Баярлалаа НОСК

Нийслэлийн орон сууцын корпорац (НОСК) өнгөрсөн долдугаар сараас эхлэн цар тахлын эрсдэл дунд ажиллаж буй төрийн албан хаагчдаа орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ зах зээлд бэлэн байгаа орон сууцуудыг төрийн албан хаагчдад нийлүүлсэн. Үр дүнд нь төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөр өгөлгүй, түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдсан билээ. Үүнээс гадна төрийн албан хаагчдаас урьдчилгаа төлбөр нэхэлгүй, орон сууцаар хангасан хувийн хэвшлийн 30 гаруй барилгын компаниудад НОСК-аас өнөөдөр 40 гаруй тэрбум төгрөгийг хуваан шилжүүлэв. Тиймээс хувийн хэвшлийн эдгээр компанийнхан “Ковид-19” тархсан, эдийн засгийн хямрал үргэлжилж буй энэ цаг үед ажилтнуудынхаа цалинг тавьж, банкны өрөө дарах бололцоо бүрдлээ хэмээн Засгийн газар хийгээд НОСК-ынханд талархаж байна. Ийнхүү энэ салбарт ажиллаж, амьдралаа залгуулдаг олон зуун иргэд ийн өнөөдөр цалинтайгаа золголоо. Барилгын нэг компани өнгөрсөн хугацаанд хамгийн хамгийн багадаа 300 сая, дээд тал 6.8 тэрбум төгрөгийн орон сууцыг иргэдэд борлуулжээ. Засгийн газраас дэмжлэг үзүүлж, НОСК хэрэгжүүлж буй эл хөтөлбөрт 1300 төрийн алба хаагчдыг хамруулахаар төлөвлөсөн байна. Өдгөө 800 гаруй төрийн албан хаагч орон сууцад оржээ. Он дуусахаас өмнө батламж гардсан 300 гаруй албан хаагчийг орон сууцаар хангах аж. Улмаар 2021 оны эхээр үлдсэн алба хаагчдыг уг хөтөлбөрт хамруулна. Энэ нь нэг талдаа төрийн албан хаагчдыг орон сууцад хамруулж, нөгөө талдаа хувийн хэвшлийг дэмжсэн явдал. Орон сууцад орсон иргэн сард дунджаар 700 мянган төгрөг төлдөг. Ер нь, хамгийн багадаа 450 мянга, дээд тал 1.2 сая төгрөг төлж буй гэнэ. Орон сууцад орсон иргэд зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж буй. НОСК-аас ирэх жил түрээслээд өмчлөх орон сууцын зээлийн хүүг дөрөв болгохоор төлөвлөж, боломжит хувилбарыг судалж буйгаа хэлсэн. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулахын тулд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй. Тус корпорацын захирал Д.Сүхбаатараас энэ талаар тодруулахад “Аж ахуйн нэгжүүдээс НОСК-ын нэр дээр байр авч, иргэдтэй худалдан авах буюу түрээслээд өмчлөх гэрээ байгуулан өгч буй. Үүнийгээ үндэслэн Монголбанканд хандсан. Төв банкны бодлогын хүү найман хувь байдаг. Тиймээс НОСК-аас Засгийн газар хандан найман хувийн хүүгээс гурван хувийн хүүгийн дэмжлэг авсан. Ингээд таван хувийн хүү дээр нэг хувийн хүүгийн эрсдэлийн сан байгуулсан. Улмаар зургаан хувийн хүүтэй зээлийг зах зээлд гарган, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Түрээслээд өмчлөх хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараа ипотекийн зээлийн хүү найм байсныг зургаа болгосон. Зээлийн хүүг зургаа болгох боломжтойг бодитоор харуулсны дараа Монголын ипотекийн корпорац ч зээлийн хүүгээ мөн адил зургаа болгосон. Монголын ипотекийн корпорац аль ч Засгийн газрын үед зээлийн хүүгээ буулгадаггүй монополь байгууллага байсан” хэмээх хариулт өгөв. Барилгын салбарын хөрөнгө оруулалт дотооддоо шингэдэг давуу талтай. Цар тахлын үед онцгой нөхцөлд барилгын компаниудын борлуулалтыг ийн дэмжсэнд ийн олон нийт дахин дахин талархаж байна. Ямартай ч Засгийн газар дэмжиж, НОСК хэрэгжүүлж буй хөтөлбөрт төрийн албан хаагч, барилгын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд хаа хаанаа сэтгэл хангалуун байна. Тодорхой хэлбэл, өнөөдөр цахим орчинд “Хүнд хэцүү цаг үед төрийн албан хаагчдаа орон сууцжуулж, барилгын компаниудаа дэмжиж байгаад талархъя. Энэ ажлыг санаачилж эхлүүлсэн НОСК-ын захирал Б.Сүхбаатар танд мөн баярлалаа. Цар тахлын үед барилгын компаниудаа дэмжсэн маш зөв шийдвэр байлаа”, “Цар тахлын үед барилгын компаниудаа дэмжих шийдэл гаргаж, хэрэгжүүлсэн Засгийн газар, НОСК-ын хамт олонд баярлалаа. Барилгын компаниудын хувьд том, жижиг гэлтгүй борлуулалт, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Ажлын байраа хадгалж үлдэхэд асуудал үүссэн. Энэ хүнд цагт иргэдээ орон сууцжуулахын сацуу барилгын компаниудаа борлуулалтаар дэмжиж, доголдож тасалдсан санхүүгийн хүндрэлийг даван туулахад том дэмжлэг үзүүллээ”, “Барилгын салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, дэд бүтцийн төслүүдийг дэмжих нь цар тахал намжсаны дараа эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд ач холбогдолтой. Үүнийг ухаалгаар харсан НОСК-д баярлалаа. Цар тахлын хүнд хэцүү үед салбараа 0 зогсолтод оруулчихгүй борлуулалтаар нь дэмжиж төрийн албан хаагчдаа орон сууцжуулж төлбөрийн асуудлыг 100 хувь шийдлээ” хэмээн бичсэн талархлын постуудаас харж болно. Ийнхүү цар тахалтай 10 сар гаруй хугацаанд тэмцэж буй төрийн алба хаагчид, барилгын компаниудад урам өгсөн гэгээлэг өдөр болж өнгөрлөө. Баярлалаа, НОСК.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)