Б.Бямбажав: Компаниуд татвараа шударга төлөх нь нийгмийн өмнө хүлээж буй том хариуцлага болдог

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн зөвлөх Б.Бямбажавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Барилгын салбарын сүүлийн чиг хаашаа чиглэж байна вэ. Тулгамдаж буй асуудал юу байна?

-Хөрөнгө оруулалтын хэмжээгээс хамаарч үйл ажиллагаагаа явуулдаг учир барилгын салбар нь улс орны эдийн засгаас ихээхэн хамаардаг. Чингис, Самурай бонд зэрэг гаднын хөрөнгө оруулалт их орж ирсэнтэй холбоотойгоор барилгын салбар “буу” маягаар ажиллаж байсан. Харин 2015 оны эцэс, 2016 оны эхээр зогсонги байдалд орсон. Учир нь манай улсын барилгын салбар орон сууцны салбар руу чиглэж, ихэвчлэн арилжааны банкуудаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг байсан. Цаашлаад худалдан авах чадварт нийцээгүй орон сууцны борлуулалт суларч, үүнд суурилаад барилгын салбар уналтад орсон гэж дүгнээд байх шиг. Мөн Хөрөнгө оруулалтын хууль батлагдсантай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалт багассан нь ч үүнтэй холбоотой. Иймд барилгын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, хэд хэдэн эх үүсвэр бий. Тэдгээрийг алдалгүй барьж авах нь чухал.

-Тодруулбал?

-Эхнийх нь улсын төсвийн хөрөнгө оруулалт юм. Статистикийн газрын гаргасан тайлан болон Сангийн яамны вэб сайтад тавигдсан тоо хоёр бага зэргийн зөрүүтэй байгаа. Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр гарсан. Энэ нь цаанаа статистик мэдээ цуглуулж буй арга зүйтэй холбоотой байх. Яамны гаргасан мэдээллээр улсын төсвийн хөрөнгө оруулалт 2015 онд 357 тэрбум төгрөг, 2016 онд 430 тэрбум төгрөг, 2017 онд 779 тэрбум төгрөг, 2018 онд 766 тэрбум төгрөг байсан. Үүнээс харахад 2015 онд унаж байсан үзүүлэлт эргээд өсч байгаа юм.

Хоёрдугаарт, ипотекийн зээл юм. Монголбанкны эх үүсвэр нь 220 тэрбум төгрөг бол улсын төсөвт 120 тэрбум төсөвлөгдсөн. Ер нь ипотекийн зээл өгөгдсөн эх үүсвэр нь 14.2 их наяд төгрөг байгаа юм. Энэ их мөнгийг нийт 93 мянган зээлдэгчид олгосон гэсэн үг. Үүнийг хамгийн эрсдэл багатай, хэрэгжилттэй арга гэж үздэг. Дээрээс нь орон сууцны үнэ ашиг олох хэмжээнд хүрээд байгаа юм..

Гурав дахь эх үүсвэр нь донор улсуудаас болон банк бус санхүүгийн байгууллагуудаас орж ирж буй зээл тусламжууд юм. Хамгийн их зээл өгч буй байгууллага бол Азийн хөгжлийн банк. Дараа нь Дэлхийн банк, Япон, БНХАУ, БНСУ-ын Засгийн газрын зээл тусламж, сүүлд Энэтхэгээс 4 тэрбум ам.долларын зээл авч байх жишээний. Энэ нь манай салбарынханд ажилтай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг.

Дараагийнх нь Оюутолгой, Тавантолгой зэрэг мега төслүүд юм. Тив дамжсан корпорациуд өөрсдөө банкнаас зээл авах эсвэл IPO босгох зэргээр хөрөнгө гаргаад бизнесээ эрхлэхийн тулд хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа юм.

-Гол эх үүсвэрүүдийн нэг болох гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Манай улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль байсныг болиод Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад бус дотоодынхонд илүү давуу эрх олгох зориулалттай. Жишээлбэл, татвараас хөнгөлөх, чөлөөлөх гэх мэт хөрөнгө оруулах нөхцөл боломжийг дээшлүүлэх юм. Үүнийг ч зөв гэж боддог. Харин гаднын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл болон өөрсдийнх нь хөрөнгө оруулалтаар хийж барьж буй объектэд барилгын салбарынхан хэрхэн оролцох вэ гэхээр компаниуд өөрсдөө сайн засаглалтай компани болох ёстой. Мөн чадавхитай байх ёстой.

Оюутолгой дээр жишээ татвал тус компани нийгмийн хариуцлагатай компани байх ёстой. Аливаа нэгэн компани тендерт оролцохдоо хийсэн ажлуудаа жагсаасан байдаг ч чухамдаа ганцхан л үзүүлэлтийг л хангасан байх ёстой юм. Тэр нь татвар. Өөрөөр хэлбэл, татвараа шударгаар төлөх явдал юм. Олон улсын стандартад аливаа нэгэн компани, корпораци татвараа сайн төлөх нь нийгмийн өмнө хүлээж буй чухал хариуцлага болдог.

Мөн төслийн удирдлага, менежментийн асуудал дээр гойд анхаарах нь зүйтэй. Олон улсын стандарт гэж бий. Төслийн удирдлагад ISO:21500, чанарын удирдлага ISO:9001 гэсэн стандартуудыг хангадаг. Түүнчлэн гаднынхны хамгийн чухалд үздэг нэг шалгуур бол хөдөлмөрийн аюулгүй байдал буюу стандарт ISO:45001 юм. Энэ бол компанид тавигдаж буй хамгийн чухал нөхцөлүүдийн нэг. Хамгийн түрүүнд хөдөлмөр хамгаалал буюу хүний аюулгүй байдал нэн түрүүнд бичигддэг. Дараа нь Фидикийн гэрээ буюу Парис төвтэй Олон улсын зөвлөх компаниудын холбоо гэж бий. Азийн хөгжлийн банк 10 сая ам.доллараас дээш өртөгтэй барилга байгууламжид заавал Фидикийн гэрээг ашиглахыг шаарддаг. Манай улсад хараахан нэвтэрч эхлээгүй ч хэрэгжүүлэхийг оролдож буй компаниуд олширч байгаа нь сайшаалтай.

Харин төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжид Сангийн сайдын баталсан загвар гэрээнд түшиглэн хийдэг. Гэвч тэрхүү гэрээ нь маш учир дутагдалтай. Тухайлбал, Сангийн яам өөрсдийнхөө нөхцөлийг хөнгөлөөд, захиалагч талаас хариуцлагыг түлхүү шаардсан байдаг. Тэгтэл төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт цагтаа ороогүй хэрнээ ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байх жишээтэй.

-Хөдөлмөр аюулгүй байдал их алдагдаж байгаа талаар “Барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-өөр шүүмжилж байсан?

-Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль батлагдаад мөрдөгдөөд явж буй. Юун түрүүнд манайхан хуулиа судлаад, хэрэгжүүлэх тал дээр компани өөрөө сайн ажиллах ёстой. Хөдөлмөр аюулгүй байдлын дотоод хяналтын албатай байх ёстой. Тэрнээс биш гаднаас мэргэжилтнүүд авчрах шаардлагагүй. Тухайн компанийг л сайн засаглалтай байхыг шаардаж буй нэг хэлбэр юм. Үүний тулд ISO:45001 стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй. Уг стандартын сертификатыг авахын тулд компани өөрөө маш их ажлыг зохион байгуулдаг. Сургалт явуулах, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх гэх мэт. Энэ бүхний үр дүнд компанийн засаглал дагаад сайжирдаг.

-Яг одоо үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд дээр дурдсан стандартуудыг нэвтрүүлж чадсан уу?

-Аливаа нэгэн стандартыг нэвтрүүлнэ гэдэг их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Зарим нь 2-3 жилийн хугацаа шаардах нь ч бий. Иймд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, менежмент сайтай компаниуд стандартаа нэвтрүүлж эхлээд, сертификатаа авчихсан явж байгаа.

-2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Тэгвэл барилгын салбарт ямар ажлууд өрнөх вэ. Үүнд нь Барилгын ассоциаци ямар үүрэгтэй оролцох вэ?

-Аливаа Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны “Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг барилгын салбарын төрийн бус найман байгууллагын түншлэлийг төлөөлж, “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсүгэй” гэсэн сайдын тушаал гарсан.

Бид юу хэрэгжүүлэх вэ гэхээр нэгдүгээрт, барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгоно. Үүнийг өмнө нь яамнаас олгож байсан юм. Хоёрдугаарт, зураг төсвийн ажлыг гүйцэтгэнэ. Гуравдугаарт, өргөн тээвэрлэх механизм явуулах ажилд зөвшөөрөл олгоно.

-Төрийн бус байгууллагууд тусгай зөвшөөрлийг хариуцдаг болсноороо ямар өөрчлөлт гарсан бэ?

-Төрийн бус байгууллагуудын хамтралын гол чиг үүрэг бол “Монголын барилгын үндэсний ассоциаци” тусгай зөвшөөрлийг нь ерөнхийд нь хариуцна. “Монголын зураг төсөл зохиогчдын холбоо” зураг төсөл зохиодог компаниудыг ерөнхийд нь хариуцна. “Инженерүүдийн холбоо" инженерүүдээ хянаж жинхэнэ мэргэжлийн талаас нь үйл ажиллагаа явуулах юм. Барилгын салбарын бүх мэдээлэл бидэнд бий шүү дээ. Хаана ямар компани, юу хийдэг вэ гэдгийг бид мэднэ. Эцэс сүүлд нь барилгын бүх компаниудыг дүрэм, журамд нь оруулах юм. Өмнө нь яаманд дарга хийж байсан, тусгай зөвшөөрөлд оролцож, авлигажиж байсан хүмүүс одоо давчдаад янз бүрийн зүйл яриад байгаа юм.

Барилга, хот байгуулалтын яам “Барилгын хөгжлийн төв” гэж ашгийн төлөө байгууллага байгуулсан. Энэ байгууллага нь барилгын компаниудын бүх материалыг авч яамандаа өгдөг. Логикийн хувьд төрийн үйлчилгээг ашгийн төлөө байгууллагаар хийлгэх нь тийм зохистой биш. Мэдээж далдуур хэчнээн хэмжээний авлига авдгийг нь бид мэдэхгүй шүү дээ. Бодит байдал нь ийм. “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олон жилийн өмнө олгосон байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)