ББСБ руу шилжсэн хэрэглээний зээл

Банкуудын зээлийн өсөлт энэ оноос саарч эхэлснийг Монголбанкнаас мэдээлж байв. Төвбанкнаас өнгөрсөн есдүгээр сарын сүүлч гэхэд банкуудын нийт зээл 15 хувиар өсөж, 18.1 их наяд төгрөгт хүрснийг танилцууллаа. Одоогоор иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 18 хувиар өсөн, 9.3 их наяд төгрөгт хүрээд буй аж. Тэгвэл хувийн байгууллагад олгосон зээл 10 хувиар нэмэгдэж, 8.7 их наяд төгрөгтэй дүйсэн байна. Зээлийн өсөлт 2018 оны эцэст 26 хувь хүрч байсан.

Санхүүгийн шинжээчид энэ оныг дуустал зээлийн хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй гэж таамаглаж буй юм. Тэгэхээр зээлийн өсөлт өнгөрсөн оныхоо дүнд хүрэхгүй нь тодорхой болов. Зээлийн өсөлт яагаад саарсан бэ.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилийн дүнгээр 7.3 хувиар өссөн. Энэ бол эдийн засгийн нөхцөл сайн байгааг харуулсан өндөр үзүүлэлт. Ийм үед банкуудын зээлийн өсөлт саарч буй нь сонирхол татах нь дамжиггүй. Эдийн засаг хүндэрсэн үед банкууд активаа хамгаалах зорилгоор олгох зээлийнхээ хэмжээг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн уналтын үед эргэн төлөх чадвартай хувь хүн, аж ахуйн нэгжид л зээл олгодог юм. Хүссэн бүхэнд нь олгоод байвал чанаргүй зээл нэмэгдэж, эцэстээ банк нь дампуурах эрсдэл тулгарах учраас болгоомжилдог.

...Банкны хэрэглээний зээл буурсан бол банк бус санхүүгийн байгууллагуудынх өсчээ. Энэ оны хагас жилийн дүнгээр ББСБ-уудын зээл 42.7 хувиар өсөж, дээд амжилт тогтоов. Банкууд урт хугацаатай зээлээ олгохоо больсон тул иргэд ББСБ-ыг сонгож буй нь дээрх дүнгээс харахад тодорхой...

Эдийн засгийн нөхцөл сайн байхад зээлийн өсөлт саарч буй нь цаанаа учиртай юмсанж. Банкуудын төлөөлөл зээл олгох нь саарч буй нь Төвбанкны мөнгөний хатуу бодлоготой холбоотой гэж тайлбарлалаа. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо сүүлийн хоёр удаагийн хурлаараа хэлэлцээд, бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээсэн. Банкны салбарын нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээж байгаа. Энэ нь мөнгөний бодлогыг чангаруулах ч үгүй, сулруулах ч үгүй мэт дүр зураг харуулдаг. Гэхдээ Төвбанк цаагуураа мөнгөний нийлүүлэлтийг сааруулах, зээл олголтыг хязгаарлах арга хэмжээ авсаар байна” гэж ярьсан.

Зээл олголтыг хязгаарласан нь бол тодорхой. Монголбанкнаас өнгөрсөн жилээс хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого баримталсан. Үүнийгээ ч ил тод зарласан. Төвбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Нийт зээлийн 40 хувийг хэрэглээний зээл эзлэх боллоо. Энэ бол эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын хувьд зохисгүй үзүүлэлт. Хэрэглээний зээлийг хязгаарлаж, тийш урсаж буй санхүүжилтийг эдийн засгийн бодит сектороо дэмжихэд зарцуулах шаардлагатай

байна” гэж жилийн өмнө тайлбарлаж байв. Улмаар Монголбанкнаас хэрэглээний зээл олгох хугацааг 30 сар, өр, орлогын харьцааг 70 хувь болгон бууруулсан. Өмнө нь хэрэглээний зээл олгох хугацаа 60 сар хүртэл уртсаж, өр, орлогын харьцаа хязгааргүй байсан юм. Ийм арга хэмжээ авснаар банкнаас олгох хэрэглээний зээл буураад байгаа билээ. Тухайлбал, арилжааны банкны лизингээр автомашин худалдаж авах явдал илэрхий багасжээ.

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээ сайжруулах шаардлага тулгарсан нь банкууд зээл олголтоо сааруулах нэг шалтгаан болсон гэнэ. Олон улсын валютын сантай Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарын үнэлгээг хийсэн. Өдгөө нийтэд ил болоод буй мэдээллээр, арилжааны долоон банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангах үүрэг авсан билээ. Банкны өөрийн хөрөнгө дээд тал нь нийт активынхаа 14 хувиас их байх учиртай. Долоон банкнаас хамгийн хүндрэлтэй “Капитал”-ыг татан буулгасныг бид мэднэ. Банкуудын өөрийн хөрөнгө 520 тэрбум төгрөгөөр дутсан гэж Монголбанкнаас мэдээлж байв. Банкууд шаардлагын дагуу өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Гэсэн ч дахин хийсэн аудитын шалгалтаар “но” илэрсэн гэж ОУВС-гаас мэдээлээд байна. Шалгуур үзүүлэлтээ хангаж буй, эсэхийг нь хүлээн зөвшөөрөх нь тодорхойгүй байгаа нь зээл олголтыг сааруулжээ.

Зээлийн өсөлтийг сааруулах өөр нэгэн шалтгаан бий. Энэ нь мөн л банкуудын активын үнэлгээтэй холбоотой. Чанаргүй зээл сүүлийн жилд 545 тэрбум төгрөгөөр өссөнийг өмнө нь бид мэдээлсэн. Активын чанарын үнэлгээ хийгээд, зарим зээлийг муу гэж дүгнэснээс ийм өндөр дүнгээр нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь банкуудын зарим зээлийн ангиллыг өөрчилсөн хэрэг.

Зээлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй гэж ангилдаг. Хэвийн болон хугацаа хэтэрсэн гэж үзэж байсан зээлийг нь чанаргүй гэсэн ангилалд шилжүүлэхээр эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлага банкуудад тулгарна. Ингэхээр зээл олгохоор зэхсэн мөнгөө тийш нь шилжүүлнэ гэсэн үг. Зээлийн өсөлтийг сааруулах ийм бодитой шалтгаанууд байгааг салбарын хөндлөнгийн шинжээчид дуулгав. Зээлийн өсөлт саарч буй нь эдийн засагтаа хохиролтой ч банкуудын “бие” эрүүлжвэл хэтдээ тустай билээ.

Хэрэглээний зээлийг хязгаарласны дараа банкуудын санхүүжилт эдийн засгийн бодит секторыг “онилж” байна уу гэдэг асуулт гарна. Энэ жилийн тухайд Монголбанкны эдийн засгийн бодит сектор буюу бизнесийн салбар руу өмнөхөөс их хэмжээний санхүүжилт “урсгах” зорилго арилжааны банкуудын “бие”-ийн байдлаас шалтгаалаад хэрэгжсэнгүй гэж дүгнэж болох нь. Ирээдүйд нөхцөл хэрхэхийг дүгнэхэд эрт. Шинжээчид банкууд өөрийн хөрөнгөө нэмээд, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ бууруулчихвал санхүүжилтээ тэлнэ гэж баталж байгаа. Зүй ёсны дагуу бол ингэх л учиртай.

Банкны хэрэглээний зээл буурсан бол банк бус санхүүгийн байгууллагуудынх өсчээ. Энэ оны хагас жилийн дүнгээр ББСБ-уудын зээл 42.7 хувиар өсөж, дээд амжилт тогтоов. Банкууд урт хугацаатай зээлээ олгохоо больсон тул иргэд ББСБ-ыг сонгож буй нь дээрх дүнгээс харахад тодорхой. Хагас жилийн дүнгээр ББСБ-уудын зээлийн үлдэгдэл 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.1 их наядад хүрчээ. Үүний 87 хувийг иргэдэд олгосон зээл эзэлж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны статистик мэдээлэл илтгэв. Хэрэглээний зээл хүсэгчид ББСБ-ууд руу ийнхүү шилжжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)