“Бидний мэдэх мазаалай” сэдэвт уралдаан зарлагдлаа

Өмнөговь аймагт  ЕБС-ийн сурагчдын дунд байгаль орчноо хайрлах, Монголын унаган амьтан Мазааалай баавгайг танин мэдэх, түүний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж, бусадтай мэдлэгээ хуваалцахад нь туслах зорилгоор “Бидний мэдэх мазаалай” сэдэвт уралдаан зарлагдлаа.

Уралдааныг Монголын үүрэн телефоны оператор Мобиком корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд “Үндэсний бахархал Мазаалай” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ЕБС-ийн сурагчдын дунд 3 насны ангиллаар зохион явуулж байна. Энд 1-5-р ангийн сурагчдын дунд “Миний нүдээр Мазаалай” гар зургийн,  6-9-р ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Мазаалай” зохион бичлэгийн, 10-12-р ангийн сурагчдын дунд “Мазаалай хамгаалахад миний оролцоо” эссе бичлэгийн уралдааныг тус тус зарласан.

Уралдаанд оролцох материалыг 5-р сарын 18-ныг дуустал Мобиком салбар дээр хүлээн авах бөгөөд энэ сарын 19-23-ны өдрүүдэд шалгаруулалтыг явуулна. Ангилал тус бүрт эхний 10 байрыг шалгаруулж, 700-100 мянган төгрөг хүртэлх шагналын сангаар урамшуулах юм байна.

Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн, нэн ховор амьтан болох Мазаалайг хайрлах хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал байгаа энэ үед ЕБС-ийн дунд эх орноороо бахархах, Монголын унаган байгалиа хайрлах, ховор ан амьтнаа хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн санал, хүсэл, үйлдэл маш чухал байгааг зохион байгуулагчийн талаас онцолж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)