Б.Болдыг “Rio tinto”-гийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар томиллоо

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio tinto” 10 за­хирлынхаа хоёрыг нь халсан та­лаар “Reuters” дамжуулав. “Rio tinto”-гийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дейвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Болдыг томилжээ. Улмаар тэрбээр тус компанийн гүйцэтгэх хорооны гишүү­дийн (нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй) нэг болж буй. Б.Болд нь “Rio tinto”-д 2013 оны тавдугаар сараас ажиллаж эхэлсэн бө­гөөд хэд хэдэн удаа тушаал ахиж, өнгөрсөн оны наймдугаар сараас Төмрийн хүдрийн группийн борлуулалт, маркетинг хариуц­сан захирлаар ажиллаж байсан юм.

Тэр­бээр анх “Rio tinto”-гийн Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа (Өмнөд Африк, Австрали, Индонез, АНУ, Монгол Улс дахь) хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн 2010 оноос “Оюутолгой” төслийн зөв­ лөхөөр ажиллажээ. Б.Болд нь 2009 он хүр­тэл Нью-Йорк, Лондон дахь “JPMorgan”-д (11 жилийн турш) хөрөнгө оруулалтын бан­кираар ажиллаж байжээ. Тэгвэл 2012-2014 онд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар ажилласан юм. Алан Дейвис нь Гвиней улс дахь төмрийн хүдрийн томоохон “Симандоу” төслийн зөв­лөх Франсуа де Комбред 10.5 сая ам.дол­ларын төлбөр өгсөн нь илэрчээ. Алан Дей­вис “Rio tinto”-д 20 орчим жил ажилласан агаад дээрх албан тушаалд өнгөрсөн дол­дугаар сард томилогдож байсан аж. Бас Хууль, захиргааны хэргийн захирал Дебра Валентайныг халжээ. Тэрбээр ирэх онд тэтгэвэртээ гарах байсан гэнэ. Тус компани мэдэгдэлдээ “Дэлхийн улс орнуудад мөрд­дөг компанийнхаа стандартыг эдгээр за­хирал хангуулж ажиллаагүй” гэж бичжээ. Дашрамд дурдахад, “Rio tinto” нь “Симандоу” төслийн 46.6 хувийг Хятадын төрийн өмчит “Chinalco”-д худалдахаар тохиролцсоноо өнгөрсөн сард мэдэгдэж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)