Бизнес эрхлэгчидтэй нэгдсэн ойлголцолд хүрлээ

Энэ сарын 5-ны өдөр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс давуулахгүй, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг нэмэхгүй байхыг дурджээ. Хэрэв эдгээр шаардлагыг хүлээж авахгүй бол нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг компаниуд төлөхгүй байхыг уриалж, тайван жагсаал хийхээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй холбогдох албаныхан бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат зэрэг хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарч буй дотоод болон гадаад эерэг өөрчлөлтүүд, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсны учир шалтгаан, 2017 оны төсвийн тодотголд тусгасан татварын өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулав.

Тэрбээр “Төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх, бизнес дэх төрийн оролцоог багасгах зэрэг олон чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг та бүхэн ойлгож байгаа. Бизнесийнхний эрх ашгийг хөндсөн аливаа асуудалд хоёр тал хүлээцтэй хандаж, санал бодлоо солилцох, хамтран ажиллах, харилцан ойлголцохыг илүү чухал гэж миний бие үзэж байгаа учраас та бүхэнтэйгээ уулзаж байна” хэмээн тэмдэглэв.    

Үүний дараа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдэлд дурдсан найман зүйл шаардлага, хүсэлтийнхээ талаар товч танилцуулав.

“Энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 313.0 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхны хандлага ч өөр болж байна. Товчхон хэлбэл, урин салхи нааш эргэлээ. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг бизнес эрхлэгчид бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ үйлдвэрлэгчдийн бий болгосон татварын орлогыг юунд, хэрхэн зарцуулж байна вэ гэдэг асуудал хамгийн чухал. Төр, засгийн хариуцлагагүй байдлын уршгаар үүссэн хүндрэлийг татвар нэмэх аргаар бизнес эрхлэгчдийнхээ, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж давна гэвэл бид эсэргүүцэхээс өөр аргагүй. Мэдэгдэлд дурдсан шаардлагуудын гурав нь татвартай холбоотой, тав нь төрийн менежементийг сайжруулахад чиглэсэн байгаа. Төрийн үрэлгэн, хариуцлагагүй, бодлогогүй байдлыг эцэс болгох л нэн тулгамдсан асуудал болоод байна” гэж Б.Лхагважав хэллээ.

Уулзалтад оролцсон “Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар “Татвар нэмж болно, төлж ч болно, гагцхүү түүнийг зөв зарцуулах л чухал” гээд төсвийн зарцуулалтад татвар төлөгчдийн хяналтыг бий болгох нь чухал гэсэн бол “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан татварыг шатлалгүй болгож, үндэсний компаниуддаа томрох боломжийг нь олгох, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарах, боловсролтой, чадварлаг менежерүүдийг гайгүй цалин авч, орлого оллоо гээд торгохын оронд урамшуулан дэмжих нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат нар төрийн хүнд суртлыг багасгах, “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгох, Засгийн газрын хийх ажил хэнд ч тодорхой, хүрсэн үр дүнг нь хэмжиж болохуйц тогтолцоо бүрдүүлэх, тендер, концесс түшсэн “хулгайн” эдийн засгаас салах, улс орныг ийм байдалд хүргэхэд нөлөөлсөн, зээл тусламжийн болон татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг саналуудыг дэвшүүлэв.

Харин УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэхдээ бизнесийнхэнд үүрүүлж буй татварын ачааллыг төрийн зардлыг бууруулах замаар хамтдаа үүрье, аливаа зардал ил тод, “шилэн” байя, шинэ хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байх нь зөв гэсэн зарчим барьж байгаа гэдгийг дуулгаад, хөтөлбөрт хамрагдсаны дараа УИХ татварын хуулийн орчноо цэгцлэх, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг ил тод болгох ажлыг яаралтай хийнэ гэж төлөвлөж байгаа гэлээ.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Зөвшилцлийн эхний алхмыг бид хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна” гэсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Цаашид бизнесийнхний эрх ашгийг хөндөж буй аливаа асуудлаар та нартайгаа уулзаж, зөвлөлдөж, ойлголцож байж шийдвэрээ гаргадаг зарчимд шилжих нь зөв. Татвараар бүрдүүлсэн төсвийн орлогыг хэрхэн зарцуулж байгаад бид хяналт тавих ёстой гэсэн байр суурийг чинь ч бүрэн дэмжиж байна” гэв.

Ийнхүү хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч, цаашид тогтвортой хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын дараа бизнес эрхлэгчид хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Бизнес эрхлэгчид УИХ-д найман төрлийн шаардлагыг хүргүүлсэн. Үүний хүрээнд ярилцаж хэлэлцээд нэгдсэн тохиролцоонд хүрэв. Ажлын хэсгүүд гаргаж, хамтран ажиллахаар боллоо. Бидний тавьсан шаардлага аравдугаар сарын 1-н гэхэд үйл ажиллагаагаар баталгаажих ёстой. Учир нь ОУВС-тай гэрээ хийж чадвал Сангийн яам, Төв банк, Хөгжлийн банк, арилжааны банкуудад аудит оруулна. Үүний дараа нийтийн мөнгө, нийтийн санхүү, татварын бодлогыг шинээр хийх загвар дээр МҮХАҮТ, Засгийн газар, УИХ хамтран ажиллах шийдэлд хүрч байна.

Өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатарын талбайд хийгдэх ёстой байсан жагсаалыг цуцаллаа. Гэхдээ цаашид хамтын ажиллагаа хэрхэн шийдэгдэх вэ гэдгээс хамаарч дараагийн алхмыг хийх болно.

Мөн татварын аливаа хөнгөлөлт чөлөөлөлтийг зогсоож, даруй Төрийн өмчит улсын үйлдвэрлэлийн газруудыг хувьчилж, ажиллах боломжгүйг нь зогсоох арга хэмжээ авахыг шаардсан” гэж ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)