Б.Гэрэлт-од: Афганистанд энхийг сахиулсан жүжигчин надаас өөр байхгүй

КУДС-ийг төгсөж, УДЭТ-ын босгыг даваад, хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон залуу жүжигчин Б.Гэрэлт-Одтой ярилцлаа. Сонирхолтой нь, тэрбээр өнгөрсөн найман сарын хугацаанд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод иржээ.

-Та Францад өссөн гэл үү. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Би Ховдод төрсөн юм. Хоёр эмэгтэй дүүтэй, айлын том хүү. Айлын ганц хүү болохоор ч тэр үү, их эрхэлж өссөн дөө. Есөн нас хүртлээ Ховдод ээжийнхээ ээж дээр амьдардаг байлаа. Эмээгийнхээ амины хүү байв.

Удалгүй гэр бүлээрээ Франц явж, тэнд өссөн дөө. Тэнд коллеж төгсөж, дараа нь ОХУ-д ахлах ангиа дүүргэсэн.

-Хөдөө амьдарч байсан хүү гадаадад очиход соёлын ялгаа их мэдрэгдсэн үү?

-Илт мэдэгдсэн. Хоол хүнс, ахуй нөхцөл, хүмүүсийн харилцаа нь тэс өөр шүү дээ. Гэхдээ хүүхэд байсан болохоор дороо л дасан зохицчихсон.

Тэнд очсоны дараахан аав маань “Чи франц хэл сурах гэж л байгаа бол соёлыг нь судалж, ахуйд нь дасах хэрэгтэй” гэж хэлдэг байв. Гэрийн багшаар жил орчим франц хэл заалгаж, тэр орны түүхийг судалсны дараа тэндхийн дунд сургуульд элссэн.

Арав гаруйхан настай надад их сонирхолтой санагдаж байлаа.

-Аав тань дипломатч болохоор олон оронд суралцах боломж олдсон байх нь ээ?

-Ааваас гадна авга ах маань бас дипломатч. Дипломатчдын хүүхдүүд ер нь тэгж л амьдардаг шүү дээ. Аав, ээж нь хаашаа томилогдоно, тийшээ нь дагаад л явна.

-Багадаа их хөдөлгөөнтэй хүү байв уу?

-Айхтар. “Энэ золиг олигтой хүн болохгүй дээ” гэдэг үгийг их сонсдог байлаа. Юм юм руу үсчиж, сонирхож, оролдож явдаг, сониуч, сахилгагүй хүүхэд байсан.

-Урлагт хэзээнээс татагдав?

-Багаасаа дуулах дуртай байлаа. ОХУ-д ахлах ангид сурч байхдаа “Чонон сүрэг” гэж хип хоп хамтлагт дуулдаг байсан. Тухайн үед хип хоп жинхэнэ хүч түрж байсан үе шүү дээ. Хамтлагийн гишүүдийн олонх нь ОХУ-д томилогдож очсон дипломатчдын хүүхэд.

-Аав, авга ахыгаа дагаад олон улсын харилцааны чиглэлээр суръя гэж бодсон уу?

-Ер нь Монголд дипломатчийн хүүхэд дипломатч болдог бичигдээгүй хууль байдаг шүү дээ. Би ч тэгж бодож л байсан. Гэхдээ яагаад ч юм урлагийн мэргэжил намайг илүү татсан даа.

-Жүжигчин болно гэхэд гэрийнхэн тань эсэргүүцээгүй юү?

-Уг нь дуучин болно гэж бодсон юм. Гэтэл бодол өөрчлөгдөж, жүжигчин болохоор шийдсэн юм. Анхандаа гэрийнхэн тун дургүй байсан даа. Гэхдээ миний сонголтыг хүндэтгэсэн. Одоо бол маш их дэмждэг шүү.

Би Ардын жүжигчин Н.Сувд багшид шалгуулж КУДС-д тэнцээд, 2006 онд Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн удирдлага дор төгссөн.

-Сургуулиа төгсөнгүүтээ УДЭТ-ын босгыг давсныг тань санаж байна. Гэтэл яагаад удалгүй тэндээс гарчихсан юм бэ?

-Би гуравдугаар дамжаа төгстөлөө нэг ч удаа гол дүрд тоглож үзээгүй. Багш, найруулагч нар яагаад ч юм “Чи энэ дүрд тохирохгүй” гээд хасчихна. Гэтэл төгсөх дамжаанд ороход сургуулийн бүх жүжиг, курсийн ажлуудын гол дүр оногдож эхэлсэн. Сургуулиа төгсөхдөө “Отелло” жүжгийн Отеллод тоглож, дипломоо хамгаалсан юм.

Тэр жүжгийг маань Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар ирж үзсэн юм билээ. Тэгээд надад “УДЭТ-д ирж шалгуулаарай” гэж хэлсэн. УДЭТ 2006 оноос дэргэдээ студи анги байгуулж, дагалдан жүжигчдийг бэлтгэж эхэлсэн юм. Ингээд шалгуулж, жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, Г.Алтаншагай, Т.Хулан бид хэд хамт тэнцэж байлаа.

Театрын бүх жүжгийн туслах дүрд тоглож, тэр хэрээр маш их зүйл сурсан. Харамсалтай нь, яах аргагүй хувийн шалтгааны улмаас театраас гарахаас аргагүйд хүрсэн юм.

-Боксоор хичээллэдэг байсан гэсэн. Улс, олон улсын чанартай тэмцээнд оролцож байсан уу?

-2002 оноос боксоор хичээллэсэн. Нэлээд олон медальтай шүү. Бокс ид тоглодог байх үед намайг “30 секундийн залуу”, “Гудамжны зодоонч” гэж хочилдог байв. Спорт хүнийг асар их өөрчилдөг юм билээ. Тэвчээр хатуужилтай, зорилготой болгодог.

-Тэгвэл жүжигчний мэргэжил тань таны зан чанарт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Өөрийгөө илэрхийлэх, хүмүүстэй харилцах, шинээр нээхэд мэргэжил минь хамгийн их нөлөөлсөн. Яагаад ч юм, урлаг, спортод төстэй зүйлүүд их бий. Сэтгэл зүйгээ бэлдэх, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөх гэх мэт. Тийм ч болохоор спортоор хичээллэдэг урлагийн мэргэжилтэй хүн олон байдаг байх.

-Та цэргийн алба хаасан уу. Таныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин байсан гэж сонссон.

-Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тамирчин байсан юм. Тус ангид таван жил гаруй харьяалагдсан. Урлагийн мэргэжилтэй ч яагаад спортоор хичээллэж, тамирчин байж болохгүй гэж. Бодибилдингийн тамирчин Л.Саруулбат мөн 084 дүгээр ангийн тамирчин байсан.

Нээрэн, жүжигчин Л.Жамсранжав агсан бас залуудаа боксчин байсан гэдэг юм билээ.

-Найман сарын хугацаанд та Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн. Өмнө нь жүжигчин мэргэжилтэй хүн тийш явж, алба хаасан тохиолдол байдаг уу?

-Монголоос лав байхгүй. Бусад орноос байдаг, эсэхийг мэдэхгүй. Бараг л байхгүй байх даа. Над шиг тэс өөр мэргэжилтэй байж, өөрийгөө эрсдэлд оруулан байж тийш зүглэсэн толгой байхгүй л болов уу.

-Явахаас халширч, эмээгээгүй юү?

-Нэгэнт л тийшээ явахаар зориглож, шийдсэн юм чинь юунаас нь эмээх билээ. Адилхан аавын хөвгүүд явж болоод байхад би юугаараа дутуу гэж. Афганистан явахын өмнө сар гаруйн хугацаанд Тавантолгойд хээрийн бэлтгэл хийдэг юм билээ.

Тэр бэлтгэл л их хэцүү байдаг. Бүх л хүч чадал, эр зоригийг тэнд шавхдаг юм билээ.

-Афганистанд ямархуу нөхцөл байдалтай байсан бэ. Төсөөлснөөс чинь өөр байсан уу?

-Төсөөлснөөс өөр. Орчин нөхцөл, нийгмийн байдал, цаг уур нь ч бас адил. Эрсдэл өндөртэй. Очсоныхоо дараа ёстой л “Би юу хийчихэв ээ” гэж бодсон. Гэхдээ нэгэнт зориод очсон хойно албаа нэр төртэй хаахаас өөр аргагүй.

-Очоод шантарсан уу?

-Монголоос Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явсан хоёр, гуравдугаар ээлжийн алба хаагчид үүргээ үнэхээр сайн биелүүлсэн гэж би ам бардам хэлнэ. Монголын алба хаагчдыг ч тэнд маш их үнэлдэг юм билээ.

-Хүн хүнд нөхцөлд, тэр тусмаа амь эрсдэх аюултай газарт байхдаа нутгаа, гэр бүлээ маш их санадаг байх даа.

-Тэгдэг юм билээ. Өмнө нь гадаадад сурч байхдаа нутгаа тэгтлээ их санаж байгаагүй. Гэр бүлийнхэн минь дэргэд байсан болохоор ч тэр байх. Афганистанд байхдаа бараг л бэтгэрсэн. Хүүгээ ямар их санасан гээч.

-Нутаг буцахынхаа өмнөх шөнө догдлоод нойргүй хоносон уу?

-Монголд буусан хойноо л сэтгэл амарсан. Нутаг буцахын өмнө биднийг өөр баазад шилжүүлсэн. Хятад улс агаарын замаа нээж, зөвшөөрөл олгосон цагт биднийг нисгэнэ гээд хүлээлгэсэн. Тэнд онгоц хүлээж 10 хоносон.

Тэр 10 хоног яасан удаан өнгөрсөн гэж санана. Ёстой л там шиг байсан. Буянт-Ухаа дээр буугаад л санаа амарсан даа. Эр хүнд мохох, сэргэх үе байдаг юм байна. Аль ч үед нь мөн чанараа гээхгүй, хүн шиг хүн байх ёстойг л тэнд ойлголоо доо.

-Ер нь та амьдралдаа энэ мэт эрсдэлтэй алхам олон хийсэн үү. Их огцом шийдвэр гаргадаг хүн бололтой.

-Шийдвэрийг юу ч бодолгүйгээр гэнэт гаргахгүй л дээ. Удаан боддог. Гэхдээ нэгэнт шийдсэн бол хэн ч, юу ч гээд миний бодлыг өөрчилж чаддаггүй.

-Та өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд тоглосон бэ?

-Хамгийн анх 2006 онд “Дурлалын ангууч” гэсэн кинонд тоглож байлаа. Түүнээс хойш “Зэт Эм Эн” студийн “Зөрлөг”, “ДОЗ” энтертайнментийн “Амьдрах тасалбар”, “Хаган” фильмийн “Алтан ус” уран сайхны болон олон улсын хэд хэдэн баримтат кинонд тоглосон.

Хамгийн сүүлд Афганистан явахаасаа өмнө “Тоглож болохгүй нас” гэж кинонд тоглосон.

-Мэргэжлээсээ хэсэг хугацаанд хөндийрчихлөө. Хэзээнээс уран бүтээлийн ажилдаа орох бол?

-Тайз, дэлгэцийн уран бүтээлд жил гаруй огт оролцоогүй. Алба хааж ирснээсээ хойш хоёр сар амарлаа. Ирэх намраас мэргэжлээрээ ажиллах санаатай байна. Зарим найруулагчаас кинонд тоглуулах санал ч ирсэн.

-Урлагийн мэргэжилтэй, спортоор хичээллэдэг хүнд чөлөөт цаг бараг гардаггүй байх. Та завтай үедээ юу хийх дуртай вэ?

-Дуулах, бас усанд сэлэх дуртай.

-Франц, ОХУ-д сургууль төгссөн юм чинь хэлийг нь эзэмшсэн байж таарна. Та хэдэн орны хэлээр ярьдаг вэ?

-Францаар эх хэл шигээ ярьчихна шүү. Түүнээс гадна орос, англиар чөлөөтэй ярьдаг. “Дипломатч болох хүн багаар бодоход гурван орны хэлээр ярьдаг байх ёстой” гэж аав минь захидаг байв.

Хэдий мэргэжлийг нь эзэмшээгүй ч би дипломатч хүний хүүхэд учраас яг л аав, авга ах шигээ мэдлэг, боловсролтой болохыг хичээдэг.

-Зорилгогүй, мөрөөдөлгүй хүн урагш нэг ч алхаж чадахгүй. Таны амьдралын зорилго юу вэ?

-Үнэнийг хэлэхэд, би хэтэрхий том мөрөөдөлтэй. Би Монголынхоо хөгжил, нийгэмд хувь нэмрээ оруулж амьдрахыг л хүсдэг. Үүний тулд ч өөрийгөө боловсруулж, хөдөлмөрлөж байна даа. Сайн үйлсийн аян, буяны ажил байнга зохион байгуулдаг.

Одоохондоо бусдад овойж оцойтлоо их зүйлээр тусалж чадахгүй ч цаашдаа илүү ихийг хийж чаддаг болохын тулд хичээдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)