Баярлалаа гэж чангаас чанга хашхирмаар байна

Мэргэжлийн хяналтынхан мэрийж, цагдаагийнхан чармайж, эмнэлгийнхэн эрвийх дэрвийхээрээ эмчилж, онцгойгийнхон орой үдэшгүй ажиллаж байгаа тулдаа коронавирусийг газар авхуулалгүй, гадагш алдалгүй өдийг хүрсэн гэдэгт иргэн хүнийхээ хувьд би эргэлзэхгүй байна. Тэдний л ачаар бид өдийг хүртэл корона тусчилгүй эрүүл саруул байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Ганц нэг хүн хариуцлага алдаж, гадагш тараасан байлаа ч манай хэд тэр коронаг хаашаа ч бултуулалгүй хазаарлаад авахаа мэдэж байгаа. Нэг залуу өчигдөрхөн хөл хорионы үед бидний аюулгүй байдлыг хангахын төлөө эхнэр нь хэрхэн ажиллаж буй талаар нүүр номдоо бичжээ. Тэрбээр “Эхнэр минь өчигдөр хариуцлагатай жижүүр хийж, 08.00-22.00 цаг хүртэл хоёр хөлөө хавагнатал босоогоороо үүрэг гүйцэтгэсэн. Хажуугаар нь тэр минь гадаадаас ар гэрийнхнээ татахыг хүссэн хэн нэгэн, 21 хоногийн тусгаарлалтаас гарсан олон хүний уур хилэн, доромжлолыг сонсдог. Үүрээр гэрээсээ гарсан хэрнээ шөнө ирээд өглөө гэгээ ороогүй байхад л түргэн аваад буцаад ажил руугаа гүйчихлээ. Хамгийн эрсдэлтэй бүлэгт ажиллаж буй хүмүүсийн нэг нь онцгой байдлынхан. Та нар минь Монголдоо эсэн мэнд ирсэн, эрүүл саруул амьдарч байгаа хойно бусдынхаа ажлыг хүндэтгээд уужуу ухаанаар хандахыг хүсье. Энэ хүмүүс чинь ардаа амьдралтай, үр хүүхэд, хань ижилтэй шүү” хэмээжээ. Нээрээ л эдгээр алба хаагчид бидний адил махан биетэй, цусан нүдтэй хүн болохоос ядардаггүй, цуцдаггүй, өвддөггүй робот биш юм шүү. Үүний нэгэн адил цагдаа, дотоодын цэргийнхэн ч хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гээд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр, шөнөгүй ажиллаж, хэв журам сахиулж байна. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн хэлснээр цагдаа, дотоодын цэргийнхэн тусгаарлах 42 байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1100, машинт эргүүлийн 107 чиглэлд 5000-уулаа ажиллаж, 24 цагийн үүрэг гүйцэтгэж буй. Эмч, эмнэлгийн ажилтнууд ч ялгаагүй эцэж, цуцахаа  мэдэхгүй, ээлжгүй шахам ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн салбарт хүн хүчний хомстолтой байгаа ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдыг эмчилсээр зарим нэг нь бүр халдвар авчихлаа. Мэргэжлийн хяналтынхан ч ялгаагүй цар тахлыг дэврээхгүй гэсэндээ мөн л 24 цагаар хяналт тавьж буй. Хамгаалалтын битүү хувцас өмсөөд хэдэн цагаар хамаагүй ажиллаж байгаа тэдэндээ талархахаас аргагүй. Ер нь цагдаа, онцгой, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн хэдэн сард бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, өдөр, шөнөгүй ажилласаар ирсэн. Замын хөдөлгөөнийг түр хаах, тусгаарлах байрны хамгаалалт, олон улсын тусгай нислэг, зорчигч ачаа тээшинд хяналт тавих, хорио цээрийн дэглэмийг сахиулах, эх орондоо ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж, эрүүл саруул болгохын төлөө бүхий чадлаа дайчилж ажиллалаа, тэд минь. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, асуудал гарах бүртэй бидний өмнөөс нүүр тулсаар 10 сарыг ардаа үджээ. Өдгөө Монголд тархсан “Ковид-19” цар тахлыг хэдий хугацаанд нам дарж авахыг бид мэдэхгүй. Гэхдээ л цар тахлыг намжтал тэд минь л үргэлжлүүлэн ажиллаж, хамгийн хүнд ачааг нь үүрнэ. Тиймээс цар тахлыг намжтал, тайван сайхан цаг иртэл бүгдээрээ элдэв асуудал гаргалгүй, ажил хийсэн нэгнээ шүүмжлэлгүй эерэг байцгаая. Дэлхийгээрээ санаа алдсан энэ өдрүүдэд биднийг эрүүл байлгахын төлөө эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхандаа дахин дахин баярлалаа гэж чангаас чанга хэлье ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)