампуураагүй” гэж тэрбээр дурсав.

Эрх зүй, бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй болмогцоо Майкл хөрөнгөө худалдаж, Венад хөрөнгө оруулалтын өөрийн гэсэн сангаа байгуулжээ. Мөрийтэй тоглоомын “Bwin” цахим хуудас нээсэн нь 2000 онд биржид 242 сая ам.доллароор үнэлэгдсэн байна. “Майкл ба мөнгө. Энэ нь Моцарт ба хөгжим гэсэнтэй утга нэг. Тэрбээр мөнгөнд дуртай шигээ урамтай олж чаддаг” гэж түүнтэй хамтран “Bwin” болон өөр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн, бас хуримынх нь гэрч болсон Манфред Боднер өгүүлжээ.

Майкл “Bwin”-д эзэмшдэг хувиа худалдаж, тоглоомын “Starbet” компаниа байгуулснаас хойш их сургуулийн найзууд нь түүнтэй дөрвөн жил дуугараагүй гэнэ. “Майкл тоглоомд их шунадаг. Түүнтэй хамтран ажиллах амаргүй” гэж Манфред Боднер ярьсан байна. Майкл өөрөө ч амаргүй үеийг туулсан гэнэ. Түүнийг татвар төлөгчдөөс хямд сууцтай болгох гэрээгээр дамжуулан 43 сая ам.доллар завшсан ял тулгажээ. Гэм буруугүй гэдгээ хэчнээн мэдэгдсэн ч мөрдөн шалгалтын улмаас түүний нэр Австрийн хэвлэлийн нүүрэнд байнга гардаг байв.

Бичил зай хураагуурын үйлдвэрлэл нь ч асуудалгүй өнгөрсөнгүй. “Varta”-гийн “Samsung” болон бусад үйлчлүүлэгч Хятадын “Eve energy”, “MIC-power”-аас ижил төрлийн бүтээгдэхүүн авч эхэлсэн тухай мэдээлэл гарсан нь шинжээчид болон хөрөнгө оруулагчдыг түгшээжээ.

“Varta” өнгөрсөн хоёрдугаар сард шүүхэд хандаж, патентын зарга мэдүүлсэн байна. Гэвч технологи тойрсон маргаан шүүхээс зарга авах нь ховор. “Германы компаниуд Азийн өрсөлдөгчдийнхөө хүчин чадлыг дутуу үнэлэх нь бий. Ийм алдааг “Varta” гаргасан бололтой” гэж “Commer¬zbank”-ны шинжээч Стефан Клепп мэдэгджээ. “Warburg research” компанийн шинжээч Роберт-Ян ван дер Хорстын ярьснаар өрсөлдөгчөөс шалтгаалж “Varta”-гийн их орлого буурч, үйлдвэрлэлийг автоматжуулах роботуудад оруулсан томоохон хөрөнгө нь Бавар муж дахь үйлдвэртээ “Германд үйлдвэрлэв” гэсэн тэмдэгтэй зай хураагуураа үргэлжлүүлэн үйлдвэрлэхэд тус болж байна. Сонсголын аппаратын зай хураагуурын үйлдвэрлэлтэй холбоотой “Var¬ta”-гийн хуучин бизнест үнэн хэрэгтээ 10 хүн оролцож, жилд 1.4 сая зай хураагуур үйлдвэрлэдэг. Тус компанийн бичил зай хураагуурын үйлдвэрлэл ийм үр ашигтай. Ирээдүйд юу ч болсон бай Майкл “Varta”-гаа технологийн ачаар тэргүүлэх байр суурь эзэлсэн хэвээр байлгана гэдэгт итгэлтэй байна. “Манай бүтээгдэхүүний чанар хамгийн сайн учир бид илүү өндөр үнэ тогтоож чадна. “Apple”, “Sam¬sung”-ын чихэвч ч өндөр үнэлэгддэг. Хамгийн чухал хэсэг болсон зай хураагуур тав орчим еврогийн үнэтэй. Гэсэн ч найман сарын дараа зай нь суухаар та “ухаан алдана” шүү дээ” гэж тэрбээр өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)