ББСБ-ын зээлийн хүү хоёр дахин буурахаар тооцжээ

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа. СЗХ-ноос банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэн 800 сая төгрөгийн босго тогтоож, нийслэлд шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгосон.

СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн танилцуулснаар жилд 20 орчим ББСБ шинээр нэмэгдэхээр байгаа аж. 2017- 2020 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогоо жижиг дунд үйлдвэрийн, орон сууцны зэрэг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдтэй хослуулан хэрэгжүүлснээр ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ одоогийнхоос 3.3 дахин нэмэгдэж, зээлийн үйлчилгээний жигнэсэн дундаж хүү 2.1 хувь болж, хоёр дахин буурахаар тооцож буй аж. ББСБ-ын зээлийн хүүг бууруулах зорилт тавьсныг нь гишүүд сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Мөн энэ өдөр Өргөдлийн байнгын хорооны гишүүд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцахаар “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллалаа. Энэ үеэр гишүүн Д.Сарангэрэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд уг байрыг өөрийн болгох боломж бий, эсэхийг тодруулахад, “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй “Хөтөлбөрт хамрагдсан иргэд төлбөр барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх буюу хувьчилж авах боломжтой” гэсэн хариулт өгөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)