Берлиний ханыг нураасны 30 жилийн ойг тэмдэглэж байна

Берлиний ханыг 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд нураасны 30 жилийн ойг Европ даяар тэмдэглэж байна. Энэ нь Коммунист Зүүнийг капиталист Баруунаас тусгаарласан төмөр хөшиг үгүй болж, Герман улс 1990 онд эргэн нэгдэх үүдийг нээсэн түүхэн үйл явдал юм. Эл хувьсгал нэг намын тогтолцоотой Зүүн Герман болон түүний Нууц цагдаагийн газрыг устгажээ. Гэвч нэгдэх үйл явц хамтрал, үйлдвэрийн газрууд олноороо хаагдаж, асар их ажлын байр үгүй болоход хүргэсэн. Өдгөө, 30 жилийн дараах Германд хэт барууны үзэл баримтлалыг дэмжих хандлага газар авч байна. “Pew research” төвөөс явуулсан судалгаанаас үзвэл цагаачлалыг эсэргүүцдэг “Германы альтернатив” нам хуучин коммунистуудынх гэгддэг зүүн хэсэгт 24 хувийн санал авч, улс төрийн хүчнүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Гэсэн ч тус нам хуучин Баруунд ердөө 12 хувийн дэмжлэг авч, дөрөвт жагссан байна.

Тив нь нэгдмэл байх ёстойг европчуудад сануулах боломж бол эл ой юм гэж Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас мэдэгджээ. “Еврог хэмнэх, шинэ гишүүн элсүүлэх эсэх, дүрвэгч хуваарилах гээд эцэс төгсгөлгүй маргаан Европт үл ойлголцол үүсгэсэн. Европын Холбооноос гарч буй эхний улс нь Британи болж байгааг бид харж байна” гэж тэрбээр хэлэв.

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Канцлер Ангела Меркель, мөн Польш, Чех, Словак, Унгарын удирдагчид түүхэн ойн албан ёсны арга хэмжээнд оролцоно. Харин хүйтэн дайны үеийн хоёр их гүрэн АНУ, Британийн удирдагчид ойн арга хэмжээнүүдэд оролцохгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)