Битцевын цэцэрлэгт хүрээлэнгийн аймшиг

Хойд хөршийн нийслэл Москва хотод цэцэрлэгт хүрээлэн олон байдаг. Тэдгээрийн дотроос Битцевын цэцэрлэгт хүрээлэн хамгийн том бөгөөд 2208,4 га талбай эзэлдэг. Тэнд дурлалт хосууд, хүүхэд хөгшид салхилах дуртай. Бас гашуун дарсанд дурлагчид цугларах нь элбэг. Хэрэв та үүгээр явж үзсэн бол эл газрыг цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ ой гэсэн нь илүү дөхөм санагдах болов уу. Хүрээлэнг тойроод гурван ч метроны буудал байх агаад захаараа үзэх харах юмтай, үйлчилгээний цэгүүдтэй, хөл хөдөлгөөнтэй. Харин гүн рүүгээ мод бут нь шигүү, гэрэл гэгээ бага, хаа нэгтээ ганц нэг модон сандал таарахаас өөр зүйл үгүй. Бас эл ой аймшигт нууц хадгалж байдаг...

2005 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Битцевын цэцэрлэгт хүрээлэнгээс сар болгон нэг цогцос олдох болов. Бүх хохирогчийн толгойг цөмлөн, архины шил шургуулсан байв. Цуврал алуурчны үйлдэл гэдэг нь эргэлзээгүй. Хэргийн газраас ямар нэгэн ул мөр олддоггүй байв. Энэ алуурчин ямар их муу санаатай, болгоомжтой гэдгийг нотлох аж.

1992 оны гуравдугаар сар. Барилгын техникумын хоёр оюутан хичээлээ тараад гэртээ харьж явлаа. Тэдний зам Битцевын цэцэрлэгт хүрээлэнгээр өнгөрнө. Төөлбөл нуруу ижил, тоолбол нас чацуу хоёр найзын дунд хачирхалтай яриа өрнөх аж. Цайвар үстэй залуу нөгөөхдөө “Хүн алах ямар байдаг бол. Чи энэ тухай бодож байсан уу. Хоёулаа үзэх үү” гэв. Нөгөө нь найзыгаа тоглож байна гээд “Тэгье” гэж мөн л тоглоомоор хэлж.

Хоёр хөвгүүний нэг нь үнэнээсээ нөгөө нь тоглоом шоглоомоор ярилцсаар хэнийг яаж алах, цогцсыг хаана нуухаа хүртэл төлөвлөсөн байна. Яваандаа цайвар үст тоглоогүй гэдэг нь ойлгогдоод ирсэн тул нөгөө хөвгүүн энэ тухай ярихыг хүсэхгүй байгаагаа хэлжээ. Ингэж татгалзсан нь өөрт нь ямар аймшигтайгаар эргэхийг тэрбээр төсөөлөө ч үгүй аж.

1992 оны зургадугаар сарын 27. Барилгын техникумын хоёр оюутан Александр Пичушкин, Михаил Одийчук нар аанай л Битцевын цэцэрлэгт хүрээлэнгээр алхална. Тэд явсаар хүрээлэнгийн гүн хүрэн, нэгэн сандал дээр сууцгаав. Цайвар үстэй Пичушкин нөгөө аллагын тухай яриаг дахин сөхөв. Тэрбээр төлөвлөгөөгөө өөрчилж, хүнийг мужааны алхаар биш олсоор боож алахаар шийдсэн тухайгаа хэлээд халааснаасаа мяндсан утас гаргаж үзүүлснээ гэнэт босон сандлын ард гараад Михаилын хүзүүг боожээ.

Хоёр гурав хүчтэй боотол найзынх нь бие гулдайгаад ирсэн аж. Хохирогч эсэргүүцэл бараг үзүүлээгүй байна. Бодвол юу болоод байгааг ойлгож амжаагүй биз. Амьгүй болсон Михаилын биеийг Пичушкин ойролцоох муу усны нүх рүү хийв. Цогцсыг ингэж нууна гэж байсан төлөвлөгөөгөө Пичушкин өөрчлөөгүй аж. Битцевын цэцэрлэгт хүрээлэнд муу усны нүх олон байдаг. Усны урсгал нь хүчтэй, секундэнд таван метр хүртэл хурдтай бөгөөд хагас цагийн дараа гэхэд цогцос хэргийн газраас хэдэн км урсан одно гэж Пичушкин найздаа ярьж байсан аж. Тэрбээр гэртээ хариад дэвтэр аван ийн бичжээ:

“1. Михаил Одийчук. Анхны аллага яг л анхны дурлал шиг юм. Ийм хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ гэж мэдсэнгүй. Энэ насандаа мэдэрсэн хамгийн сайхан зүйл байлаа.”

Михаил Одийчукийг ор сураггүй алга болсонд тооцсон аж. Харин Пичушкин эл аллагын дараа есөн жил гэмгүй царайлан амьдрахдаа ямар нэгэн хэрэг үйлдээгүй байна. Хожим тэрбээр ярихдаа энэ есөн жилийг айдас хүүдэс дунд өнгөрөөсөн гэдэг. Илрүүлчихвэл яана, ямар нэгэн ул мөр үлдээчихсэн юм биш байгаа, цагдаагийн дуут дохио, шатан дээрх хөлийн чимээ, ээжийн зовнисон харц бүгд шижигтэй санагдана. Гэвч тэр дэмий айжээ. Түүнийг хэн ч эрэн сурвалжилсангүй.

Александр Пичушкин 1974 онд Мытищид төржээ. Түүнийг есөн сартай байхад нь эцэг эх нь салж, ээж нь хүүтэйгээ Москвагийн Битцевын цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо Зюзино дүүрэг рүү шилжин ирж суурьшсан аж. Дунд сургуулиа арай гэж гуравын дүнтэй төгссөн түүнд ТМС-д элсэж, мэргэжил эзэмшихээс өөр сонголт байсангүй. Түүнд яагаад ч юм ангийхан нь бүгд дургүй байсан гэдэг. Ганц Михаил Одийчук л түүнийг өрөвдөн хаяа нийлдэг байжээ.

Гэхдээ жирийн амьдралдаа Пичушкины биеэ авч яваа байдал хамаатан саднуудынх нь ч, танилуудынх нь ч сэжгийг төрүүлдэггүй байсан гэдэг. Жирийн яриа хөөрөөтэй, ичимхий тал руугаа, загасчилах дуртай, архи уувал уучихдаг, зодолдвол зодолдчихдог. Байдаг л нэг залуу. Пичушкин ТМС-ийг мужааны мэргэжлээр төгссөн боловч эл мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаагүй аж. Худалдагч, ачигч, замын ажилчин гээд янз бүрийн газар ажиллаж байсан ч нэг газраа хоёроос дээш сар болдоггүй байжээ. Тиймээс түүний танилын хүрээ нь маш их байв. Тэдгээр танилуудаас нь хохирогч болсон нь цөөнгүй.

Пичушкин дараачийн хохирогчоо “Битцевын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалъя” гэж хэлэхээсээ өмнө хэдэн сар ажиглажээ. Ингээд мартын наймны өглөө тэрбээр Каховский метроны буудлаас хоёр баглаа цэцэг худалдаж аван, ээж эгч хоёртоо баяр хүргэсэн байна. Дараа нь тэдэнтэйгээ баярын ширээнд хамтдаа суун хундага оргилуун дарс уужээ. Пичушкин тэр өдөр юуны төлөө хундага өргөж, юу гэж ярьснаа огт санадаггүй гэдэг. Түүний бодол санаа зөвхөн аллагын тухай л байв. Оройхон тийшээ Пичушкин усанд орж, шинэ дотуур хувцсаа сольж аваад хүн алахаар гэрээсээ гарчээ.

Энэ үед А.Федоров мөн л ширээ засан ээжийгээ баярлуулсныхаа дараа гарах гэхэд ээж нь “Битгий яваач” гэж гуйсан байна. Хүү “Би удахгүй. Тамхи татангаа салхилаад ирье” гээд гарчээ. А.Федоров тэр оройдоо ч, маргааш нь ч эргэж ирсэнгүй. Эцэг эх, ах дүү нар нь цагдаад мэдэгдэж, фото зургийг нь барин өөрсдөө ч эрэн сурвалжилж эхэлжээ.

Харин хэд хоногийн дараа алуурчин дэвтэртээ ийн бичив:

“Би фото зургийг хараад зольтой л дуу алдчихсангүй. Учир нь миний өөдөөс Федор ширтэж байлаа. Би зургийг удаан ажиглан, санах гэж байгаа дүр эсгэв. Тэр үед Федор болон түүний зургийг бариад “Хүүгий минь харсан уу” гээд уйлан зогсох түүний ээжийг өрөвдөх сэтгэл надад огт төрөхгүй байгааг би ойлгосон. Харин ч баярлаж байсан. Учир нь түүнийг хэзээ ч эргэж ирэхгүй, тэр алуулсан гэдгийг энэ хорвоо дээр ганцхан би л мэдэж байгаа. Өөр хэн ч биш”. А.Федоровыг Пичушкины анхны хохирогч шиг сураггүй алга болсонд тооцжээ. Ийм маягаар олон хүн сураггүй алга болов.

Пичушкин өөрийг нь Чикотилотой зүйрлэхэд дургүй аж. Түүнийхээр бол “Чикотило өөрийнхөө бэлгийн дур хүслийг л хангах гэж бохир аллага үйлддэг байсан. Харин өөрөө бол зөвхөн аллагын төлөө л алдаг. Өөр юу ч биш. Үүнийг төгс аллага гэдэг” гэнэ. Пичушкины хувьд ямар хохирогч байх нь хамаагүй аж. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Алуурчин гагцхүү ганц биеэр яваа нэгэн, архинд донтогсод, бие бялдраар сул дорой хүмүүсийг сонгодог байв.

Тэрбээр хохирогчийг цэцэрлэгт хүрээлэнгийн гүн рүү аваачин архиар дайлан, өөрөө зөвхөн ууж байгаа дүр үзүүлж байгаад, цаадах хүнээ бараг ухаанаа алдах шахаад ирэхэд нь алхаар эсвэл төмрийн тайрдсаар толгой руу нь олон удаа хүчтэй цохиж алдаг байж. Хохирогчдыг дээрэмддэггүй, хүчирхийлдэггүй. Пичушкин аллагын дараах өдөрт дургүй байв. Эл өдөр алуурчин толгойдоо мянган удаа аллагын бүх нарийвчийг эргэн боддог аж. Хаана зогсож байсан, дараа нь яасан, санаандгүй гэрч байсан эсэх гээд бүтэн өдөр санаа нь зовдог байв. Тэр айсан хэвээр л...

Алуурчин цаашдаа гааран аймшигт үйлдлээ ойр ойрхон, бүр сар болгон хийдэг болов. Энэ түүний алдаа байлаа. Тэр яарч сандрахдаа цогцсыг хэргийн газарт ил орхидог болжээ. Ингээд 2005 оны аравдугаар сард анхны цогцос олдсон байна. Хоёр сарын дараа гэхэд мөрдөгчид Битцевын цэцэрлэгт хүрээлэнд цуврал алуурчин бий болж гэдэгт эргэлзэхгүй болов. Тэд гэмт этгээдэд “Битцевын гаж донтон” гэсэн нэр өгчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Битцевын гаж донтны” тухай ам уралдан мэдээлэх болов. Цагдаагийхан есөн сарын хугацаанд хоёр мянган хүнийг шалган байцаасан байна. Битцевын ой цагдаагийн эргүүлүүдээр ярзганаж байлаа.

Пичушкиныг ээлжит аллагаа үйлдэх гээд гарахад хүүгийнхээ тухай юу ч мэдэхгүй ээж нь гэнэт “Хүү минь гараад хэрэггүй юм биш үү. Зурагтаар манай цэцэрлэгт хүрээлэнгийн тухай л яриад байна. Аюултай шүү дээ” гэж. Энэ тухай алуурчин ийн бичиж:

“Ээж хүртэл надаас айж байна гээч. Бүгд надаас айж байна. Тэд намайг сэтгэцийн өвчтэй, солиотой гэж. Би өвчтэй биш. Тэд алуурчин хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Гэтэл би хамар дор нь яваад байдаг. Хоёрдугаар сард “Битцевын гаж донтон”-г барилаа л гээд байсан. Энэ нь миний дургүйг их хүргэсэн учир би хоёр долоо хоногийн дотор хоёр хүн алж орхисон. Нууц юм хэзээ нэгэн цагт ил болдог гэдэг огт худлаа аж.”

Үүнээс харахад алуурчин цагдаагийхантай тоглохоор шийдсэн бололтой. Учир нь тэр аллагын шинэ түвшинд гарчээ. Тэрбээр цогцсуудыг олоосой хэмээн хүсээд зогсохгүй тэмдэг тавьдаг болжээ. Хохирогчдын хагархай толгойнд архины шил зоох нь Пичушкины гарын үсэг болов. Эрт орой цуврал алуурчин энэ түвшинд заавал хүрдэг аж. Энэ бол цуврал алуурчны сэтгэлгээний онцлог. Анхны аллагаар цуврал алуурчин сэтгэл ханамжийг бүрэн авч тодорхой цаг хугацааны дараа тайвшран дараагийн хохирогчоо сонгодог. Ингээд цаашид алах хүсэл нь ердийн хүсэл болсоор анхны тэр сэтгэл хөдлөл, ханамжаа авч чадахаа байдаг. Энэ үед цуврал алуурчин хэн нэгэнтэй тоглож эхэлдэг.

Пичушкин сард нэг биш хэд хэдэн аллага үйлдэх болов. Тэр цагдаагийхантай тоглохоор шийдэж.

2005 оны арваннэгдүгээр сарын 16. Хохирогч Н.Захарченко, 63 настай, үйлдвэрт харуулаар ажилладаг.

2005 оны арваннэгдүгээр сарын 21. Хохирогч О.Лавриненко, 36 настай, ажилгүй.

2005 арваннэгдүгээр сарын 28. Хохирогч В.Дубыкин, 55 настай, тахир дутуугийн II групптэй.

2005 оны арванхоёрдугаар сарын 6. Хохирогч Н.Корягин, 72 настай, тэтгэврийн хөгшин.

2005 оны арванхоёрдугаар сарын 16. Хохирогч Ю.Соловьев 49 настай, орон гэргүй тэнэмэл архичин.

2005 оны арванхоёрдугаар сарын 19. Хохирогч Б.Гришин, 64 настай.

2005 оны арванхоёрдугаар сарын 26. Хохирогч А.Левочкин 51 настай, философийн ухааны дотор, багш...

Энэ “Битцевын гаж донтны” аймшигт шийдлийн оргил үе. Мөрдөгчид нэгнийгээ архичны дүрээр Битцевын цэцэрлэгт хүрээлэнд цуглардаг гашуун дарсанд дурлагсдын эгнээнд шургуулан алуурчинд занга бэлдсэн ч Пичушкин аюулыг ямар нэгэн араатны зөнгөөрөө мэдрэн хэдэн сар чимээгүй болжээ. Гэвч алуурчны аймшигт хүсэл айдсаа давсан тул 2006 оны гуравдугаар сараас эхлэн Битцевын ой шинэ цогцсуудаар дүүрч эхлэв. Пичушкин дараачийн хохирогчоор байрныхаа залууг сонгожээ. Залуу орой болгон салхинд гардаг нь Пичушкинд таалагдсан байна. Товлосон өдөр, Битцевын цэцэрлэгт хүрээлэн, шил архи. Алуурчин хохирогчийг алхаар толгой руу нь арав гаруй удаа цохисныхоо дараа муу усны нүх рүү хийжээ. Гэртээ хариад алуурчин заншил ёсоороо дэвтэртээ дугаар хохирогчийн нэрийг бичсэнийхээ дараа юу ч болоогүй юм шиг орондоо орон унтсан байна. Гэтэл сарын дараа тэр дэвтэрт ийм зурвас бий болов:

Би Поликарповыг сарын өмнө алсан. Тэгээд шинэ хохирогчийг сонгон, яаж алах тухай бодон, цонхоор харж байтал гэнэт би солиорчих шиг санагдав. Байрны гадаа сандал дээр Поликарпов сууж байдаг байгаа. Би түүнийг 26-ны өдөр алчихсан шүү дээ тэр үхсэн байх ёстой”.

Хохирогч А.Поликарпов азаар амьд үлдсэн гурван хохирогчдын нэг. Харамсалтай нь тэр ой санамжаа алдсан байлаа. Пичушкиныг дэргэд нь очоод биеийг нь асуухад тэрбээр алуурчинг таниагүй гэдэг.

2006 оны зургадугаар сар гэхэд “Битцевын гаж донтон” 3 хүний амийг бүрэлгээд байлаа. Пичушкин хүүхнүүдэд таалагддаг байв. Бүсгүйчүүд түүний булчинлаг бие бялдар, цэвэр цэмцгэр байдалд дурладаг байж. Тэдний ихэнхтэй Пичушкин ажил дээрээ танилцсан байдаг. Ингээд алуурчин сэтгэлт бүсгүйгээ Битцевын ойгоор зугаалахыг санал болгох мөч ирнэ. Энэ нь хосуудын сүүлчийн уулзалт болдог байлаа. “Битцевын ойгоос би ганцаараа л гарч ирнэ. Энэ бол миний зарчим” гэж хожим гэмт этгээд хэлсэн байдаг.

Пичушкин сүүлчийн хохирогч М.Москалеватай эртний танил аж. Хамт ажилладаг байсан урьдах хохирогчоо алсныхаа дараа алуурчин тэр дороо ажлаасаа гарчээ. Харин шинэ ажилд түүнийг Москалева оруулж өгсөн байна. Ингээд сарын дараа Пичушкин танил бүсгүйдээ баярласан талархсанаа илэрхийлэх нэрийдлээр Битцевын ойд зугаалахыг урьжээ. Тэд метроны буудлаас хамтдаа гараад цэцэрлэгт хүрээлэнг чиглэв. Пичушкин замдаа элдвийг ярьж явснаа гэнэт зог тусан дуугүй болов. Муу усны нүхийг бетоноор цутгаж битүүлсэн байлаа. Өнгөрсөн шөнө цагдаагийнхны даалгавраар Битцевын ойд байдаг бүх муу усны нүхийг ийнхүү битүүлсэнийг алуурчин мэдээгүй аж. Пичушкин сандарч эхлэв. Тэрбээр онгорхой нүх хайсаар ойг бараг бүхэлд нь тойрчээ. Марина сүүлрүүгээ өөрт нь аюул учирлаа гэдгийг гадарласан гэдэг. Хөөрхий бүсгүй гар дахь цүнхээ газар алдан, айсандаа хамаг бие нь салганан чичрэх аж. Тэрбээр хэнтэй хаашаа явах гэж байгаагаа гэрийхэндээ бичиж үлдээсэн гэж хэлсэн ч алуурчин итгэсэнгүй. Хэдэн хоромын дараа Пичушкин өөрийн зарчим дагуу Битцевын ойгоос ганцаар гарчээ.

Харин Марина худлаа хэлээгүй байв. “Пичушкинтай Битцевын ойгоор зугаалахаар явлаа” гээд алуурчны утастай хамт бичиж үлдээсэн цаасыг хохирогчийн хүү маргааш өглөө нь цагдаагийн газарт үзүүлсэн байна.

Пичушкиныг 2006 оны зургадугаар сарын 16-нд буюу М.Москалеваг алснаас хоёр хоногийн дараа гэрээс нь баривчилжээ. Түүний өрөөнөөс дөрвөлжин болгон дээр нь дугаар наасан шатрын хөлөг олдсон байна. Тэдгээр дугаар Пичушкины алсан хүмүүсийн тоо байжээ. Шатрын хөлгийн 64 дөрвөлжний гурав нь л хоосон үлдсэн байв.

Хожим шүүх хурлын үеэр Пичушкин “Хийсэн хэрэгтээ би гэмшихгүй байна. Харин шатрын хөлгөө дүүргэж амжаагүйдээ харамсаж байна” гэсэн гэдэг. Оросын хуулиар цаазаар авахыг хориглох тул Битцевын цэцэрлэгт хүрээлэнгийн цуврал алуурчин Александр Пичушкинд бүх насаар нь хорих ял оноосон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)