Баяр наадмын төсвийг 2.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй гэв

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардалд сүүлийн таван жилд улсын төсвөөс жил бүр 2.7-2.9 тэрбум төгрөг зарцуулжээ. 2010 онд бид 640 гаруй сая төгрөгөөр наадаж байсан бол 10 жилийн хугацаанд эл тоо хэд дахин өссөн нь энэ. Тэгвэл энэ онд 2.9 тэрбум төгрөгт багтаан наадахаар төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Тус албаны дарга Ц.Ганзориг “Ер нь наадмын төсвийг хэтрүүлэн зарцуулж байж. 2.9 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 3.3 тэрбумд хүргэсэн тохиолдол ч байна. Энэ жил иргэдийг цуглуулахгүйгээр наадмаа тэмдэглэх ч төсөв нь хэмнэгдээгүй. Учир нь баяр наадмын талбайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг үзвэрийн тасалбар болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг бусад орлого тасрах юм. Үүнээс гадна технологийн дэвшил ашиглан, телевизийн есөн сувгаар, хоёр өдрийн турш баярын үйл ажиллагаа нэвтрүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгө нь чамгүй” гэлээ.

Баяр наадмын төсвөөс хамгийн ихийг нь урлаг, соёл, ёслол хүндэстгэлийн арга хэмжээнд зарцуулдаг юм байна. Мөн эрийн гурван наадмын бай шагнал, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчмын бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний ажлын зардлыг шингээдэг. Түүнчлэн нийтийн хэв журам сахиулах, онцгой байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ажилтнууд, явуулын байр бэлтгэх болон бусад зардалд хөрөнгө төсөвлөдөг аж. Харин үзвэрийн тасалбарын борлуулалт, наадмын үеэр хоол хүнс, бэлэг дурсгалын зүйл борлуулсан аж ахуйн нэгжүүдийн түрээсийн орлого, автомашины зөвшөөрөл зэргээс сүүлийн гурван жилд жил бүр 300-400 сая төгрөг олжээ. Эл хөрөнгийг урьдчилан тооцон, баяр наадмын төсвийг батлахад багтаадаг байв. Ташрамд дурдахад, энэ жилийн наадмыг зохион байгуулах “XIII зуун” цогцолбор хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумаас 20 орчим км шилэн кабелийн шугам татаж дуусжээ. Үүний өртөг 170 гаруй сая төгрөгийг “XIII зуун” цогцолборынхон өөрсдөө санхүүжүүлсэн байна.