Баян хөндий ордод 11.2-30.3 грамм алтны эрдэсжилт илрүүлэв

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 100 хувь эзэмшдэг Баян хөндий ордын талбайдаа хоёрдугаар улиралд хийсэн өрөмдлөгийн үр дүнг танилцуулжээ. Уг ордын зарим газарт тонн хөрс тутамд хамгийн ихдээ 11.2-30.3 грамм алтны эрдэсжилт бий гэж үзсэн байна. Энэхүү үр дүн нь хоёрдугаар улирлын гурав дахь багц өрөмдлөгийн (1403 метрийн гүнд есөн цэгт хийсэн) ажлын дүн аж. Тэгвэл дөрөв дэх болон тав дахь багц өрөмдлөгийн дүнг энэ сард багтаан танилцуулах гэнэ.

“Erdene Resource Development”-ийн гүйцэтгэх захирал Петер Акерли “Ордын гол хэсэг дэх алтны эрдэсжилтийн өмнөх үзүүлэлтийг өрөмдлөгийн ажлын дүнд бататгалаа” хэмээн ярьжээ. Тус компанийнхан нийт 30 цэгт өрөмдлөг хийхээр төлөвлөж буй юм байна. Дээрхээс гадна Алтан нар, Хөвийн хар, Зуун мод орд эзэмшдэг тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш оны эхэнд 0.145 канад доллар байсан бол өнгөрсөн тавдугаар сард 0.53-т хүрч дээшилсэн юм. Өчигдрийн байдлаар дээрх тоо 0.34 байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)