Бичгийн хавчаар энгэртээ зүүж авлигаас ангид болохоо илэрхийлнэ

Авлигын nндексээрээ дэлхийд эхний 4-т тогтмол жагсдаг Шинэ Зеланд, Дани, Финлянд, Швед улсуудын хариуцлагын тогтолцоо харьцангуй сайн хөгжсөн ба төрийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоо өндөр байдаг. Тиймээс иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүн бүр өөрсдийн сэтгэлгээг өөрчлөх, оролцох хэрэгцээ бидний өмнө тулгарч байна. Иймд өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоодтой хамтран авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эхлэх, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд дээрх холбоод үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулан, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүд гардуулан өглөө. Энэхүү төлөвлөгөө нь авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллахад чиглэж байгаа ба үүнд:

  1. Авлигын эсрэг хүүхэд, залуучууд, ард иргэдийг “Өөр ирээдүй” аянд нэгдэх уриалга дэвшүүлэх, бичгийн хавчаар зүүж өөрийгөө бусдад авлигаас ангид болохоо цаашид илэрхийлж байх
  2. Хүүхэд залуус, олон нийтэд авлигын хор хөнөөлийг таниулах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийн үйл ажиллагааг боловсруулан хэрэгжүүлэх
  3. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад бэхжүүлэх, тэднийг уриалах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх
  4. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх
  5. Авлигын эсрэг олон нийтийн боловсролыг дээшлүүлэх
  6. Хөдөө орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран авлигын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна

Хэвлэлийн бага хурлын үеэр МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү: “Төрийн алба болон хувийн хэвшлийн байгууллагад үнэнч шударгаар ажиллаж байгаа залуучуудыг үнэлж, тэднийг урамшуулж сурталчилж нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэхэд дэмжин ажиллаж, авилгатай тэмцэх гол зарчимаа болгоно” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр “Энэхүү үйл ажиллагааны гол бэлэг тэмдэг нь бичгийн хавчаар бөгөөд үүнийг энгэртээ зүүснээрээ иргэн бүр авлигын аянд нэгдсэн гэдгээ ухамсарлах нь чухал” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)