Бизнесийг бодлогоор хамгаалах уу, ӨРСӨЛДӨӨНД НАЙДАХ УУ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэг сумд дугуй засварын газар нээх зургаан иргэнд зээл өгсөн нь шалгалтаар илэрсэн гэдэг. Цөөн хүн амтайгаас гадна төв зам дагуух сум биш учраас дугуй засварын зургаан газар зэрэг ажиллах ямар ч боломжгүй. Тухайн үеийн Жижиг, дунд үйлдвэрийн газрынхан шалгалтаар очиход нэг дугуй засварын газар нь дөнгөн данган ажиллаж байсан гэнэ лээ. Бусад нь авсан зээлээ өөр зүйлд зарцуулчихсан. Ингээд төсвөөс татаас өгч байгуулсан сангийн хөрөнгө эрсдэлд орсон гэсэн. Уг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бол үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн тустай бүтэц. Гэтэл ийм маягаар зээл олгохоор яаж үр дүнгээ өгөх вэ. Энэ мэт завхралаас болоод уг сан далайцтай ажиллаж чадахаа больсон. Уг нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготойгоор энэ санг байгуулсан. Гэвч зорилгоос нь ухраасан. Тус санд хуримтлуулсан мөнгийг УИХ-ын гишүүд хувааж хүртсэн нь нийтэд ил болсныг бид мэднэ. Үүнийг цадигаа алдсан завхрал гэхээс өөр яах билээ. Дээрх жишээнээс төрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого ул суурьтай байна уу гэдэг асуулт эрхгүй төрнө.

Хэн нэгэн нь бизнесийн санаа олж хараад түүнийгээ хөгжүүлээд, овоохон ашиг олоод эхлэхээр дуурайдаг нь монголчуудын зан. Хэсэг нөхөд хэрчсэн гурилын бизнес эрхлээд ашиг олов. Араас нь дагаад хэрчсэн гурилын өчнөөн цех үүдээ нээлээ. Энэ төрлийн бизнес ашигтайг ойлгосон гурилын үйлдвэрүүд дэргэдээ хэрчсэн гурилын цех байгуулав. Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компани бүр хэрчсэн гурилын цех нээсэн гэхэд хилсдэхгүй. Ингээд зах зээлд хэрчсэн гурилын илүүдэл үүсэж, жижгүүд нь хаалгаа барьж эхэлсэн билээ.

Орон сууцын борлуулалт нэмэгдэнгүүт л хуримтлалтай компани, иргэн бүр барилгын бизнест хөл тавьсан. Тэгээд л эрээвэр хураавар орон сууц олныг барилаа. Ашигтайг нь мэдсэн томоохон пүүс, компаниуд орон сууц барьж эхлэв. Одоо Улаанбаатарын орон сууцын зах зээлд томоохон групп, холдингуудын охин компани ноёлж байна. Гарааны бизнес төдий байсан жижиг компаниудын дийлэнхийнх нь үйл ажиллагаа хумигдсан.

Үндэсний хувцасны брэндүүд үүдээ нээж байна. Үндэсний хэв загварыг шингээсэн хувцсыг өдөр тутам өмсөх монголчуудын хандлага сэргэж эхэллээ. Гэтэл үндэсний хувцас оёдог урлан борооны дараах мөөг шиг шил шилээ даран байгуулагдав. Энэ олон урлан хэрчсэн гурилын бизнес шиг бие биеэ татаж унагах вий. Манай томоохон компаниуд үндэсний хувцасны оёдлын цех нээхгүй л байх. Гэхдээ олон урлан зах зээлдээ илүүдэж, бие биеэ татаж унагах нь гарцаагүй болов уу.

Монголын бизнесийн орчинд ашигтай зах зээл рүү бүгд хошуурдаг, түүнд нь томоохон компаниуд хөрөнгө, менежментээрээ илүүрхэн, ноёрхлоо тогтоодог дүр зураг харагддаг. Бизнесийн нэг чиглэл рүү бүгд хошуурахаар үйлдвэрлэл нь зах зээлийн эрэлтээсээ давна. Эрэлтээс давахаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг унагаж өрсөлдөнө. Үнээ хямдруулчихаар үйлдвэрлэл нь цаашдаа далайцтай хөгжиж, ажлын байр бий болгох, бүтээгдэхүүний чанараа дээшлүүлэх боломжгүй болдог. Хүчин чадлынхаа багахан хэсгийг ашиглан “амь зогоох” төдий ажиллаж буй үйлдвэр Монголд олон.

Эдийн засагчид ийм дүр зургийг зах зээлийн багтаамжтай холбон тайлбарладаг. Анх удаа бизнес эрхэлж буй хүн хөл дээрээ хурдан босохын тулд ашигтай чиглэл “барьж авдаг” аж. Тэгээд ширүүн өрсөлдөөнд орно. Ингээд бие биеэ татаж унагана. Томоохон компаниуд эрхэлж буй бизнест нь хөл тавивал хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орно. Эцэст нь ялагдаж хаалгаа барина, эсвэл зах зээлийн багахан хэсэгт хэр хэмжээндээ таарсан үйл ажиллагаа явуулна. Зах зээл нь жижиг учраас анх эрхэлсэн бизнесээ хөгжүүлээд, шинэ салбарууд нээгээд байх боломж хомс тул томоохон компаниуд ашгаа нэмэгдүүлэхийн тулд өөр төрлийн бизнест хөл тавьдаг гэнэ. Жишээ нь, “Номин холдинг” компани сүлжээ дэлгүүрийн бизнес анх эрхэлсэн. Сүлжээ дэлгүүрийнхээ салбарыг аймгийн төвүүдэд нээх боломжгүй учраас тэд олсон ашгаараа бизнесийн өөр салбарт ажиллаж байна. Тэднийх үйлдвэрлэл, банк, барилга гээд олон салбарт бизнес эрхэлдгийг олон нийт мэднэ. Монголд 56 охин компанитай холдинг ч бий. Өөрөөр хэлбэл, өөр 56 төрлийн бизнесийн салбарт хөл тавьсан гэсэн үг.

Бизнесийн орчныг өрсөлдөөн нь шийдвэрлэг гээд орхих хэрэгтэй юү, эсвэл төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай юу. Зарим эдийн засагч “Тусгай зөвшөөрөл олгох замаар төр үйлдвэрлэлийг зохицуулах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл олгож, зарим үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалахгүйгээр бүгдэд нь найр тавиад байвал бие биеэ татаж унагаад хөгжихгүй” гэж ярьдаг. Тэд “Ингэхдээ хөрөнгө мөнгөтэй томыг нь биш, жижиг бизнес эрхлэгчийг дэмжих нь чухал” гэдэг юм. Манайх шиг замбараагүй үйлдвэрлэлтэй оронд ийм бодлого баримтлах нь зөв байж магадгүй. Хамгийн гол нь томыг биш, жижгийг нь дэмжих нь чухал. Ингэвэл нийгмийн баялаг хийгээд зах зээлийн тэгш хуваарилалт болох юм.

Улс орны бүтээн байгуулалтад тустай томоохон үйлдвэрүүдийг зохицуулах гарцаагүй хэрэгтэй гэж шинжээчид үздэг. Манай оронд 2015 оноос хойш тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн үйлдвэр ашиглалтад оруулсан. “Хөтөлийн цемент шохой” компанийн өргөтгөлийг үүнд тооцож болно. Гэтэл манай зах зээлийн хэрэглээ өдгөө жилд 1.8 сая тонн цемент байна. Хэрэглээнээс хэт өндөр үйлдвэрлэлийн хүчин чадал бий болсон байгаа биз. Дотоодын цементийн хэрэгцээний 98 хувийг хангаж буй сайн үр дүн гарсан. Гэвч үйлдвэрүүд хүчин чадлынхаа багахан хувийг ашиглаж байгаа учраас өр зээлээ төлөхөөс өгсүүлээд хүндрэл гарсныг хөрөнгө оруулагчид нь ярьдаг. Тэгэхээр иймэрхүү стратегийн үйлдвэрлэлийн зах зээлийг бодлогоор хамгаалж, заримд нь тусгай зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй болов уу. Энэ бол жижиг зах зээлд олон үйлдвэрлэгч бий болгож, хөрөнгө оруулалтыг тарамдуулдгийг сонгодог жишээ. Ийм жишээ олныг дурдаж болно.

Хаягдал төмөр боловсруулах жижиг үйлдвэр байгуулах өчнөөн зөвшөөрөл олгосон. Жижиг үйлдвэрүүд өртгөө бага байлгахын тулд чанаргүй арматур үйлдвэрлэж байна гэж инженерүүд ярьдаг. Гэтэл манай улсын ганц хүнд үйлдвэр гэгддэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн үйл ажиллагаа доголдоод удаж байна. Тэднийх маш сайн чанарын ган туйван үйлдвэрлэдэг компани гэдгийг барилгын салбарынхан андахгүй.

Өмнөд бүсийн нүүрсний ордуудыг түшиглэн 450-600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 10 орчмыг олгосон. Нөгөөдүүл нь нэг нэгийгээ үгүйсгэсэн хар PR-аараар өрсөлдөж байна. Төслөө эхлүүлэх гэж буй нэгийгээ татаж унагасан тохиолдол ч бий. Мөн сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих маш олон тусгай зөвшөөрөл олгосон. Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчид нь мөн л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төслөө магтан, нэгийгээ муулж өрсөлдсөөр байна. Гэтэл Монгол Улс эрчим хүчний дутагдалтай хэвээр байсаар. Тэгэхээр төрөөс үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Эсвэл зах зээлийн өрсөлдөөнд найдан, тарамдуулаад орхих уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)