Биокомбинатын ажиллагсад "захирлаа хүлээн зөвшөөрч чадахгүй" гэв

Биокомбинатын ТӨААТҮГ/Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоотой үйлдвэрийн газар/ -ын ажиллагсдын түр хорооноос тус газрын захирал Б.Баттогтохын зүй бус үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүйд хүрээд байгаа талаараа мэдэгдэл хийлээ.

Тус ТӨААТҮГ-ын цехийн эрхлэгч М.Хашбилэг "Бидэнд Б.Баттогтох даргын  албан тушаалаа урвуулан ашиглаж залилсан,  алдаа, дутагдлынх нь талаарх баримт бий. Ганц хоёрхон жишээ дурдахад Б.Баттогтох нь 2011-2013 оны хооронд 120 гаруй мэргэжилтэн, албан хаагч нарыг халж сольсны улмаас үйлдвэрт 170 сая орчим  төгрөгийн хохирол учирсан. Дансандаа 1 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай байсан манай компанид "байшингийн дээвэр засах нэрийдлээр огт хэрэгцээгүй худалдан авалт хийх" зэргээр улмаар 400 гаруй сая төгрөгийн алдагдалд оруулан явсан зэрэг болно. Бид нар энэ хүнээс болоод шинэ жилээ ч тэмдэглэж чаддаггүй.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Очир дарга энэ хэрэгт хариуцлага тооцохоос зайлсхийж байгаад гайхаж байна. Манай үйлдвэрийн хамт олон цаашид ажлаа үргэжлүүлэн хийх ямар ч боломжгүй болсон. Иймээс ажиллагсдын тэмцэл цуглаан жагсаал хийхээс өөр аргагүй байдалд түлхэн оруулж байгаагаас учрах хохирлыг Ц.Ням-Осор даргатай ТӨБЗГ-ынхан бүрэн хариуцах ёстойг үүгээр мэдэгдэж байна" гэв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)