Б.Долгор: Далд ертөнцийн талаар ном бичнэ гэж бодож байгаа

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорыг зочноор урилаа. Түүний оюуны ертөнцөөр хэсэг хугацаанд хамт аялья.

-Сонирхдог, түүнээсээ таашаал авдаг зүйл гэж хүнд байдаг. Таны хувьд тэр зүйл юу вэ?

-Байгаль хүнийг гайхамшигтай бүтээл болгож хийсэн. Тиймээс ч хүн маш олон юм сонирхдог. Тодорхой мэргэжил эзэмшиж, ажил эрхлээд ирэхээр сонирхол хязгаарлагддаг нь үнэн. Гэхдээ хүүхэд байхаасаа л тодорхой нэг юм сонирхож дурлах нь хүнд сэтгэлийн таашаал өгөхөөс гадна өөрийг нь хөгжүүлдэг. Тэр хэмжээгээр харилцаа, нийгэмд эзлэх байр суурь нь өргөждөг. Тиймээс хообий буюу сонирхол хүний хөгжилд маш чухал. Бидний үед нийгмийн том өөрчлөлт болж байлаа. Төрөөс ч хүүхдүүдийн сонирхлыг хөгжүүлэх талаар их дэмждэг, боломж олгодог байсан учир спортын бүх төрлөөр хичээллэж, уралдаанд оролцож явсан. Одоо хааяа нэг зааланд тоглож, байгууллагын тэмцээн уралдаанд оролцоод л явж байна. Бас фитнесс, бясалгал, иогийг илүү сонирхдог болсон. Спорт хүний зөвхөн биеийг биш сэтгэл зүйг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлмөрлөж, ялж, ялагдаж, тэмцэж, сэтгэл зүйгээ бэлтгэж сурдаг. Энэ бүхэн нь амьдрал хэмээх уралдаанд хэрхэн оролцох бэлтгэлийг нь хангадаг юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ заавал спортоор хичээллүүлээсэй гэж боддог. Миний хувьд бүх л спортоор жигдхэн хичээллэж байс наас аль нэгийг нь онцлоод амжилт гаргах гэж яваагүй л дээ.

-Бясалгалаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Нийгмийн энэ их бухимдал дунд өөрийгөө олж, амар амгаланг мэдрэх боломжийг бясалгал өгдөг гэдэг шүү дээ.

-Арав гаруй жил болж байна. Ер нь ганц хүн орчноо өөрчлөх хэцүү. Тэгснээс тухайн орчинд хандах хандлагаа, өөрийгөө өөрчлөх нь илүү амархан. Бясалгал бол тодорхой нөхцөлд хийх дүгнэлт, бусдад хандах хандлагаа өөрчилж, өөрийгөө зөв болгоно гэсэн үг. Хүн ямар байх нь гурван зүйлээс л хамаардаг. Юуны өмнө зөв бодолтой байх ёстой. Түүнээс зөв үг, зөв үйлдэл гардаг. Бясалгаснаар энэ бүхнээ хянаж чадна. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” дууны аяыг Баасандорж, үгийг радиогийн Мөнхтөр гуай бичсэн. УИХ-ын гишүүн байхдаа би Баасандоржийг хөдөө авч явсан юм. Тэгэхэд энэ дуу дэлгэрээгүй байлаа. Надад дууныхаа тухай ярьсан. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг мөрийг нь сонсоод л сайхан дуу байна гээд “уриагаа” болгосон. Тэгээд сумдаар явахдаа анх агуулгыг нь таниулж, хүмүүст дуулж хүргэж байсан түүхтэй.

-Та сүнс, хойд нас байдаг гэдэгт итгэдэг үү?

-Энэ талаар би маш их судалж байгаа. Одоо ном бичих шатанд ирээд байна. (инээв) “Сэтгэшгүй” эмнэлгийн Хүрэлбаатар эмчийн “Монгол дахь ховс, био орон зайн өвчлөл, эмчилгээ” гэдэг ном саяхан герман хэлээр хэвлэгдсэн юм. Энэ номыг би редакторлосон л доо. Бодит амьдрал нийт ертөнцийн өчүүхэн хувийг л эзэлдэг. Ихэнх нь далд ертөнцөд өрнөдөг учир түүнийг хэрхэн танин мэдэж, зөв хандахаас хүний ертөнцийн хөгжил хамаардгийг олон ном уншаад ойлгосон. Тиймээс энэ номын редактороор ажилласан. Ингэснээрээ эрүүл мэндийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд огт өөр өнцгөөс хандах ёстойг ухаарлаа. Био орон зайн өвчлөл, түүнийг эмчлэх нь тэр далд ухамсар, ертөнцтэй холбоотой. Био орон зайгаа хэр танин мэдэж, хамгаалахаас эрүүл байх, эсэх хамаардаг. Тиймээс уг асуудалд анхаарах хэрэгтэй. Засгийн газар, Ерөнхий сайд монгол хүнээ хөгжүүлж, эрүүл байлгахын тулд үүнд анхаарах ёстой юм байна. Хүний био орон зайг гар утаснаас эхлээд л цахилгаан хэрэгсэл эвдэлж, нөлөөлж байдаг. Хүний бусадтай хандах хандлагад ч нөлөөлнө. Германд баргийн номыг хэвлээд байдаггүй. Тэд уг ном хэрэгтэй, агуулга нь чухал гэдгийг ойлгосон учир хэвлэсэн. Уг номд далд ертөнц, сүнсний талаар тодорхой оруулсан байгаа.

-Сүнсийг энерги гэж ойлгож болох уу. Энерги хэзээ ч үгүй болдоггүй, нэг биеэс нөгөөд шилждэг гэж ярьдаг шүү дээ?

-Одоо бүхнийг энергийн хуулиар тайлбарлах болсон. Өмнө нь энергийн хууль зөвхөн амьгүй зүйлд үйлчилдэг гэж л ойлгодог байлаа. Харин одоо байгалийн бүтээсэн бүхэн амьтай, хүний бүтээсэн сандал, ширээ гэх мэтээр амьгүй гэж үздэг болсон. Энергийн хуулийг далд ертөнцөд буулгаад бодит ертөнцөд хэрхэн нөлөөлж буйг шинжлэх ухаан баталчихсан. “Зөн билгийн тулаан” гэх мэт нэвтрүүлгийг харахад л энгийн хүнээс илүү чадвартай хүмүүс байдаг аж. Бөө, удган буюу улаач нарын тухай яриа ч байна. Хүнийг нас барахад тэмдэг тавьж оршуулдаг. Гэтэл дараа нь тухайн хүний ойрын төрлийн хүүхэд тийм тэмдэгтэй төрсөн тохиолдол олон. Үүнийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Би энэ сэд вээр ном бичнэ гэж бодож байгаа. Хүрэлбаатар эмчийн номыг монгол хэлээр хэвлэхээр бэлтгэж байгаа. Хэвлэгдсэнийх нь дараа хүмүүс энэ сэдвээр нэлээд ойлголттой болох байх.

-Таныг сайхан дуулдгийг мэдэх юм байна. Энэ бас таны нэг хообий байх, тийм үү?

-Хүүхэд байхаасаа л урлагт дуртай байсан. Дуу, бүжиг, шүлэг гээд л сонирхоно. Бүр уртын дуу ч дуулдаг байлаа шүү дээ. (инээв) Тэр үед мэдээллийн олон хэрэгсэл байсан биш, радиогоор л дуу сонсдог. Тэр бүхнээ сурдаг, дагаж дуулдаг байсан.

-Тэгвэл яагаад урлагийн хүн болоогүй юм бэ?

-Тэр үед урлагийнхны нэр хүнд, үнэлэмж тааруу үе байсан юм. Их хөнгөн гэх мэтээр ярьдаг. Тэр нь нөлөөлсөн биз, ер нь ч урлагт дуртай байсан ч энэ салбарын хүн болно гэж бодож байгаагүй юм байна. Хүүхдүүдэд багаас нь шүлэг цээжлүүлэх их чухал. Ой тогтоолтыг нь хөгжүүлнэ, шүлгээ уншсанаар ярианы чадвар хөгжинө. Дуу, бүжиг ялгаагүй л хүнийг хөгж үүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулга хүний хөгжил тал руу бага чиглэж байна. Тэнд биеийн тамир, урлаг, уран зохиолыг сайн заах ёстой. Хүмүүжил, ёс суртахууныг үүгээр төлөвшүүлдэг гэж ойлгодог юм.

-Та хэний шүлэгт дуртай вэ?

-Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ц.Бавуудорж гээд л дуртай даа. Ганзул, Н.Гантулга нарыг ч сайн бичдэг гэж боддог.

-Сайхан хоолойтой байж болох ч дууг сэтгэлээсээ мэдэрч дуулахгүй бол “амтгүй” гэдэг.

-Тэгэлгүй яах вэ. Хүн зүрх сэтгэлээрээ дамжуулж байж жинхэнэ дуу болно. Зарим дуучин бараг л дууныхаа утгыг ойлголгүй дуулдаг. Дээр үеийн сайхан дуунуудыг зарим дуучин буруу, утгагүйгээр дуулж байна. Жишээлбэл, Д.Түмэндэмбэрэл гуай “Усны тунгалаг Тамирын гол” дууг 10 гаруй жил бэлдэж байж дуулсан гэдэг юм билээ. Зохиогч нь дуугаа өгчихөөд асуухад “Бэлтгэж байгаа” л гэдэг байсан юм гэсэн. Тэгж сэтгэл гаргаж, хөдөлмөрлөсөн учир хүмүүст хүрдэг, олон жилийн турш мартагддаггүй байж чаддаг байсан болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)