Биелэгдэшгүй мөрөөдөл

Өнөөдөр автобусанд дотор  танихгүй хоёр охины “Ээж үнэхээр ядаргаатай юм үглэж яншаад одоо бүр хамт байхаас залахад байна” гэж ярих үгийг сонсоод түүнд ээж хэмээх амьд бурхан байгаад нь өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрсөн юм.

Би цэцэн ухаантан болж, хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, зүгээр л тэр мөчид чин сэтгэлдээ юу бодсоноо бичье. Энэ бодол минь та бүхэнд таалагдах үгүйг мэдэхгүй ч, миний хувьд хамгийн үнэтэй боловч хэзээ ч биелэгдэшгүй мөрөөдөл минь  билээ. Яг одоогоос 11 жилийн өмнө хаврын хар салхи хавираг нэвт салхилсан бүрхэг өдөр байсан санагдана. Хүргэн ах, эгч, дүү нартайгаа өглөө босоод Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан ээжийн тухай ярилцаж байтал, гаднаас ээжийг эмчилгээнд авч явсан аав баргар царайлсаар том ах болоод манайхан бүгд орж ирлээ. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй ч энэ дүр зургийг харсан  том эгч юу юугүй уйлаад эхэлсэн нь ижий минь биднээс үүрд холдон одсоныг ойлгуулсан юм. Ээжийн зүрх гэнэт хаагдсан гунигт явдал болсон аж. Итгэх аргагүй зүйлийн тухай сонсоод би арай үгүй байлгүй хэмээн 30 орчим минут дуугүй суусны эцэст үлгэр биш бодит  амьдрал гэдгийг ойлгож билээ.

Тэр л мөчөөс хойш надад биелэгдэшгүй мөрөөдөл бий болж анхандаа би бурхнаас ээжийг минь эргүүлээд өгөөч гэж гуйдаг байсан. Арай хожим нь ижий минь ирж уулзах болов уу гэж гадаа харанхуй болох үеэр өрөөндөө ганцаараа гэрлээ унтраагаад ээжийгээ хүлээж үзсэн бүтээгүй. Хүн өөд болохоороо тэнгэрт оддог гэдгийг хэн нэгнээс сонсоод тэнгэрт түгэх оддыг цонхоор хараад уйлдаг байлаа. Одоо бодоход жаахан байжээ. Хааяа нэг ингэж  уйлахад сэтгэл онгодог байсан.

Ингэж элдвийг эргэцүүлэн бодсоор нэг л мэдэхэд 11 жил өнгөрчээ. Одоо энэ бүх үйлдэл минь бүтэхгүй гэдгийг эрх биш ойлгож, арай өөр ид шидийг хүсдэг болсон. Хэрвээ ид шид байдаг бол ижийг минь надад эргүүлээд өгөөч гэж даварсан зүйл гуйхгүй ээ. Харин надтай хэдэн хором уулзуулаач, зүгээр л ижий дээ тэврүүлэхсэн. Учир нь та миний шүтээн бурхан гэдгийг хэлэх гэсэн өчүүхэн хүсэл минь.   Заримдаа унтахын өмнө элдвийг мөрөөдөн бодох завсар ээжийгээ тэврээд унтах юмсан гэж мөрөөднө.

Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг ижий гэдэг хүн, хүн хүнд ижил заяадаггүй гэхдээ үглээ яншаа байна уу, цэвэрлэгч тогооч байна уу, албан тушаалтан босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд эсэн мэнд байж үр хүүхдүүдээ сургаалаа хайрлаж  байгаасай. Эх хүний юутай ч зүйрлэшгүй тэр их хайр халамж үр хүүхдээ гэсэн сэтгэл үргэлж бидний төлөө байдаг. Би тэр охидыг ээждээ хайргүй гэж бодохгүй байна.

Гэхдээ л ээжийгээ тэгж хэлсэн нь надад инээдэмтэй бас харамсмаар санагдсан. Яахав хөөрхий ижий нь саарал амьдралын нугачаанд арга аашаа барахдаан чамайг зэмлэсэн биз, ямар үүрдийнх биш зуурдын амьдрал юм чинь ижий аавынхаа сургаалыг сонсож сурах хэрэгтэй . Энэ талаар сэтгэл гаргаж ярилцаж үзсэн үү гэхэд магадгүй бүрхэг хариулт өгөх биз. Тэр охидыг хэрвээ таньдаг байсан бол амьд бурхан болсон ээжтэй та энэ хорвоогийн хамгийн азтай хүн. Эх хүний ачийг хэзээ ч хариулж чадахгүй ч амьд сэрүүн цагт сэтгэлийг нь зовоохгүй,  нэрийг нь хугалахгүй байж өнгөрсөн хойно харамсахгүйн тулд одоо амьд байгаа дээр хайрын дээдээр хайрла гэж хэлэхсэн.

Тиймээс биелэгдэшгүй мөрөөдлийг минь уншсан хүн болгон нэгийг ухаарч хоёрыг тунгаан бодож, аав ээжийнхээ ач тусыг чадах чинээгээрээ хариулж байх нь, эргээд дурсахад амьдралд тохиолдсон аз жаргалтай мөчүүдийн нэг байна гэдэгт бат итгэлтэй  байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)