"Бид Монгол Улсыг 2030 он гэхэд дундаж орлоготой тэргүүний улс болох зорилгоо биелүүлэхэд нь тусалж чадна"

Олон улсын санхүүгийн корпорацийн Ази болон номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Нена Стойлжковичийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Би анх удаа Монгол улсад ирж байгаа бөгөөд намайг найрсаг зочломтгой халуун дотноор хүлээн авсан Монголын ард түмэн болон Монгол улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлэхийг хүсэж байна. 

Монгол Улсад Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж цаашид Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Монгол улстай олон чиглэлээр хамтран ажиллах маш их боломж бололцоо байгааг өөрийн биеэр харах завшаан олдсонд би баяртай байна. Хөгжиж буй орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллагын хувьд Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол улсад хийх хөрөнгө оруулалт мөн зөвлөх үйлчилгээгээ нэмэгдүүлэх олон боломжууд байгааг талархалтайгаар хүлээн авч байна.

Хувийн хэвшил нь Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хөдөлгөх мөн ажлын байр бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг бид мэдэх билээ.

Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол  улсад хувийн хэвшлийн 35 төсөлд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд, Олон улсын санхүүгийн корпораци нь өөрийн данснаас гаргасан 849 сая ам.доллар, мөн хамтын санхүүжилтээр босгосон 1.77 тэрбум ам.долларын санхүүжилт тус тус багтаж байгаа бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг уул уурхай, банк санхүү, бичил санхүү, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг олон чухал салбаруудад хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын бусад сайд нар мөн хувийн хэвшлийн төлөөллүүд, бизнес эрхлэгч нартай хийсэн уулзалтууд дээр үндэслээд, хэрэв нөхцөл байдал зөв байвал Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтыг цаашид үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж би үзэж байна.

Бид Монгол Улсыг 2030 он гэхэд дундаж орлоготой тэргүүний улс болох зорилгоо биелүүлэхэд нь тусалж чадна.

Монгол оронд тулгараад байгаа байгаль орчны асуудлууд болон байгалийн гамшигт өртөх эрсдэл, эмзэг байдлыг арилгахад туслах зорилгоор бид ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэхэд мөн дэмжлэг үзүүлэх боломжтой байх болно.

Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа боловч эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд илүү их зүйлийг хийх шаардлагатай байна. Иймээс Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн шинээр ажлын байр бий болгоход голлох үүрэг гүйцэтгэдэг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид нарын зээл, санхүүжилт авах боломжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс цаашид ч гэсэн шинээр ажлын байр бий болгох, инновацийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд гол хөдөлгүүр болж байдаг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид нарыг дэмжих шинэ боломжуудыг үргэлжлүүлэн судалж хөгжүүлэх болно” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)