Битүү амьсгааг өвлүүлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ

“Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа” төслийн нээлт өчигдөр боллоо. БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монгол лимбэчдийн холбоо” төрийн бус байгууллага хамтран ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн санхүүжилтээр уг төслийг 2019-2021 онд хэрэгжүүлэх ажээ.

Устаж үгүй болохын ирмэгт тулан, өвлөн уламжлагч тасарч буй гэж үзэн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга болох битүү амьсгааг ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2011 онд бүртгэжээ. Зөвхөн уртын дууны айзам, донж маяг, агуулгыг бүрэн илэрхийлж, битүү амьсгаагаар чадварлаг тоглоход эл өвийн онцлог оршдог. Битүү амьсгаа гэдэг нь лимбийг үлээх явцдаа амьсгал авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэх арга юм.

Ховд, Завхан, Өмнөговь аймаг нь битүү амьсгааг өвлөн уламжлагчдын өлгий нутаг. 99 мянган ам.долларын санхүүжилттэй уг төслийн хүрээнд дээрх аймгуудаас уг өвийг эзэмших авьяастан, өвлөн уламжлагчийг илрүүлж, баруун, зүүн, төвийн бүсэд шавь сургалтын танхим байгуулна. Мөн лимбэ урлах уламжлалт аргыг судлах, уралдаан, наадам зохиох, лимбэчдийн бүтээлийг таниулах ном, баримтат кино бүтээх, хуурцаг гаргах зэрэг ажил хийх юм. Одоогоор 10 багш бий бөгөөд 30 өвлөн уламжлагч сургахаар төлөвлөжээ. Эл өвийг хамгаалах, уламжлуулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)