Бие биедээ таарамж муутай мазаалайн эрэлд

“Gobi bear” төслийнхөнтэй хамт Говийн их дархан газар луу явснаар Монголд төдийгүй дэлхийд ховор мазаалай хэмээх баавгайг харах аз надад тохиов. “Говийн баавгай” сэдвээр бакалаврын дипломоо хамгаалах хүсэлтэй буйгаа төслийн судлаач нарт хэлж, 2017, 2019 оны хаврын судалгаанд хамт явах зөвшөөрөл авсан билээ. Баянхонгор аймгийн нутаг, Говийн их дархан газрын нэгээхэн хэсэг Шар хулстын баянбүрдийн хажуугийн хөндийд барьсан өнгө өнгийн майхнууд дунд адал явдал дүүрэн өдрүүдийг өнгөрөөсөн юм.

Дэлхийд найман төрлийн баавгай бий. Үүний нэг нь говийн мазаалай. Өмнө нь Энэтхэг, Африкт байсан гэдэг. Харин одоо зөвхөн Монголын говьд үлдсэн энэ амьтан ойн хүрэн баавгайтай төстэй. Гэхдээ биеэр жижиг, шаргал үстэй. Хүзүүн дэх цагаан сор насан туршид нь арилдаггүй бөгөөд хүрэн баавгайнаас онцгойлох тэмдэг болдог. Мазаалайн эрийг шармаахай, эмийг эвш, зулзагыг нь алманцаг гэдэг. Эд ус, хоол хайж говийг хөндлөн гулд туулдаг. Цатгалан байх тавилангүй эл амьтанд “завсрын улиралд” нэмэлт тэжээл зайлшгүй хэрэгтэй. Мазаалайд зориулж тавьсан хорголжин тэжээлнээс зараа, туулай, шувууд идэж бор ходоодоо божийлгоно. Идэх хоол байтугай, уух ус нь хүртэл ховор болохоор говийн амьтад өлөн зэлмүүн байх аж.

Ховор амьтан судална гэдэг амь нас, гэр бүлээ бооцоонд тавьж байгаатай агаар нэг. 100-150 км орчим газарт ус, утасны сүлжээ байхгүй бүсэд ажилласан бид энэ олон хоног төслийн багийнхнаасаа өөр хүний бараа харсангүй. Бидний судалгаа хийж буй бүсэд хачиг гэх айхтар хөнөөлт шавж энд тэнд нуугдаад хэн, хэзээ ойртож ирэхийг отож байхыг нь яана. Баавгай, чононоос илүү хачигт хазуулахгүйг хичээсээр эхний өдрүүдийг өнгөрөөв. Хаашаа л харна хатсан заг, тоорой, улаан шаргал уулс. Аюултай ч гэлээ үзэсгэлэнтэй говийн амьдралд хэдхэн хоноод л даслаа.

Тавдугаар сарын сүүлч гэхэд Шар хулсны баянбүрд ногоон өнгөөр хучигджээ. Хязгаар нь үл харагдах шороон тал, сүрлэг өндөр уулс дунд орших баянбүрд эндхийн сүүлчийн найдвар мэт харагдана. Монголчууд мазаалай баавгайг ховор гэдгийг мэдээллийн хэрэгслээр хангалттай мэддэг болсон. Үүнээс илүү мэдээлэл хүргэхээсээ өмнө хамт явсан “Gobi bear”

төслийнхний талаар товч танилцуулъя. Харри Рейнолдс 2005 онд Дэлхийн баавгай хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч байхдаа Монголд ирж анх говийн баавгайг судалж эхэлжээ. Тэрбээр дараа жил нь Японд болсон олон улсын баавгай судлаачдын хурлын үеэр “Би цаашид Монголын говьд буй мазаалайг насан эцэслэтлээ судална” хэмээжээ. Энэ амлалтаа одоо хүртэл биелүүлсээр байгаа. Монголын талаас доктор Б.Мижиддорж, Л.Амгалан нар төсөлд хамгийн удаан ажиллаж буй. Харин “Мазаалай” сангийн судлаач А.Баясгалан, ШУА-ийн Сорилын болон Биологийн хүрээлэнгийн судлаач Г.Дэлгэрчимэг, Норвег улсад хотод докторын зэрэг хамгаалж буй Т.Одбаяр нар бол төслийн залуу гишүүн. Эдний ачаар л мазаалай баавгайн тоо толгой, амьдрах орчин, идэш тэжээлийн талаар монголчууд төдийгүй дэлхий нийт бодит мэдээлэл авдаг юм билээ. Мөн байгаль хамгаалагчид, ТББ-уудын төлөөлөл багагүй хувь нэмэр оруулдгийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. “Говийн баавгай” нь Монгол Улсад хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй төслүүдийн нэг. 15 жил аюултай нөхцөлд, тууштай ажиллаж байгаа доктор, судлаач нар мазаалайн талаар Монголд төдийгүй дэлхий дахинд чухал мэдээлэл хүргэж, бодит эх сурвалж болж чаджээ .

Судалгаа нэг удаад 20-23 хоног үргэлжилдэг юм байна. Энэ хугацаанд хоёр, гурван мазаалайд сансрын дохиолол дамжуулагч бүхий хүзүүвч зүүнэ. Урхи тавиад 7-14 хоног хүлээсний эцэст баавгай орсон юм. Амьдралынхаа турш 3000 км зам туулж, өндөр уулын хавцал, агуй зэргээр тэнүүчилдэг эл амьтан нэг газраа удаан тогтдоггүй. Тийм болохоор хүссэн хүн бүртэй тааралдахгүй. Амьдаар нь барьж хүзүүвч зүүхээс илүү хялбар, судалгааны өөр нэг арга бий. Үсний дээж цуглуулах. Тэжээлийн савыг тойруулж татсан төмөр утсанд мазаалай баавгай шөргөөж үсээ үлдээнэ. Үснийх нь уганд аливаа амьтны бүх мэдээлэл агуулагдаж байдаг. Генетикийн судалгаа хийснээр хэдэн настай, эр үү, эм үү гэх мэт олон асуултын хариуг судлаачид олдог юм билээ. Одоогоор хүзүүвчний мэдээлэл, генетикийн судалгааны дүнд 50 толгойгоос илүү мазаалай оршин байгааг доктор Т.Одбаяр, Харри Рейнолдс нар тогтоогоод байна.

Унтаж байгаа мазаалайн хажуугаар тэмээтэй өнгөрч явсан байгаль хамгаалагчийн тухай хууч яриа бий. Их унтамхай амьтан гэж нэг бус нийтлэл, өгүүлэлд дурдсан байдаг нь үнэн аж. Төслийн багийн судлаачид мазааалай барьсан урхи руугаа мотоцикл, “Фургон” машинаа хөлөглөж давхин очиход хүнгэнэтэл хурхираад сэрэх шинж алга. Хэрэв сэрчихвэл уурласандаа урхиа тас татаад зугтах магадлалтай. “Сүхээр цохиулсан” гэдэг шиг нам унтдаг амьтан хэмээн судлаач, байгаль хамгаалагч нар хэлж байв.

Говийн халуунд өөр юу ч хийх билээ. Эндхийн амьтад ихэвчлэн шөнийн идэвхтэй амьдралтай. Нар буухтай зэрэгцээд амьтад үүрнээсээ хамраа цухуйлгана. Өдөртөө 40 градус хүрч халдаг тул зуны үдийн нарнаар сэрүүхэн газар бараадах нь өлзийтэй байдаг нь лавтай. Судлаачид говийн баавгайд зориулж тавьсан тэжээлийн цэгийн ойролцоо огт бие засдаггүй. Эзэмшил нутгаа шээсээрээ тэмдэглэдэг болохоор хүний шивтэр үнэртсэн газарт мазаалай ойртдоггүй юм билээ. Хэн хүчтэй нь амьд үлдэнэ гэх байгалийн хууль говийн амьтдад маш хатуу үйлчилдэг. Нас бие гүйцсэн хоёр эр мазаалай тааралдвал заавал зодолдоно. Ялагдсан нь тухайн газар нутгийг орхин оддог. Зарим нь амиа алдах нь ч бий гэсэн. Хоорондоо таарахгүйн тулд хэн нэгний эзэмшилд халдахгүй байхыг хичээдэг гэх. Бидэнтэй таарсан эр мазаалайнууд дандаа зодолдсон шархтай байв. Хоорондоо зүгээр өнгөрч чаддаггүй араншин нь түүний устаж буй нэг шалтгаан болдгийг эрдэмтэн судлаачид онцоллоо.

2019 оны хаврын судалгаанд Харри Рейнолдсын урилгаар Дэлхийн баавгай хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссер оролцсон. Тэрбээр “Мазаалай бол Монголын үнэт эрдэнэ учир энэ улсын хүмүүс говийн баавгайг авч үлдэх хариуцлагатай үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээж байна” гэсэн юм. Мөн энэ онд Дэлхийн баавгай судлаачдын олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.

ЭВШ ГУРВАН ХӨХТЭЙ

Мазаалайн эвш хоёр жилд нэг удаа төллөдөг. Ихэнхдээ ихэр алманцаг төрүүлнэ. Алманцаг анх амласан хөхөө өмчилж авдаг юм байна. Нэг алманцаг нөгөөгийнхөө мөөмийг булаалгүй тун эвтэй өсөж торнидог аж. Цавинд ойр байх мөөм нь илүү тэжээллэг сүүтэй болохоор үүнийг хөхсөн бамбарууш нь нөгөөхөөсөө том биетэй болдог гэнэ. Мазаалай баавгай гурван нас хүртэл эхийгээ дагаж аль улиралд, хаанаас ямар хоол олж идэх, хаашаа очиж ус уух талаар суралцдаг аж. Хэрэв түүнийг үржүүлгийн төвд өсгөөд, буцааж говьд тавибал байгаль эхийн аясыг даалгүй үрэгдэнэ.

Судалгаа хийхийн тулд урхиар барьсан мазаалайн биеийг нь илж үзэхэд хөвсгөр үсний цаана ясан дээр тохсон арьс байлаа. Идчихээр юм олдохгүй бол хад, чулуу мэрсээр байгаад шүд нь элэгддэг гэнэ. Харри Рейнолдс “Хилийн зурваст малчид заасан хугацаанаас хэтрүүлж малаа бэлчээдэг. Энэ нь зэрлэг амьтдын идэх хоол хомсдох бас нэг шалтгаан. Бидний ирээдүйд хийх зүйлийн нэг бол хилийн бүсийн ургамлын тархацыг сайжруулах” гэж хэлсэн.

Тэрбээр “Таван хуруу, нэг хуруунаас их зүйлийг хийж чадна. Монголчууд таван хуруутай, атгасан гар шиг бие биедээ тусалж, хамтарч чадвал говийн баавгай болон бусад ховор амьтныг хамгаалах бүрэн боломжтой” хэмээн бидэнд захилаа. Аливаа амьтан 50-иас дээш тоотой байвал цааш өсөх боломжтой гэж эрдэмтэд үздэг. Жилээс жилд залуухан мазаалай олширч байгаа нь сайшаалтай. Автомат камерт дүрсээ үлдээсэн алманцгууд энэ өвлийг өнтэй давж, ирэх хаврын тэжээл нь аминдэмээр илүү баялаг, амттай болох болтугай.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)