Б.ЖАГАР: НҮБ-ААС ШИНЖЭЭЧИД УРЬЖ, ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООЛГОНО

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа. Тус байгууллагынхан энэ онд нийслэлийнхний ундны усыг хамгаалахтай холбоотой цөөнгүй ажил төлөвлөөд буй юм билээ.

Ирэх сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрөөр тайван жагсаал зохион байгуулж, усны нөөцөө шавхахгүй тал дээр хамтран ажиллах хүсэлтээ төр, засгийн удирдлагуудын сонорт хүргэх зорилготой гэсэн.

-Туул голыг бохирдуулагч эх үүсвэрийн тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас биш, буурахгүй байгаа талаар байнга ярьдаг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Ямар шалтгаантай байна вэ?

-Томоохон гурван хүчин зүйл бий. Эхнийх нь арьс ширний үйлдвэрүүд. Мөн голын эрэг дагуу барилга барьж буй компаниуд. Нэг талаас бүтээн байгуулалт мэт харагдавч байгаль орчин, иргэдийн өмч хөрөнгөд асар их хохирол учруулж буй. Экологийн тэнцвэрийг хадгалдаг хэдэн зуун бургасыг огтолсноор усны нөөц багасна.

Туулын эрэг цэвдэг ихтэй учир тодорхой цаг хугацааны дараа иргэд эд хөрөнгөөрөө хохирох магадлал өндөр юм. Дараагийн асуудал нь хайрга, дайрга олборлож буй аж ахуйн нэгжүүд. Хайрга олборлогч компаниуд Туулын эрэг дээр тусгай зөвшөөрөл авах сонирхолтой. Эргээс холдох тусам олборлолтын зардал их гардаг учраас тэр.

Хууль, журмын дагуу бол онцгой хамгаалалтын бүс голын эргээс 50, эрүүл ахуйнх 100, энгийн хамгаалалтын бүс 200 метр байх бөгөөд олборлолт явуулж болохгүй. Гэтэл голын эргийг ухвал 1-2 метрийн гүнээс л хайрга гарна, эргээс 500 метрээс илүү холдчихоор 5-6 метр гүн ухах шаардлага тулгардаг учраас зардлаа хэмнэхийн тулд тэд Туулын сав газар руу улайран дайрсаар буй юм.

Одоогоор 60 гаруй компани голын эргээс хайрга, дайрга олборлож байна. Тэдгээр компанийн удирдлагын байгуулсан холбоо нөхөн сэргээлтийн асуудлыг зохицуулдаг нэртэй. Ухаж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийх үү, улсын төсөвт холбогдох татвар төлбөрөө төлж буй, эсэхийг нь хэн хянах юм бэ.

Мэргэжлийн хяналтын байгууллага, дүүргийн ЗДТГ-аас шалгадаг ч хэлбэр төдий, дүн мэдээлэл гаргах түвшинд байгаа юм. Зөрчилтэй газруудад арга хэмжээ авч буй, эсэх нь тодорхой бус.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын мэдээллийн дагуу төрийн байгууллага шалгачихаад үр дүнтэй ажил хийхгүй байна гэсэн үг. Дүүрэг, хорооноос эхлээд төрийн байгууллагууд чадамжгүй байна. Чадамжгүй засаг захиргааны өмнөөс иргэд нэгдэж, энэ асуудлыг хөндөж буй.

-Компаниуд ухсан газраа нөхөн сэргээхгүй хаясаар байгаа хэрэг үү?

-60 компанийн таван хувь нь газраа нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээлтэд огт оролцдоггүй 20 гаруй аж ахуйн нэгж бий. Бусад нь хэлбэр төдий, шалгалт ирэх сургаар хэдхэн мод тарьдаг.

Нөхөн сэргээж, урьдын хэвэнд оруулах нь үнэндээ тэдний хийж чадах ажил биш. Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн шинжээчтэй, мэргэжлийн байгууллага хийх ёстой. Мэргэжлийн ийм байгууллага манайд олон бий ч олборлогч аж ахуйн нэгжүүд тэднээр хийлгэхийг хүсэхгүй байна.

Зардал өндөр гарах учраас тэр. Үүний оронд өөрсдөө бургас худалдаж аваад суулгачихвал нэг талаас тарьчихсан харагдана, нөгөө талаас бага мөнгө зарцуулж буй юм. Туслах ажилчдаараа нүх ухуулаад л суулгачихна шүү дээ.

-Эргээс нь хайрга дайрга олборлосноос болж хэр хохирол учраад буй талаар судалгаа, дүн мэдээлэл бий юү?

-Хохирлын тал дээр бид нарийвчилсан судалгаа хийх боломжгүй, маш их хөрөнгө зарцуулна. Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол, Нисэх орчим, Туул гол дагуух хэсгийн нийт газар зүйн байршлын зургийг авч, баримтжуулахад 60 орчим хувь нь сүйдчихэж. Ухчихаад л хаяад явчихсан.

Айлаас 100-200 метр хүрэхгүй зайд, хаяаг нь дэрлээд хайрга олборлож буй компани ч бий. Тэсэлгээ хийх үед чулуунууд айлууд руу үсрэх нь наад захын асуудал.

-Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байна вэ?

-Төрийн менежментийг оруулах хүсэлтэй. Төр бүх зүйлд оролцож байна гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ усны нөөцийн асуудалд төрийн менежмент заавал орох ёстой. Энэ компаниудыг бүгдийг нь нийлүүлээд төрийн өмчит компани болгоё.

Улмаар 49 хувийг нь компаниудын, 51 хувийг нь төрийн мэдэлд өгөх шаардлагатай. Төр менежментээ оруулахдаа ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад нь хариуцуулах ёстой. Барилга, хот байгууллалтын яамны чиг үүргийг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэдэгтэй адилтгаж болох юм.

Тэгэхгүй бол БОНХАЖЯ, мэргэжлийн хяналтынхан зөвхөн шалгадаг байгууллага болчихоод буй. Уг нь энэ компаниудад зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлж, тухайн бүс нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой шүү дээ.

...60 компанийн таван хувь нь газраа нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээлтэд огт оролцдоггүй 20 гаруй аж ахуйн нэгж бий. Бусад нь хэлбэр төдий, шалгалт ирэх сургаар хэдхэн мод тарьдаг.

Нөхөн сэргээж, урьдын хэвэнд оруулах нь үнэндээ компаниудын хийдэг ажил биш. Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн шинжээчтэй, мэргэжлийн байгууллага хийх ёстой.

Мэргэжлийн ийм байгууллага манайд олон бий ч олборлогч аж ахуйн нэгжүүд тэднээр хийлгэхийг хүсэхгүй байна...

-Танай байгууллага тодорхой арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад нь хандсан юм уу?

-Тусгай зөвшөөрөл олгохын өмнө тухайн бүс нутагт буюу Хан-Уул дүүргийн XII хороо Биокомбинат, XIII хороо Шувуун фабрик, XIV хороо Өлзийт хороолол, Нисэх орчим амьдарч буй иргэдээс зөвшөөрөл авах ёстой гэж бид үзэж байгаа.

Ашигт малтмалын газарт тухайн бүс нутгийн нийт хүн амын 51 хувиас зөвшөөрөл авсныг үндэслэж иргэн, аж ахуйн нэгжид түгээмэл ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгодог болооч ээ гэсэн шаардлага тавьж буй. Компаниудад байгалийг унаган төрхөнд нь оруулах сэтгэл дутаад байгаа юм.

БОНХАЖЯ, Ашигт малтмалын, Мэргэжлийн хяналтын, Ус сувгийн удирдах газар гэсэн дөрвөн байгууллагад хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлт илгээж байна.

Ингэснээр төрийн байгууллагууд иргэдтэй хамт газар дээр нь очиж танилцаад, өмнө нь хэрхэн шалгаж, ямар шаардлага тавьсан, хэдий хэмжээний торгууль ногдуулсан, тэр нь биелсэн, эсэхийг ул суурьтай нягтлах боломж бүрдүүлэх юм.

Төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа тогтворжоогүйгээс л хууль бус үйл ажиллагаа тасрахгүй байна.

-Тухайн газар нутагт амьдарч буй иргэд үүнийг хэр дэмжиж байгаа вэ?

-Манайх анх Шувуун фабрик, Биокомбинатын иргэдийн эрх ашгийг хамгаалах Хатан Туулаа хамгаалах хөдөлгөөн гэж байснаа 2013 оны гуравдугаар сарын 22 буюу Дэлхийн усны өдрөөр үндэсний хөдөлгөөн болж өргөжиж байлаа. Энэ утгаараа иргэд маш сайн нэгдэж, мэдээлэл, саналаа өгч байгаа.

Өдгөө бид Туулын эрэг дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шаардах бичиг бэлдэж, тухайн бүс нутгийн иргэдээс гарын үсэг цуглуулж буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-наас өдий хүртэл 7500 хүн гарын үсгээ зурсан.

Өнгөрсөн жил бид иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, Шувуун фабрикт 70 га газрыг ухахаас сэргийлсэн. Хашаа татаж, багаж тоног төхөөрөмжөө авчирчихсан компанийн үйл ажиллагааг зогсоосон. Харамсалтай нь, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулж чадаагүй. Энэ талаар Ашигт малтмалын газарт хандахаар бэлдэж байгаа.

-Туул голыг бохирдуулж, улаанбаатарчуудын ундны усны нөөцөд аюул учруулж буй хоёр томоохон асуудал байгааг бас дээр дурдсан. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Устай холбоотой бүх асуудал дээр бид анхаарлаа хандуулдаг. Туул голын дагуу хурдны зам барих талаар ярьж байна. Энэ нь нэг талаас бүтээн байгуулалт ч нөгөө талаас сөнөөлт юм. Туул голын эрэг дагуух далан дээр хурдны зам барина гэдэг нь бургас огтолно гэсэн үг.

Нэг ширхэг бургас хэрхэн тарьж ургуулах вэ гэж санаа зовж байхад шүү дээ. Үүний оронд гүүрэн зам баривал байгальд ээлтэй. Уг асуудлаар бид Засгийн газарт хандаж байгаа. Нэг зүйлээр нөгөөгөө сүйтгэж болохгүй.

Барилгын компаниудад та нар битгий Туулын эрэг дээр биш, Баянхошуу, Долоон буудалд очиж бариач ээ гэж уриалсаар ирсэн. Зах зээлийн талаасаа компаниуд ашгаа л бодож байна, Туулын эрэг дээр барьчихвал, өндөр үнээр, хурдан зарж чадна.

Мөн тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд сургалт явуулах хэрэгтэй. Аливаа үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд ээлтэй ямар технологи сонгохоос эхлээд олон талын зөвлөгөөг сургалтаараа өгөхийг зорьж байгаа.

-Туулын эрэг дээр байгаа барилгуудыг нурааж чадахгүй. Үйлдвэрүүдийг зогсоох боломжгүй зэргээр шийдэл олоход хэцүү учраас асуудлыг нэг тийш болгож чадаагүй өдий хүрсэн. Төрийн байгууллагуудын хүч хүрэхгүй байхад иргэний нийгмийн байгууллага цэгцэлж дийлэх үү?

-Үйл ажиллагаа эхлээгүй ч зөвшөөрлийг нь олгочихсон, барилга барих газар олон бий. Энэ гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, байгаль орчинд аюулгүй байдлыг хангана.

Хайрга, дайрганы үйлдвэрүүдийн хувьд төрийн өмчит болгох, иргэний бодлогыг оруулах, тухайн бүс нутгийн иргэдийн 51 хувиас зөвшөөрөл авч байж тусгай зөвшөөрөл олгох, барилгын компаниудыг нэмж барилга бариулахгүйн тулд шинээр олгосон зөвшөөрлүүдийг цуцлах хэрэгтэй.

Харин арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх ёстой. Туулын эрэг дагуу олгосон барилга барих, хайрга олборлох зэрэг үйл ажиллагаа нь эхлээгүй бүх зөвшөөрлийг олж, хүчингүй болгох нь бидний энэ оны томоохон хоёр ажлын нэг.

Нөгөөх нь НҮБ-аас шинжээчдийн баг урьж авчран, Туул гол хэр бохирдсон, энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр хэрхэн нөлөөлөхийг тогтоолгох зорилготой. Мөн голын усны урсацыг яаж сайжруулж, цэвэр байлгах, Улаанбаатар хотын усны нөөцийг хэрхэн хадгалах арга замыг тодорхойлуулахыг зорьж байна.

Ч.МӨНХЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)