Битгий давар, эм ханган нийлүүлэгчид ээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг эм ханган нийлүүлэгч байгууллагууд эсэргүүцэж, маргаан үүсгээд байна. Энэ нь даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өнгөрсөн долдугаар сард шинэчилж, журмыг нь өнөөдрөөс мөрдөх болсонтой холбоотой юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан дээрх тогтоолыг батлахдаа даатгалаас хөнгөлөлт үзүүлэх зарим эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан юм билээ. Тэд эл шалтгаанаа “Ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн хугацаанд эмийн үнийг дураар нэмж ирсэн нь иргэдэд дарамт учруулж байна. Даатгалаас өргөн хэрэглээний эмд хөнгөлөлт үзүүлдэг нь ханган нийлүүлэгч компаниудын бизнесийг дэмжих зорилготой бус, харин иргэдэд тогтвортой үнээр, чанартай эм олгох явдал. Эмийн үнийн дээд хязгаарыг тогтоохдоо гаалийн мэдүүлэгт үнэлгээ хийж, ашгийг тооцон, хэт өндөр үнэтэй байсныг нь л хямдруулсан” гэсэн юм.

Эм ханган нийлүүлэгчид сүүлийн 30 орчим жил хараа хяналтгүй, дураараа дургиж ирснийг бид мэднэ. Эмийн үнийг зоргоороо тогтоож, нэмдэг, хөөсрүүлдэг, зохиомлоор хомсдол үүсгэн, ашиг олдог эрүүл бус үзэгдэл эл салбарт бугшсан. 2019 оны нэгдүгээр сараас нийтлэг хэрэглээний эмийн үнэ тэнгэрт хадаж, дунджаар 2000-20 000 төгрөгөөр нэмэгдсэнийг бид мэдээлсэн. Түүнээс хойш ч үнэ “хөдөлсөөр” байгаа. Долларын ханш нэмэгдлээ гээд эмийн үнийг огцом, үндэслэл, судалгаагүй хөөрөгдөж байгаа хувийн хэвшлийнхэнд хэн ч хяналт тавьж, хариуцлага тооцдоггүй болохоор ийн даварсаар буй юм.

10 сая хүнтэй хотод эм ханган нийлүүлэх байгууллага 6-7 байхад шаардлага хангана гэж үздэг бол манайд ийм 300 гаруй компани, эмийн 46 үйлдвэр, эмийн сан 2000 орчим байгаа нь энэ төрлийн бизнес хэрхэн цэцэглэснийг илтгэнэ. Дур зоргоороо аашилж ирсэн хэдэн компанид хяналт тавьж, хэт өндөр үнэтэй эмүүдийнх нь үнийг жаахан бууруулж, хөнгөлөх хувь хэмжээг тооцсон нь яагаад буруудчихав. Эсэргүүцэж байгаа бол даатгалаас үзүүлэх эмийн хөнгөлөлтөд хамрагдахаа л больчихооч, албадаагүй. Улс иргэдэд хямд үнээр эм олгох гэж өнгөрсөн жил гэхэд 33.4 тэрбум төгрөг зарцуулж, ирэх онд 34.9 тэрбумыг төсөвлөсөн. Гэвч иргэд үүний үр ашгийг өдий болтол хангалттай хэмжээнд хүртэж чадахгүй л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (32)