Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫН БАС НЭГЭН ДЭЭД АМЖИЛТ

 Улс тунхагласны ой буюу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд үндэсний бөхийн барилдаан болдог уламжлалтай. Харин энэ жилээс эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, үндэсний бахархалын өдрийг 14-нд тэмдэглэн хэвшиж, улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болсон тул Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр дээрх барилдааныг хийхгүй байхаар шийдвэр гаргаж, цахим хуудасдаа байрлуулсан юм. Гэвч энэ шийдвэрт өөрчлөлт орж, 256 хүчтэнийг барилдуулахаар болжээ. Уламжлалт барилдааны түүхийг сөхөж, сонирхолтой зарим баримтыг дэлгэе.

1.Тус барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх дархан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 1990 онд аваргалахдаа улсын арслан М.Мөнгөнийг, хоёр жилийн дараа түрүүлэхдээ аймгийн арслан А.Сүхбатыг (тухайн үеийн цолоор нь бичив), 1993 онд улсын аварга О.Балжиннямыг, 1997 онд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг, 1998, 1999 онд улсын заан Б.Гантогтохыг орхин, нийт зургаан удаа түрүүлж, дээд амжилт тогтоожээ.

2.Цолны хувьд үзвэл заануудад дээрх барилдаан тун өгөөжтэй. 1991 оны барилдаанд 128 хүчтэн зодоглоход улсын заан Ц.Баярсайхан түрүүлсэн юм. 1994 онд улсын заан С.Хүрэлбаатар, жилийн дараах барилдаанд улсын заан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүлжээ. Д.Сумъяабазар заан цолтойдоо буюу 2000, 2001 онд аваргалсан бол И.Доржсамбуу мөн л эл цолтойдоо 2004 онд өрсөлдөгчдөө магнайлж байв.

3.Улс тунхагласны ойн барилдаанд улсын цол аваагүй байхдаа түрүүлж, шинэ амжилт тогтоосон нэгэн Ч.Санжаадамба юм. Тэрбээр цэргийн арслан цолтойдоо 2010 онд 128 хүчтэнээс тодорсон билээ.

4.Уран хурц барилдаанаараа гайхагдсан А.Сүхбат аварга аймгийн арслан цолтойдоо түүхт барилдаанд үзүүрлэж, 2000 онд (улсын аварга) мөн л аман хүзүүдсэн бол хоёр жилийн дараа л түрүүлжээ. 2003 онд тэрбээр түрүү үзүүрт үлдээд Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодсон юм. Өсөхөө аваргын хувьд улс тунхагласны ойд гурвантаа манлайлсан түүхтэй.

5.Начин цолтойдоо хамгийн анх үзүүр түрүүнд тунаж үлдсэн хүчтэн Д.Бумбаяр. Тэрбээр 1995 онд Д.Мөнх-Эрдэнэд унасан байна. 2001 онд Г.Элбэг, 2010 онд Ш.Тогтохбаяр, өнгөрсөн жил Э.Энхбат нар начин цолтойдоо үзүүрлэсэн юм.

6.Үндэсний бөхийн цол, дүрэмд өөрчлөлт гарснаас хойш гарьд хэмээн дуудуулан зодоглосон бөхчүүдээс И.Доржсамбуу 2008 онд анх манлайлжээ. Өнгөрсөн жил дээрх барилдаанд гарьд Н.Ганбаатар түрүүлсэн билээ. Харин арслан цолтнуудаас 2006 онд Д.Азжаргал торойж, харцага Т.Мөнгөнцоожийг орхисон түүхтэй.

Б.СОНДОР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)