Б.Ганчимэг: Сэтгэл шингээгүй ажил амин сүнсгүй

Зориод ярьсан хүндээ өөрийгөө хангалттай ойлгуулчихдаг, зориглоод хийсэн ажлынхаа ард гарч байж сэтгэл нь амардаг тийм нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Баянхонгорын хонхроос Монголд, дэлхийд ч алдраа дуурсгаж болно гэдгийг түүнд хань нь ойлгуулж, Улаанбаатар руу тэмүүлсэн хүслийг нь хорьж, нутагт нь үлдээсэн гэдэг.

Зах зээлийн ороо бусгаа цагт торго дурдан зарах гэж лангууны ард сууж үзсэн ч уран бүтээлийн өлсгөлөнд орж, өөрт нь тохироогүй тэр ажлаа орхисон юм билээ. Уг нь тэрбээр УБИС-ийн оюутан байхдаа 1979 онд “Газрын үнэр” Монголын уран сайхны кинонд тоглож, олонд танигдаад, дараа нь “Мөнгөн буйл”-ын саальчин бүсгүйн дүрийг бүтээгээд амжжээ.

Одоо бол тэр “Тэмүүжин” хүүхдийн театрын дарга. Улсын нийслэлд маань ч өөрийн гэсэн байртай, уран бүтээлийн баялаг сантай хүүхдийн театр алга л байна. Тэгвэл Баянхонгорт ийм гэгээлэг театр нэг бий. Хүүхдэд зориулж, эсвэл тэдэнтэй хамтарч уран бүтээл хийхийн зэрэгцээ ирээдүйн иргэдийг хүн болгон хүмүүжүүлдэг газар нь “Тэмүүжин” театр юм.

Театрыг нь татан буулгана гээд зургаан сар бүх ажилтанд нь цалин өгөхгүй байхад л тэр тэмцсээр байгаад уран бүтээлээ хийж, зүтгэсээр байгаад хүүхдийн театр ямар хэрэгтэй, тустайг дарга, мяндагтангуудад ойлгуулж чадсан эмэгтэй.

-Орон нутагт байгаа ууган хүүхдийн театр нь танайх. Та бүхнээс туршлага судалж, нутагтаа хүүхдийн уран бүтээл хийдэг байгууллагатай болохоор зорьж ирдэг хүн ч олон гэдэг. Тэгвэл танай түүх хэрхэн эхэлсэн бэ?

-1986 онд Баянхонгор аймагт Хүүхэд залуучуудын соёлын төв байгуулагдсан нь эхлэл байсан юм. Дараа нь “Тэмүүжин” дуурь зохиогдож, олны хүртээл болж, улмаар 1994 онд Соёлын яамны шийдвэрээр манай театр албан ёсоор байгуулагдсан.

Хүүхэд залуучуудын соёлын төв байгуулагдаж байсан тэр үед би идэр залуухан 26 настай бүсгүй Хөгжимт драмын театртаа ажиллаж байлаа. Анхны дээд мэргэжилтэй жүжигчин болж, 22 настайдаа сургуулиа дүүргэж, аймагтаа ирж ажилласан юм. “Гаргүй хүүхэн” жүжгийн гол дүрд тоглож, хэрэндээ олны танил болж, захидалд дарагдаж явлаа.

Тэр үед манай аймгийн музей байгаа газарт Хүүхэд залуучуудын соёлын төв байгуулж, өдрийн цагаар 650 хүүхдийг сургалтад хамруулж, орой нь залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болсон.

Хөгжлийнхөө үе шатыг туулж, нийгмийн хэрэгцээ шаардлага, авьяастай уран бүтээлчдийн санаачилга дээр энэ байгууллага өргөжсөөр 1989 онд “Тэмүүжин” жүжгийг тоглосон юм. Чингис гэж чангахан дуугардаггүй байсан цаг өөрчлөгдөж, ардчилсан хувьсгалын тохироо бүрдсэн тэр үед энэ уран бүтээл төрсөн.

Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Улаанбаатарт тоглож, хойтон жил нь “Галын амь” бүжгэн жүжиг хийснээр энэ театрын суурь бат сайн тавигдаж, Соёлын яам батламжлан хүүхдийн театр болгосон түүхтэй.

-Соёлын дархлаа байхгүй бол ямар ч улс мөхөх, бусдын нөлөөлөлд орохдоо амархан гэдэг. Тэгэхээр энэ суурь мэдлэг, хүмүүжлийг ард түмэндээ олгохын тулд багаас нь эхлэх хэрэгтэй юм болов уу?

-Хүмүүс нийгмийн халамж, боловсролын салбарын тухай хамгийн түрүүнд ярьж, эмнэлэг барих, мөнгө өгөх хэрэгтэй гэж байна. Энэ чухал. Гэхдээ соёл гэдэг зүйлийг хамгаалахгүй бол чимээгүй тахал тархаж, бид үлдэхгүй болно шүү дээ. Өв соёл бол бидний зүрх. Үүнийгээ хамгаалж чадаагүй улс орон бусдын хоол болно.

Даяарчлалын нөлөөгөөр бидний гэсэн тодотголтой хөгжмийн зэмсгийг өөр хүмүүс тоглож болж байна. Тэгвэл бид юугаараа ондоо байж ялгарах ёстой юм бэ. Кембрижийн боловсролоос илүү чухал нь хүүхдийн суурь хүмүүжил, соёлын дархлаа юм.

-Танай театрт мэргэжлийн жүжигчид ажиллаж хүүхдэд зориулсан уран бүтээл хийхийн зэрэгцээ багачуудыг жүжигт тоглуулдаг. Энэ нь ямар давуу талтай вэ?

-Анх энэ театртаа ажиллахдаа хүүхдийн хөгжлийн чиг хандлагыг дэлхий хэрхэн тодорхойлж байгааг мэдэхгүй л явлаа. Манай театрыг татан буулгана гэсэн яриа гарахтай зэрэгцээд ямар ч гэсэн бид хийж, бүтээж байж л харуулъя гээд зүтгэсэн. Яваандаа гадаадын сургалтад сууж, хурал цуглаанд очоод хийгээд байсан хэрнээ томьёолж гаргаж ирж чадаагүй зүйлээ ойлгосон.

Нэгдүгээрт, хүүхдэд зориулсан уран бүтээл, хоёрдугаарт, хүүхэд өөрөө тоглосон бүтээл, гуравдугаарт, хүүхэд оролцооны бүтээл гэсэн чиглэлээр явж байсан юм байна.

Би УБИС төгсөж ирээд анх эрэгтэй хүүхдийн дүрд тоглож байсан. Тайзан дээр бөмбөг өшиглөж сахилгагүйтэж гүйж байснаа, хөшигний ард нялх хүүхдээ хөхүүлээд сууж байх тэр үед мэргэжлийнхээ харгисыг бас мэдэрсэн. Тэгэхэд хүүхдийн дүрд хүүхэд л тоглуулмаар юм байна даа гэж бодогдож байсан шүү.

Гэтэл “Тэмүүжин” дуурийг тоглосны дараа жил “Галын амь” хүүхдийн жүжигт зургаан настай охин минь тоглох болж, би хүссэн хүсээгүй энэ театрын ажил, уран бүтээлтэй холбогдсон. Хүүхэд гэдэг ямар шавхагдашгүй нөөцтэй, бүтээлч ертөнц вэ гэдгийг тэгж л зах зухаас нь ойлгож байгаа юм.

-Зах зээлийн ороо бусгаа цагт бүх л театр үүдээ барьж, үзэгчгүй болсон гэдэг. Гэтэл “Тэмүүжин” яг тэр үед торнисоор л байж.

-Манай театрынхан тарж, би зохион байгуулагч хийгээд үлдсэн тэр үед “Тэмүүжин” театрыг үүсгэн байгуулагчдын нэг Өлзийбаяр багш надад санал тавьж, драмын багшаар авсан юм. Онгоцны буудал дээр торгоны лангуу ажиллуулж, наймаагаа ч хийхгүй уран бүтээлийн өлсгөлөнд орчихсон явсан надад энэ нь сонирхолтой, сайхан санагдсан. 1992 оноос хүүхдийн театртаа ажиллах болж, “Тэмүүжин” жүжгийг дахин сэргээхээр шамдсан.

Ноот нь олдохгүй, эрж сураад хөгжмийн зохиолчтой нь уулзтал “Буриадуудад зарчихсан” гэдэг байгаа. Тэгж байгаад эрсэн зүйлээ олж “Тэмүүжин”, “Галын амь” жүжгээ сэргээн тоглож, “Шалзат баахан шарга” шинэ уран бүтээлээ хийчихээд Улаанбаатарт тайлан тоглолт зохион байгуулсан. Тэр үед Монгол туургатан хүүхдийн хоёрдугаар фестиваль болж, бид оролцсон. Үнэхээр хүүхэд байдаг байгууллагын ажил маш хурдтай сэргэж болдог юм билээ.

Тухайн үед Хүүхэд, залуучуудын соёлын төв, ардын театр, ардын цирк гэдэг ойлголт нэршил байснаас биш, хүүхдийн театр гэж байгаагүй. Манай аймгийн Соёлын хэлтэст ажиллаж байсан Лувсаншарав гуайн зүтгэл, Соёлын сайд байсан Н.Энхбаяр гуайн шийдвэрээр манай театр байгуулагдсан. Тэр үед энэ дарга далий муруй зүйл ярьдаггүй, хийдэггүй л хүн байсан сан.

-Энэ театрт уран бүтээл хийж, дугуйлан секцэнд хамрагдаж байсан хүүхдүүдийн түрүүч нь одоо аль хэдийнэ амьдралын ид дунд орчихсон яваа. Багаас нь урлагаар хүмүүжүүлсний үр нөлөө тодхон харагддаг байх даа?

-Салбар салбартаа амжилт гаргасан, бүтээлч хүмүүс эндээс төрсөн байна. Бүгд жүжигчин, дуучин, бүжигчин болох албагүй шүү дээ. Тэд сайн үзэгч болно. Сайн үзэгчид театрын тайзнаас өөртөө хэрэгтэй олон зүйлийг ухаж ойлгож чадна. Мэргэжлийн театр, чуулгын уран бүтээлчид болсон нь ч нэлээн бий. Тиймээс бид 30 жилийн ойн баяраа тохиолдуулж Улаанбаатарт тоглолт хийсэн. “Домог”, “Хөсөгтөн” хамтлагийнхан, хошин урлагийнхан, театр, чуулгын дуучид гээд манай театраас төрсөн авьяастан тэнд цөм цугласан.

Ойн баяраараа бид 30 бүтээлч ажил өрнүүлсний хаалт нь болох “Хун цэн” балет арванхоёрдугаар сарын 10-нд үзэгчдийн хүртээл болно.

-Энэ театртай амьдралаа холбоод 24 жил болсон юм байна. Танд шантармаар, больё гэж зугтмаар үе байсан уу?

-Хачирхалтай нь би огт шантраагүй. Тэнэг хүн л тийм байдаг байх. “Газрын үнэр” кинонд тоглож байхдаа би “Шазруун” нэр авч байсан юм. Тэрнээс ч болсон уу, уг хүн нь тийм байсан уу бусад хүн эсэргүүцэж, муулж гоочилбол шантрахгүй, харин ч давшлаад л байдаг зантай.

Манай театрыг татан буулгана гээд зургаан сар цалин өгөхгүй байхад нь ч уран бүтээлээ тасралтгүй хийж, сар сараар нь ажлаа төлөвлөөд зүтгэсэн. Галзуу хүн л тийм байдаг байх даа. Манай нөхөр “Чи чинь хүн биз дээ, наад хүмүүс чинь ар гэртэй шүү дээ” гээд л зэмлэж байсан. Хийсэн, бүтээснийг минь олж харж, буруу шийдвэр гаргалгүй театраа татан буулгахаа больж, бид ч цалинтайгаа залгасан. Энэ л үр дүн юм даа.

Тэд намайг өөрчилж чадахгүй болохоороо Хүүхдийн төлөө төвийн бүтцэд манай театрыг оруулна гэсэн. Тэгэхэд ёстой л тэмцсэн. Олны анхаарлыг энэ асуудалд чиглүүлж, эсэргүүцэл илэрхийлж, дарга нартайгаа хэлэлцээрийн ширээний ард суусан. “Намайг өөрчилж болно оо, хамаагүй. Гол нь энэ театрыг л хөндөж бүү оролд” гэсэн байр сууринаас би хазайгаагүй.

Улсын хүүхэд залуучуудын театр ХААН банк болчихоод, тэнд байсан уран бүтээлчид очих газаргүй, бүх урын сан, архив хаачсан нь мэдэгдэхгүй алга болсныг бид харж байна. Хүүхдийн тодотголтой энэ байгууллага заавал байх ёстой юм.

-Оюутан байхдаа кинонд тоглож эхэлсэн тэр замналаа үргэлжлүүлж жүжигчин болсон бол гэж бодож үзсэн үү, та?

-Би эндээс явахаа шахсан шүү дээ. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш маань намайг хүрээд ир гэдэг байсан юм. Хотод ангийн маань Найдандорж, Санчигдан нарын найруулагч ажиллаж байлаа. Гэтэл нөхөр маань хорьсон. “Би нэг алдартай зураачийн тухай ном уншлаа. Тэр зураач жижигхэн тосгоноосоо дэлхийн зураач болжээ” гэж хэлсэн.

Надаас нэг жилийн өмнө сургуулиа төгсчихөөд төрсөн нутаг Завхандаа томилогдон ажиллаж байгаад эхнэрээ дагаад Баянхонгорт ирсэн тэр хүний амнаас ийм үг гарч, “Чи явбал яв, би явахгүй” гэдэг байгаа. Энэ тухай минь Баянхонгор аймгийн маань сэтгүүлч Санаадагва “Баянхонгорын хонхроос Монголд, дэлхийд” гэсэн гарчигтай сайхан ярилцлага гаргаж байсан шүү.

Ээжийгээ тэнгэрийн орон руу явсныг ч мэдэлгүй хэдэн хүүхдээ тэмцээн, наадамд оролцуулаад явж байсан түүх түүнийх. Авьяастайг нь хөгжүүлэх гэж, арай таарууг нь сайжруулах гэж, өвдсөнийг нь эмчлүүлэх гэж хүний, өөрийнх гэж ялгалгүй хүүхдийн төлөө явдаг болохоор заяа нь тэгширч, муу юмнаас холуур явдаг ч байж мэдэх. Урлагийнхан дундаа нэртэй, өссөн нутагтаа гавьяатай, хэдэн хүүхдэдээ буян хийж, замыг нь зассан ийм нэгэн багш Баянхонгор аймагт байдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)