Бизнест тулгарсан сорилт

Хямрал эхэллээ. Үндэсний статистикийн хорооныхон эдийн засагт дифляц үүссэнийг зарласан нь хямрал эхэлснийг батлав. Өргөн хэрэглээний барааны үнэ хямдрахыг дифляц гэдэг. Мах, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дунджаар 0.2 хувиар хямдарчээ. Эрэлтгүй болбол бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг нь эдийн засгийн жам. Хүмүүс мөнгөгүйдсэн учраас л эрэлтгүй болсон хэрэг. Цаад агуулгаараа Монгол Улсын эдийн засгийн цус эргэлдэхээ больж, царцаж байна гэсэн үг. Эдийн засгийн хямралын хамгийн эхний хохирогч нь бизнесмэнүүд байдаг. Тэд хамгийн түрүүнд ашгаа алддаг. Харин хямрал даамжирвал эцсийн хохирогч нь иргэд байх болно.

Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө худалддаг бизнесмэнүүдийн борлуулалт бүр их багассан нь гарцаагүй. Орон сууцны борлуулалт саарч, үнэ нь 10 хувиар буураад буйг бид мэднэ. “Меркури” худалдааны төвд гахай, тахиа, цацагт хяруулын мах худалддаг байсан Н.Санги “Борлуулалт багасаад ашиггүй болж, лангууны түрээсээ төлж чадахаа больсон. Тэгээд түрээсийн гэрээгээ цуцалчихлаа” гэж ярив. Жижиглэн худалдаа эрхлэгчид лангууны түрээсээ төлж, амин зуулгын хэдэн төгрөгөө олохын төлөө, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхтголгүйгээр хямралыг даван туулахын төлөө тэмцэх цаг ирээд байна.

Ажлын байрыг хамгаалж үлдэх нь бизнесмэнүүдийн хамгийн том сорилт байх болно. Өдгөөгийн эдийн засгийн байдал, төрийн бодлого тэдэнд өөрийн халаасаа зузаалах биш, ажлын байрыг хадгалж үлдэхийг сануулж байгаа. Учир нь эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бид 18 сарын дараа эдийн засгаа хямралаас гаргаж, өсөлтийн замд нь оруулна” гэж мэдэгдсэн. Түүнд итгэж болох эсэх нь эргэлзээтэй. Үнэхээр хямралаас гаргаж чадвал сайн л биз. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ өсөж, манай улс руу гадаадын хөрөнгө оруулалт цутгахгүй л бол эдийн засгийн нөхцөл сайжрахгүй нь хэнд ч ойлгомжтой.

Дээр төрийн бодлого гэж онцолсон нь учиртай. Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж буй. Зүгээр ч үгүй нэлээд хатуу шүү. Тэд бодлогын хүүгээ 15 хувь болгож өсгөсөн. Үүгээр зогсохгүй 17 хувийн хүүтэй гурван сарын хугацаатай үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн. Угтаа энэ нь зах зээлээс мөнгө татах, цусыг нь сорох бодлого юм.

Одоо мөнгө Монголбанк руу чиглэх нь тодорхой. Банкууд эдийн засгийн хямралын үед бизнесмэнүүдэд зээл өгч эрсдэл үүрэхийн оронд Төвбанкны үнэт цаасыг худалдаад авчихсан нь илүү ашигтай бөгөөд ямар ч эрсдэлгүй. Тэгэхээр зах зээл дэх мөнгө Төвбанкинд төвлөрнө гэсэн үг. Монголбанкны шинэ удирдлагууд эдийн засгийг унагах бодлого баримталж буй шалтгаанаа “Төгрөгийн ханшийг хамгаалах зорилготой” гэж тайлбарлаж буй. Тэдэнд МУИС-ийн багш Б.Алтанцэцэг нарын эдийн засагч “Ам.долларын ханшийг тогтворжуулах нь чухал уу, эдийн засгаа өсгөх нь чухал уу” гэсэн асуулт хаяглаад байгаа билээ. Юутай ч шинэ эрх баригчид эдийн засгаа унагаад, эргүүлж сэргээнэ гэсэн бодлого баримталж буй бололтой.

Хямд санхүүжилт олох нь Монголын бизнесмэнүүдийн мөнхийн сорилт байсан. Тэгээд үргэлж “Зээлийн хүү өндөр байна” гэж гомдоллодог байлаа. Одоо тэдэнд үнэтэй санхүүжилт ч олдохгүй нь. Зарим бизнесмэнд тулгарч буй сорилт бол зээлээ цаг хугацаанд нь саадгүй төлөх явдал. Эдийн засаг хумигдаж, орлого буурсан нь бизнесмэнүүдийг муу, чанаргүй зээлдэгч болоход тулж ирээд байна. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МҮХАҮТ-ынхантай уулзахад Эмэгтэйчүүдийн зөвлөлийг нь төлөөлж, “Хатан сүлжээ” компанийн ерөнхий захирал Б.Бадамханд үг хэлсэн.

Тэрбээр “Банкууд зээл олгохдоо хямралын бус үеийн гэрээ хийсэн. Гэтэл хямралын үед тэр гэрээний хатуу заалтууд биднийг цаазын тавцанд авааччихлаа. Аж ахуйн нэгжүүд байр саваа, тоног төхөөрөмжөө хураалгахад бэлэн болоод байна. Зээлийн хүүг бууруулж болохгүй юм бол эдийн засаг сэргэтэл хугацааг нь уртасгаж өгөөч гэж хүсье. Зах зээлд шилжсэнээс хойш хөдөлмөрлөсөн олон бизнесмэн хямралаас шалтгаалаад “Найдваргүй зээлдэгч” гэсэн нэр томъёо зүүлээ. Олон жил хөдөлмөрлөчихөөд ийм муу нэр зүүмээргүй байна. Өөрсдийн муугаас шалтгаалаагүй учир өршөөл үзүүлж, Монголбанкны Найдваргүй зээлдэгчийн бүртгэлээс хасаж өгөөч гэж гуйж байна” гэсэн юм.

Зарим эдийн засагч 2019 он хүртэл хямрал үргэлжилнэ гэж таамаглаж байгаа. Хямрал гурван жил үргэлжилбэл бизнесмэнүүд удаан тарчлах нь гарцаагүй. Тэд аль хэдийнэ хэцүүдэж эхэлсэн нь Б.Бадамхандын ярианаас илэрхий байна. Эцсийн бүлэгт бизнесмэнүүдийн хамгийн том сорилт нь оршин үлдэх, бизнесээ татан буулгахгүй байх явдал. Ялангуяа, худалдаа, үйлчилгээний салбарынхан хямралын шуурганд их өртөнө. Хямралын ангал руу Н.Санги шиг зарим “жижиг загас”-нууд унах л байх. Эрх баригчид хямралыг даамжруулахгүйгээр хазаарлах бодлого баримтлаасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)