Билл Гейтст үнэлэгдсэн эрхэм

Гудамжны танхай этгээд бөгөөд рок гитарчин асан Жонатан Судхартаг эцгийнхээ босгосон бизнесийг сүйтгэнэ гэдэг байж. Гэтэл тэрбээр Индонезэд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, амжилт олоод зогсохгүй Билл ба Мелинда Гейтс сангийн анхаарлыг татжээ.

Индонезийн эмч нар цахимаар зөвлөгөө өгч, эм хүргэх үйлчилгээ эхэлсэн “Halodoc” компанид “Билл ба Мелинда Гейтс” буяны сан хөрөнгө оруулж байна. Цахимаар үйлчилгээ үзүүлдэг компанид тус сангаас анх удаа хөрөнгө оруулсан нь энэ хэмээн “Bloomberg” тэмдэглэжээ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхойгүй. Эл сангаас гадна Германы даатгалын “Allianz”, Британийн санхүүгийн “Prudential” компани гарааны уг бизнест хөрөнгө оруулан, оролцжээ. Гарааны бизнест нь оруулсан хөрөнгийн хэмжээ 100 сая ам.долларт хүрснийг “Halodoc” мэдээлснийг “Nikkei” сонин уламжилсан байна. Үүнээс өмнө тус компани Сингапур, Өмнөд Солонгос, Хятадын хөрөнгө оруулагчдаас 65 сая ам.доллар татсан гэнэ. Индонезийн шинэ компани алдартай хөрөнгө оруулагчийг хэрхэн татсан юм бол?

НУУЦ ДАДЛАГАЖИГЧ

“Halodoc” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал нь 37 настай Жонатан Судхарта. Түүний эцэг Жимми Судхарта эм үйлдвэрлэж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Mensa group” компаниа 1975 онд байгуулжээ.

Жонатаныг найдваргүй өв залгамжлагчид тооцож байсан тул эцгийнх нь найз, нөхөд түүнийг гэр бүлийн бизнесээ өвлөж авбал удахгүй сүйрүүлнэ хэмээн болгоомжилдог байв. Өсвөр насандаа гудамжны танхай этгээд гэгдэж, зодоон цохион хийдэг нэгэн байсан аж. Эцэг, эх нь түүнийг Австралид сургахаар явуулсан бөгөөд тэндээ их сургууль төгсжээ. Хичээлгүй үед Жонатан рок хамтлагт аргил гитар тоглож, индонезчүүдэд зориулсан кино болон концертод продюсерээр ажилладаг байж.

Их сургуулиа төгсөж, Индонездээ буцаж ирсэн тэрбээр эцгийнхээ компанид дадлагажигчаар оржээ. Эхний өдөр түүнд их хэмжээний бэлэн мөнгө өгч, боомт руу илгээсэн байна. Ингэхдээ ачаа ачигч тус бүрт 1000 рупий (0.1 орчим ам.доллар) өгөх даалгавартай явсан аж.

Тэр өдөр ирээдүйн амьдралд нь нөлөөлсөн явдал болсон гэж Жонатан “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө дурджээ. Нэгэн настай ажилчин хүнд ачаа үүрч явахыг хараад өгөх ёстойгоос нь давуулж 5000 рупий өгөхийг хүссэн аж. Ингэх нь компанид алдагдалтай гээд удирдлага нь зөвшөөрөөгүй гэнэ. Өчүүхэн бага төлбөр өгсөн ч нөгөөх настан ихэд талархан авсан нь Жонатаны сэтгэлийг хөдөлгөжээ. Өөрийн онцгой байр суурийг тэрбээр анх удаа мэдэрсэн нь энэ.

Жонатан өөрийн хэн болохыг нууж, Буди Жонатан гэсэн хуурамч нэрээр эцгийнхээ компанид эмнэлгийн бага албан тушаалтнаар оржээ. Түүнээс хойш 13 жил тэрбээр албан тушаал ахиж, өөрийн гэсэн бизнестэй болох талаар бодоогүй гэнэ. Гэсэн ч Индонезийн эрүүл мэндийн тогтолцоонд тулгамдсан асуудлыг анзаарахгүй байх аргагүй байв. 260 сая хүн амтай улсад эмч хүрэлцдэггүй. Дэлхийн банкнаас мэдээлснээр, 10 мянган хүнд ердөө хоёрхон эмч ногддог. Харьцуулан үзвэл, Энэтхэгт найм, АНУ-д 26 байдаг аж. Жакарта зэрэг том хотод замын түгжрэлийн улмаас эмнэлэгт очоод, буцах хооронд өчнөөн цаг зарцуулдаг. Нас дээр гарсан, эсвэл бие тааруугийн улмаас моторт дугуйгаар явж чадахгүй хүмүүст энэ асуудал бүр ч хүнд тусна. Хөдөөгүүр эмнэлгийн тусламжийн хүртээмж бүр хүндрэлтэй.

“УТАСНЫ” ЭМЧ

Анзаарч харснаа Жонатан найз, нөхөдтэйгөө хуваалцахад тэдний нэг нь асуудлыг шийдэхийг оролдоод үзэхийг зөвлөжээ. Тэр найзыг нь Надим Макарим гэдэг бөгөөд мотоцикл, моторт дугуйгаар таксийн үйлчилгээ үзүүлдэг “Go-Jek” компани байгуулсан аж. Түүний туршлагаас Жонатан 34 настай байхдаа ашиглахаар шийджээ.

Эмчтэй хэдхэн минут ярилцахын тулд эмнэлэгт хүмүүс удаан суудаг, дараа нь бичсэн эмийг нь авах гэж дахиад хэдэн цаг хүлээдгийг тэрбээр нэг бус удаа харсан байна. Энэ нь асуудлыг түүний “Halodoc” компани шийдэж, олон сая хүнд эмнэлэг, эмч, эмийг түргэн бөгөөд хямд хүргэх зорилготой юм.

“Halodoc” нь хүмүүс эмнэлгийн хүлээн авах хэсэгт бүртгүүлж, видео холбоогоор дамжуулан эмчээс зөвлөгөө авч, шинжилгээ хийлгэхийн тулд гэртээ мэргэжилтэн дуудахад ашигладаг үйлчилгээ. Үүгээр дамжуулан эм захиалбал мотоциклоор цагийн дотор хүргэнэ. Эмчээс зөвлөгөө авахад 1.4 ам.долларын төлбөртэй. Тус компани эмийн сан, лаборатори, эмнэлгээс комисс гаргуулж, тэр нь хэрэглэгчдэд зөвлөдөг аж. Компанийн зардлаа татсан хөрөнгө оруулалтаараа барагдуулдаг гэнэ.

“Halodoc” нь өдгөө улсдаа томоохонд тооцогдох теле эмнэлгийн компани болжээ. Үйлчилгээг нь 40 сая орчим хүн ашигладгийн 80 хувь нь том хотуудын гадна амьдарч байна. Цахим зөвлөгөө өгөх үйлчилгээнд нь тусгай зөвшөөрөлтэй 22 мянга гаруй эмч холбогддог бол эмийн захиалгын үйлчилгээнд нь 50 хотын 1000 гаруй эмийн сан хамтран ажиллаж байна. Жонатаны хэлснээр, 2020 он гэхэд үйлчлүүлэгч нь 100 саяд буюу Индонезийн гурван иргэн тутмын нэгд хүрдэг болох гэнэ. “Bloomberg”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр “Halodoc” 350 сая орчим ам.доллароор үнэлэгддэг байна.

Компаниа анх байгуулахад Жонатанд эцэг нь тусалжээ. Гэхдээ “Mensa group” хөрөнгө мөнгөөр туслаагүй, харин эмч, эмнэлэг, эмийн сантай холбоо барих болон удирдах хүнээр дэмжсэн аж. “Halodoc” мөн эцгийнхээ байруудын нэгийг оффис болгон түрээсэлдэг. Хөрөнгө оруулагчдынх нь нэг нь “Go-Jek” гэнэ. 2017 онд тэрбээр эм хүргэх “Go-Med” үйлчилгээгээ “Halodoc”-т нэгтгэжээ.

Компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлснээс хойш жилийн дараа Жонатан ирээдүйтэй хэд хэдэн бизнес эрхлэгчдийн хамт АНУ-ын Сиэтл хотод Билл Гейтстэй зоог барихаар уригдсан байна. Уригдсан хүмүүст ямар хувцастай зоогт очихыг нарийн заажээ. Жонатан костюмтой очсон хэдий ч дараа нь цамцаа сольж, “Halodoc” гэсэн логотой улаан футболк өмссөн аж. “Энэ бол азтай боломж, нэр төрийн хэрэг бөгөөд онцгой эрх. Үнэтэй сургаал, зөвлөгөө өгч, зоог барьсан ноён Гейтст үнэхээр их баярлалаа” гэж тэрбээр фэйсбүүк хуудсандаа бичсэн байв.

Билл Гейтс янз бүрийн өвчинтэй тэмцэх санаачилгуудад идэвхтэй хөрөнгө оруулдаг. Өнгөрсөн онд түүний буяны сан хумхаа өвчинтэй тэмцэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Гэхдээ тэр үед тус сан хөгжиж буй улсуудын амьдралын чанарыг дээшлүүлэхэд туслах компаниудад шууд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байв. Тийнхүү “Halodoc”-т хөрөнгө оруулахаар шийджээ. Учир нь Индонез улс тус сангаас үйл ажиллагаа явуулдаг гол орнуудын нэг юм.

“XXI зуунд хэн нэгэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх тогтолцоог өвчтөнд зориулж бий болгох ёстой. “Halodoc”-т тийм боломж асар их бий гэж бид үзэж байна” гэж “Билл ба Мелинда Гейтс” сангаас байгуулсан стратегийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч бөгөөд түнш Дэвид Россоу хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)