Бизнесийнхэн чуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай  хамтран  “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил 800 оролцогчтой байсан тус уулзалтад энэ жил 1000 гаруй оролцогч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн оролцож байна.

Нийслэлийн худалдан авалт, ногоон хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Н.Батаа илтгэл тавилаа. 

Чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Нийслэл хот түншлэгчдийнхээ эрх ашгийг үргэлж хамгаална. Худалдан авалтад төр болон хувийн хэвшил эн тэнцүү эрхтэй байх болно. Хувийн хэвшлийнхнээр ажил хийлгэсний дараа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй уддаг. Үүнээс шалтгаалан хувийн хэвшлийнхэн хохирол хүлээдэг байдал газар авсан. Ийм байж болохгүй. Нийслэлийн хувьд ийм байдал огт гаргаж болохгүй гэдгийг үүрэг болгосон. Тиймээс та бүхэн айх хэрэггүй” хэмээн онцолж хэллээ. Мөн “Нийслэлийн худалдан авалт хийх гэрээг нийслэлийн Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт бүртгэнэ. Хэрэв гомдол гарвал аж ахуйн нэгжүүд энэхүү арбитрт хандах боломжтой. Бүр цаашилбал олон улсын арбитрт ч гомдол гаргаж, асуудлаа шийдүүлэх эрхтэй юм. Гэхдээ нийслэлийн худалдан авалттай холбоотой хүнд суртал, санхүүжилтийн шилжүүлэлтээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээвэл тэр хариуцлагыг нийслэл хүлээх болно” гэсэн юм.

Бизнес уулзалтын хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар Улаанбаатар хот-хөрөнгө оруулалт 2016 он,  Ногоон худалдан авалт, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр сэдвээр илтгэл тавилаа.Мөн Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин “Төр, хувийн хэвшлийн түншлэл”, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг “Улаанбаатар хотын Худалдааны  танхимын дэргэдэх Арбитр” сэдвээр илтгэл тавьсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)