Баян хөндийн ордын нөөцийг 20 хувиар ахиулж тооцжээ

Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene resource develop¬ment” компани алтны “Баян хөндий” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүн эерэг гарсныг мэдээллээ. Уг ТЭЗҮ-д дурдсанаар ашиглалтын хугацаанд татвар, элэгдлийн өмнөх ашиг нь нийт 211 сая ам.доллар байх гэнэ. “Баян хөндий” төслийн талбайд 3.16 г/т дундаж алтны агуулга бүхий 520 700 унци баттай болон бодит геологийн нөөц бий гэж тооцсон нь өнгөрсөн жилийн есдүгээр сард танилцуулсан тайланд дурдсанаас 20 хувиар илүү дүн юм. Уурхайн ашиглалтын хугацааг 11 жил гэж тооцсон байна. Тодруулбал, уурхай байгуулах нэг, Баян хөндийн ордын ашиглалтын хугацаа зургаа, Алтан нарын ордын ашиглалтын хугацаа гурав, хаалтын хугацаа нэг жил байхаар төлөвлөсөн гэнэ. Баян хөндийн анхны хөрөнгө оруулалт 40, Алтан нарын нэмэлт хөрөнгө оруулалт хоёр сая ам.доллар байхаар төсөөлжээ. Уурхайн ашиглалтын хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, хураамжид 82 сая ам.доллар төлж, Баянхонгор аймагт 300 гаруй ажлын байр бий болгох тооцоо гарчээ.

NI 43-101 тайланд “Баян хөндий” төслийн урьдчилсан ТЭЗҮ болон “Алтан нар”-ын анхан шатны эдийн засгийн тооцооллыг багтаажээ. Урьдчилсан ТЭЗҮ-д Баян хөндийн 3.73 г/т алтны агуулга бүхий 3.5 сая тонн хүдэр багтсан нь батлагдсан ба магадлагдсан үйлдвэрлэлийн нөөц гэнэ. Алтан нарын анхан шатны эдийн засгийн тооцоололд 3.46 г/т алт ба 17 г/т мөнгөний агуулга бүхий 1.8 сая тонн хүдэр багтсан бөгөөд үүний 66 хувь нь бодитой нөөц аж. Алтан нарын ордыг Баян хөндийн уурхайн олборлолт дууссаны дараа 8-10 дахь жилд ил аргаар олборлохоор төлөвлөжээ. Ташрамд дурдахад, хоорондоо 16 км зайд орших “Баян хөндий”, “Алтан нар” төслийг хамтад нь “Хөндий” хэмээн нэрлэдэг.

720 мянган ширхэг хувьцаа арилжив 

Монголын хөрөнгийн бирж өчигдөр I-III ангиллын 26 компанийн 720 486 ширхэг хувьцааг 373.9 сая төгрөгөөр арилжлаа. Тэдгээрийн долоогийнх нь хувьцааны ханш дээшилж, 14-ийнх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байлаа. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 0.08 хувиар доошилж 18 262 нэгж, зах зээлийн нийт үнэлгээ 2.38 их наяд төгрөг болов. Энэ өдөр “Хөвсгөл алтан дуулга” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.1 хувиар өссөнөөр нэгж нь 703 төгрөгтэй тэнцлээ. Харин “Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.6 хувиар уруудсанаар 1850 төгрөгтэй дүйв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)