Баян-Өлгийд хариуцлагын зуд нүүрлэжээ

   Аймгийн Засаг дарга С.Хавалыг огцрохыг шаардаж, ИТХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл гаргасан юм. Түүнийг нь олонх хүлээж аваагүй. Ингээд шинэ оны дараахан сөрөг хүчнийхэн улс төрийн суулт зарлаж, түүнийг дэмжиж 1000 гаруй хүн эрх чөлөөний талбайд жагсжээ. Ерөнхий сайдад С.Батболдод хандан мэдэгдэл ч хүргүүлсэн байна. “АН-ын цуглааны үеэр МАХН-ынхан жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж, 40 гаруй хүн эсрэг жагсаал,цуглаан зохион байгуулсанаас болж      бяцхан мөргөлдөөн үүсгэжээ. Хэд хэдэн хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. АН-ын хорооноос Цагдаагийн хэлтэст хандаж эсрэг жагсаал цуглаан зохион   байгуулсан МАХН-ынханд хуулийн хариуцлага тооцох тухай албан    бичиг өгсөн ч тэд татгалзсан юм байна. Түүгээр ч үл барам Өлгий сумын Засаг дарга  АН-ын улс төрийн суултыг албадан тараах тухай захирамж  гарган цагдаагийн хэлтэст үүрэг өгч, иргэдийн эсрэг турхирсан байна. Суултанд оролцогчид хууль зөрчсөн асуудалд орооцолдохгүй байхыг цагдаа нараас шаардсанаар  тэд  тарцгаасан байна.   Монгол орон даяар зудын гамшиг нүүрлэж, түүнийг хохирол багатай давахын төлөө гар хумхилгүй ажиллаж байхад өвөлжилт хүндэрсэн аймгийн нэг Баян-Өлгийн эрх баригчид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, хариуцлагын зуд нүүрлүүлж байна” хэмээн тус аймгийн АН-ын хорооноос ирүүлсэн мэдээнд өгүүлжээ.

Засаг дарга С.Хавалын хууль зөрчсөн асуудлууд эхнээсээ нотлогдож эхэлсэн бололтой.Царцаа устгахаар улсаас өгсөн 225 сая төгрөгийн багагүй хэсгийг шамшигдуулсан Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын даргыг албан тушаалаас нь огцруулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийг албан тушаалаас нь түтгэлзүүлэн цагдаагийнхан эрүү үүсгэжээ. МАХН-ын нэр бүхий 26 гишүүн улс төрийн суултыг дэмжиж С.Хавалтай холбогдох асуудлаар Ерөнхий сайд болон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хаягаар мэдэгдэл ирүүлсэн гэнэ.    

Г.ЭНХ



.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)