Бизнесменүүдийг сойсон Баянхонгорын тойрог

УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог болох Баянхонгор аймагт 20 хүн нэр дэвшжээ. 

Тодруулбал, МАН, АН, “Та, бидний эвсэл”, “Шинэ” эвслээс тус бүр гурав, “Зөв хүн электорат” эвслээс хоёр, Зон олны нам, Ард түмний олонхын засаглал намаас нэг, бие даан дөрвөн хүн өрсөлдөж буй.

1992 оноос хойш Баянхонгор аймгийн мандатын тоо өөрчлөгдөөгүй, УИХ-д гурван гишүүн сонгогдож ирсэн. Долоон удаагийн сонгуулиар тус аймагт АН дөрөв, МАН гурван удаа давамгай санал авч байжээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар анх 2004 онд тэндээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байлаа. Өмнөх буюу 2016 оны УИХ-д Баянхонгор аймгаас Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар сонгогджээ.

Энэ удаад тус аймагт МАН-аас дээрх гурван хүнийг дахин сойх тухай таамаг байсан ч М.Билэгтийн оронд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг “уралдуулах”-аар болсон юм. Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Аз хур” зэрэг 11 компанийн 45- 100 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр олон улсын харилцааны мэргэжилтэн бөгөөд 2015 онд Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан гэж намтартаа бичсэн байв.

Г.Занданшатар тус аймгаас дөрвөн удаа сонгогдсон бөгөөд “Монголиан силикон валлей”, “Монитор консалтинг групп”-ийн 30, 100 хувийн хувьцаа эзэмшигч, жилд 124 сая төгрөгийн орлоготой, 762 сая төгрөгөөр үнэлэгдэх барилга, байгууламжтай аж. Тэрбээр ХААН банкны дэд захирал, Хүнс, хөдөө аж ахуйн болон Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байжээ. Өнгөрсөн сонгуулиар тэрбээр 50.7 хувийн санал авсан нь тус аймагт МАН 2004 оноос хойш үнэмлэхүй ялалт байгуулсан тохиолдол байв. Харин MCS группийг үүсгэн бай гуулагчдын нэг Л.Элдэв-Очир “MCS Mongolia”, “Экомогул” компанид хувьцаа эзэмшдэг, амины гурван орон сууц, мөн тооны авто зогсоолтой, нэг тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй юм байна. МАН-аас тус тойрогт нэр дэвшигч гурвуулаа Баянхонгор аймгийн уугуул аж.

Харин тус тойрогт АН-аас Д.Ганбат, П.Нүрзэд, А.Адъяасүрэн нар нэр дэвшсэн. Д.Ганбатыг Ерөнхийлөгчийн “хүн” гэх яриа бий. Түүний хувьд 2008 оны сонгуульд өвдөг шороодсон бол 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Тэрбээр таван компанийн хувьцаа эзэмшдэг гэнэ. Түүнийг бидон тараасан гэж өмнөх сонгуулийн үед нийгмийн сүлжээгээр нэлээд шүүмжилж байв.

100 сая төгрөгийн өртэй, туулах чадвар өндөр таван автомашинтай хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан П.Нүрзэд хурдан удмын 43 адуутай аж. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх байсан бөгөөд Монголын ардчилсан холбооны дэд дарга билээ. Харин А.Адъяасүрэн бол “Номгон санчир” зэрэг арваад компанийн хувь эзэмшигч, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх байсан гэх товч намтартай. Засгийн эрх барьж байсан “толгой” гэгдэх хоёр намаас нэр дэвшүүлсэн хүмүүс хоёроос арав гаруй компанид хувь эзэмшдэг бизнесийн салбарын төлөөллүүд аж.

“Та, бидний эвсэл”-ээс Баянхонгор аймагт Ж.Ганзул, Г.Цэвээнжав, Э.Содномжамц нар нэр дэвшжээ. Ж.Ганзул нь уламжлалт анагаах ухааны их эмч, МАХН-ын Баянхонгор аймаг дахь түмтийн дарга бөгөөд хонгор нутгийн амжилттай яваа залуусын нэг гэнэ. Харин Г.Цэвээнжав 14 саяын орлоготой, хурдан удмын 25 адуутай аж. Э.Содномжамцын тухайд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэхээс өөр мэдээлэл олдсонгүй.

“Шинэ” эвслээс тус тойрогт М.Цэнджав, О.Батсүх, М.Ганзориг нарыг сойжээ. М.Цэнджав нь Баянхонгор аймаг дахь ШИНЭН-ын ерөнхий зохицуулагч бөгөөд 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, хоёр машинтай гэж хөрөнгө, орлогодоо мэдүүлжээ. Харин О.Батсүх нь сайн үүлдрийн 180 үхэр, 250 ямаа, 25 адуутай малчин, доктор бөгөөд мэргэжил нэгтнээ дэмжин ажиллахаа илэрхийлж сурталчилгаагаа явуулж буй аж. М.Ганзориг нь жилийн зургаан сая төгрөгийн орлоготой, 2016 оны сонгуульд тус аймагт нэр дэвшин, ялагдаж байжээ.

“Зөв хүн электорат” эвслээс Ж.Төмөрхуяг, М.Ариунтуяа нар УИХ-ын энэ тойрогт нэр дэвшжээ. Ж.Төмөрхуяг нь МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн, 75 сая төгрөгийн орлоготой, 35 саяар үнэлэгдэх хоёр машинтай, “Т энд Э транс” компанийн 50 хувийг эзэмшдэг юм байна. М.Ариунтуяа нь найман сая төгрөгийн орлоготой, нэг орон сууцтай, Японы Хитоцүбаши их сургуулийг нийгмийн боловсролын судлаач мэргэжлээр төгссөн гэхээс өөр мэдээлэл алга.

Зон олны намаас тус тойрогт нэр дэвшигч П.Очирпүрэв нь “Смарт солюшн” компанийн захирал, 315 сая төгрөгийн орлоготой гэнэ. Харин Ард түмний олонхын засаглал намаас нэр дэвшсэн Ч.Гантулга хурдан удмын дөрвөн адуутай, 320 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө, орлогодоо мэдүүлжээ.

Тус тойрогт бие даан Б.Анхбаяр, Б.Отгонбаяр, Б.Ууганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар нэр дэвшиж буй. Б.Ууганбаяр нь өмнөх УИХ-ын сонгуульд нэр дэвшин, ялагдаж байжээ. Б.Анхбаяр хоёр, Б.Отгонбаяр мөн тооны компанийн 25 хүртэлх хувийг эзэмшдэг аж. Харин Д.Мөнх-Эрдэнэ хурдан удмын 95 адуу, 35 үхэртэй, 39 сая төгрөгийн орлоготой юм байна.