Б.БАТНЯМ: Манай тогооч нар хээрийн нөхцөлд 12 төрлийн нарийн боов хийсэн нь өндөр оноо авлаа

Дэлхийн хэд хэдэн улсад зэрэг зохион байгуулсан “Цэргийн наадам-2018”-д манай цомхон бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний алба хаагчид амжилттай оролцож ирсэн билээ. Энэ жил манай улс энэ наадмын гурван төрөлд өрсөлдсөн бөгөөд өмнө нь бид “Мэргэн буудагчийн зааг”, “Танкийн биатлон”-д оролцсон багийнхныхаа амжилтаас уншигчдадаа хүргэсэн. Энэ удаа “Хээрийн гал тогоо” төрөлд оролцож, цом, медаль хүртсэн багийн ахлагч, ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хэрэгслийн төлөвлөлт, хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, тус тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Б.Батнямтай ярилцлаа.

-Та бүхний оролцсон “Хээрийн гал тогоо” төрөлд өнөө жил хэчнээн орны цэргийн тогооч нар ур чадвараа сорив гэдгээс ярилцлагаа эхэлье. Өмнөх жилүүдээс тоо нь нэмэгдсэн гэсэн мэдээлэл байсан.

-“Цэргийн наадам-2018”-ын хүрээнд болсон “Хээрийн гал тогоо” тэмцээнд Ази, Европ, Африкийн 12 орныхон оролцож ур чадвараа сорьсон. Манай улсын хувьд өнөө жил энэ төрөлд гурав дахь удаагаа амжилттай оролцоод ирлээ. Анх олон улсын тэмцээн болсон үеэс эхэлж ур чадвараа сорьсон юм. Өнөө жил оролцогч орнуудын тоо нэмэгджээ. Эхний жил таван орон оролцож байсан бол өнгөрсөн жил зургаа, өнөө жил 12 орны цэргийн тогооч нар ур чадвараа сорилоо. Жилээс жилд оролцогчдын бэлтгэл, ур чадвар, чанар чансаа дээшилж, туршлагатай цэргийн алба хаагчдаа авчирч сойсон тэмцээн боллоо.

-Тэмцээн хэрхэн явагддаг юм бэ. Манайхан нэг төрөлд нь тэргүүлсэн гэж Оросын телевизийн “Звезда” сувгаар мэдээлсэн л дээ.

-Үндсэн гурван үе шаттай. Эхний шатанд өгөгдсөн бүтээгдэхүүн, материалаар хоол хийх, талх нарийн боов бэлтгэх, хоёрдугаар шатанд заасан цэсийн дагуу хоол хийх, гурав дахь шатанд буудлага, биеийн тамирын дасгал, норматив гүйцэтгэх даалгавартай.

Манай багийнхан нарийн боов хийх төрөлд тэргүүлсэн. Спортын төрөлдөө цомын эзэн болсон амжилттай оролцлоо. Спортын төрөл нь цэргийн алба хаагчдын хурд хүч, авхаалж самбааг шалгасан, 400 метрт гүйхдээ хүчний дасгал хийх, 50-60 кг жинтэй ачаа үүрч, тодорхой зайг туулах, уулын оргил руу олсоор авирах, дүүжинд суниах гэх мэт төрөлд манай тогооч, техникийн ажилтнууд оролцож, түрүүлсэн юм.

-Тогооч гэхээр голдуу эмэгтэйчүүд байдаг. Зэвсэгт хүчний анги салбарт ч ялгаагүй бүсгүйчүүд л ажиллаж буй харагддаг шүү дээ. Энэ тэмцээнд оролцох багаа хэрхэн сонгов?

-Манай Зэвсэгт хүчний тогооч мэргэжилтэй цэргийн алба хаагчдын олонх нь эмэгтэй байдаг нь яах аргагүй үнэн. Энэ жил бид буудлага, биеийн тамирын дасгал гүйцэтгэх даалцогчдынхоо харьцааг тэнцүү байдлаар буюу гурван эмэгтэй, таван эрэгтэй тамирчин, дасгалжуулагч, багийн ахлагч гээд 10-уулаа оролцсон. ЗХЖШ-аас гадна хот, хөдөөгийн 123, 330, 325, 017, 310, 327, 150, 337 зэрэг анги салбараас алба хаагчид багтсан.

-Үндэсний хоолоороо гадаадынхныг дайлсан биз?

-Тэмцээний удирдамж, заавар, журмын дагуу тэмцээний нээлт, хаалтын үеэр үндэсний хоолоо хийж, уригдсан орнуудын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид, Батлан хамгаалахын сайд нар, ЗХЖШ-ын дарга нарт үндэсний хоолны үзэсгэлэн гаргасан. Мөн үндэсний хувцас, соёл, ёс заншлаа ч сурталчиллаа.

Цэргийн наадмын нээлтэд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу, орлогч сайд, Казахстаны ЗХЖШ-ын дарга зэрэг өндөр дээд хэмжээний зочид манай асраар зочилж, Монгол үндэсний хоол, цайг амталсан юм. Хаалтын үеэр ОХУ-ын ЗХЖШ-ын Ар талын газрын орлогч дарга тэргүүтэй зочид ч манай асарт саатан үндэсний маань хоол, ундаар дайлуулсан.

Мөн “Танкийн биатлон” тэмцээн үзэхээр ирсэн жирийн иргэд ч монгол үндэсний хоол, цайгаар дайлуулсан. Зөвхөн нээлт, хаалтын үеэр л гэхэд 300-400 орчим хүнд үндэсний 13 нэр төрлийн хоолоор үйлчилжээ.

-ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу монгол цустай хүн шүү дээ. Манай үндэсний хоол амтлаад ямархуу сэтгэгдэлтэй байсан бол?

-Манай асраар зочлоход нь бид цэргийн хүний ёсоор илтгэл өгсөн. Өнгөрсөн жил ч, энэ удаад ч С.Шойгу сайдыг сүүтэй цайгаа барьж угтсан л даа. Мөн хоол, ундаараа дайлах үед тэрбээр “Би бүх орны асраар орж, хоол идээд байх юм бол цадчихна. Би танай хоолыг мэднэ шүү дээ” гээд цай ууж, борцноос маань цайндаа дүрж идээд сэтгэл өндөр буйгаа илэрхийлэн амжилт хүсээд гарсан. Өнгөрсөн жил ч бас айраг, сүүтэй цайгаараа дайлсан. Монгол цустай хүн учраас үндэсний хоолыг маань хараад энэ нь тийм хоол байна гэж мэддэг учраас сэтгэгдэл өндөр гарсан.

-Нарийн боовны төрөлд түрүүлсэн гэсэн. Юугаараа бусад орноос ялгарч, шүүгчдээс өндөр оноо авч чадсан бэ?

-Оролцогч орнууд өмнөх жилүүдэд талх, нарийн боовны төрөлдөө дэлхийд дээгүүрт ордог, славян тогооч, нарийн боовны мэргэжилтнүүдээ авчирсан байсан. Бид тэднээс дутахгүйн тулд сарын хугацаанд сайтар бэлтгэсэн л дээ. Манай тогооч нар нарийн боовны гурван төрлийн зуурмагаар хээрийн нөхцөлд 12 төрлийн нарийн боов, ороомог, кекс зэргийг хийсэн. Хээрийн нөхцөлд гурван төрлийн зуурмагаар 12 нэр, төрлийн бүтээгдэхүүн хийснээрээ өндөр оноо авсан.

Бусад улсынхан ганцхан хөөмөл зуурмагаар 10-12 нэр, төрлийн бүтээгдэхүүн хийсэн. Манайх шиг олон төрлийн бүтээгдэхүүн хийгээгүй учраас шүүгч нар “Өндөгтэй зуурмаг ашиглаж, зориулалтын цахилгаан зуухгүйгээр, цэргийн гал тогоонд хийнэ гэдэг нь ур чадвар шаардсан ажил” гэж үнэлэн манайд өндөр оноо өгснөөр энэ төрөлдөө түрүүллээ.

Энэ төрөлд оролцсон алба хаагч нарт маань шүүгчдийн нэрэмжит шагнал олгосон юм. Зэвсэгт хүчний 325, 330 дугаар ангийн хоёр эмэгтэй цэргийн алба хаагч уг шагналаар шагнуулсан.

-Та өөрөө олон улсын шүүгчээр ажилласан. Шүүгчдэдээ мэдээж тодорхой хугацаанд сургалт явуулна биз. Бусад орны шүүгч нар орчуулагчтай явж байсан. Манайхан хэн нэгний тусламжгүй хэл нэвтрэлцэж байв уу?

-Энэ жилийн тэмцээний онцлог нь шүүгч нартаа үнэнч шударга, нарийн дэг журамтай шүүх талаар сургалт явуулж, гэрчилгээ олгосон. Өмнөх жилүүдэд тэгж байгаагүй. Ингэснээр шүүгч нарын хариуцлагыг дээшлүүлэх, тэмцээнийг үнэн бодитой шүүхэд дэвшил гарсан байна лээ. Манайханд хэлний бэрхшээл тулгараагүй ээ. Би ОХУ-д Цэргийн ар тал, тээврийн академи төгссөн учраас хэл нэвтрэлцэхэд амар байсан. Харин БНХАУ, ӨАБНУ, Ангол гээд олон орон орчуулагчийн тусламжтай харилцаж байлаа.

-Манай Зэвсэгт хүчнийхний хэрэглэж байгаа хээрийн гал тогооны тоног төхөөрөмж, ОХУ-ын Зэвсэгт хүчинд хэрэглэдгээс хоцрогдсон байна уу?

-Хоцрогдсон зүйл байхгүй. Манайхны ашиглаж буй хээрийн гал тогооны тоног төхөөрөмжийн дараачийн шинэ загвар нь гарч, түүнийг нь хэрэглэдэг болсон байна лээ. Ажиллагааны зарчим нь адилхан учраас яг одоо бидний ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд хоцрогдсон гэж үзэхгүй. Талх, нарийн боов хийх төхөөрөмжийг чиргүүл дээр суурилуулан ашигладаг болсон. Харин манайхан суурин нөхцөлд ашигладаг, хуучин загварыг нь ангиудад хэрэглэж байгаа. Тоног төхөөрөмжийн ажиллагааны зарчим адил, бид өмнө ажиллаад үзчихсэн учраас сандарч, тэвдсэн зүйл гараагүй.

-Буудлагын тэмцээний үеэр арай сүүлийн үеийн буутай байх шиг харагдсан?

-Тийм ээ. Манай Зэвсэгт хүчнийхэн АК-47 буу ашигладаг. Тэнд очоод бид арай хөнгөн, АК-74 загварын буугаар буудсан. Тэмцээн эхлэхээс өмнө бид дадлага, сургуулилалт хийгээд буудаж дадлага сургууль хийсэн боловч бага зэрэг сандарч, буудлагын тэмцээндээ гуравдугаар байрт орсон. Нэг, хоёрдугаар байрт шалгарсан ОХУ, БНХАУ-ын баг өөрсдийн зэвсэглэлд ашиглаж буй буугаар буудаж байсан л даа. Тэмцээний дүрэмд үүнийг зөвшөөрдөг юм.

-Хоолны төрөлд аль улс тэргүүлэв?

-Энэ төрөлд 50 нэр төрлийн бүтээгдэхүүн олгож, түүгээр дөрвөн цагийн хугацаанд 20, 30 хүний хоол хийх даалгавар өгсөн. Манайх уг төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн. ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Азербайжан зэрэг улс өндөр оноо авсан. Орон орны шүүгч нарын үнэлгээ, амталгаа зэрэг нь өөр учраас харьцангүй оноо тавьж үнэлдэг юм. Бусад орнууд байдаг л энгийн хоолоо хийсэн ч, өнгө үзэмж, таваглалт, технологийнх нь дагуу хийж байна уу, үгүй юү гэдгийг арбитрын болон дундын шүүгч үнэлж байлаа.

-Өнгөрсөн жил манайх бас л амжилттай оролцсон байх аа?

-Өнгөрсөн жил шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ жил олон оролцсон учир шагналт байр байгаагүй. Энэ жил бидний тавьсан зорилго бол эхний гурван байранд орох байсан ч хараахан хүрээгүй.

Дараа жил бэлтгэлээ сайн базааж, энэ удаад оноо адсан зүйлээ засаж залруулахад анхаарч байгаа. Энэ тэмцээнд оролцсоны ач холбогдол нь манай цэргийн алба хаагчдын, ялангуяа тогооч мэргэжилтэй алба хаагчдын ур чадвар ахиж, бусад орны тогооч, нарийн боовчдоос суралцан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн явдал гэж бодож байна. Түүнээс гадна албандаа итгэх итгэл нь сайжирч, мэргэжилдээ дуртай болж, өсөж дэвжиж буй нь сүүлийн 2-3 жилд харагдаж байгаа.

-Олон улсын тэмцээнд оролцох тогооч алба хаагчдаа дотооддоо тэмцээн зохиож сонгодог юм уу?

-Тийм. Манайх 2013 оноос хойш жил бүр тогооч нарынхаа дунд мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн зохиодог болсон. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулна. Олон улсын “Хээрийн гал тогоо” тэмцээний журам, зааварт ойртсон уралдаан болдог. Үүнд сайн оролцож, ур чадвараа харуулсан цэргийн алба хаагчдыг сонгож олон улсын тэмцээнд өрсөлдүүлдэг.

Тогооч мэргэжилтэй цэргүүдийн ур чадвар дээшилж, мэргэжилдээ дур сонирхолтой болж байгаа бас нэг жишээ гэвэл, “Хээрийн гал тогоо” тэмцээнээс гадна энэ жилээс мэргэжлийн холбоодтой хамтарч, олон улсын бусад тэмцээнд Зэвсэгт хүчний анги салбарын тогооч нар ур чадвараа сорих болсон. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Туркэд болсон олон улсын тэмцээнд Зэвсэгт хүчний 013, 015 дугаар ангийн тогооч нар 2-3 төрөлд оролцон, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Ийнхүү тогооч нарын ур чадвар сайжирснаар офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдалд дам байдлаар нөлөө үзүүлж байгаа гэж үздэг.

-Дотооддоо зохион байгуулдаг “Хээрийн гал тогоо” ч юм уу, өөр бусад төрлийн тэмцээнийг хүүхэд залууст үзүүлж болдоггүй юм уу. ОХУ-д болсон “Цэргийн наадам-2018”-ын “Танкийн биатлон”-ыг хүүхдүүд их үзэж байгаа нь харагдсан. Хүүхдэд, залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгоход нэмэр болох уу?

-“Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо” тэмцээнийг ОХУ-ын тал хүүхэд залуучууддаа, “Залуу арми” байгууллагын гишүүн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлж, бидний хийсэн хээрийн хоол, цайг амтлуулж, хэрхэн хүнсээ бэлтгэж буйг, цэрэг хүний амьдарч буй нөхцөл байдлыг таниулж байсан. Мөн спортын тэмцээн ч зохион байгуулж буйг үзүүлдэг юм. Улмаар ижил хувцсаар хангаж, нас, хүйсэнд нь тохирсон цэрэг, спортын уралдаан тэдний дунд зохиож байна. Үүнийг Монголдоо хийж яагаад болохгүй гэж. Батлан хамгаалах салбарын аливаа уралдаан тэмцээнийг хүүхэд, залууст зохион байгуулалттай үзүүлснээр энэ нь тэдэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж бодож явдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)