“Баян ходоод”-ны эзнийг басаж болохгүй

Монголын боулинг сонирхогчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд цуврал гурван тэмцээн хийхээр төлөвлөж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл буюу эхний тэмцээнээ “Big bowling”  төвд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Тэмцээнд 27 тамирчин  өрсөлдсөнөөс “Strikes” клубийн ерөнхийлөгч Г.Ууганболд онооны жагсаалтаар хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн. Тамирчдыг авсан оноогоор нь эрэмбэлж, гурван хэсэгт хуваасан. Улмаар хэсгийн тоглолт эхлэхэд мөн л хамгийн сүүлийн байрт жагссан. Гэхдээ хэсгээс шалгарсныг нь хасагдах шатанд өрсөлдүүлэхэд “баян ходоод”-ны эзэн амжилттай тоглож, бүх өрсөлдөгчөө онооны давуугаар ялсаар тэргүүн байр эзэлж, алтан медаль, аваргын цом гардсан юм. “Strikes” клубийн ерөнхийлөгч Г.Ууганболд ийнхүү тэргүүлж, түүний араас спортын мастеруудаас М.Түвшинсанаа мөнгө, Ц.Лхасүрэн хүрэл медаль хүртсэн бол хамгийн өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар  (244 оноогоор) Ж.Содномдорж шалгарсан юм.  

Энэ нь Монголын боулинг сонирхогчдын түүхэнд өмнө нь болж байгаагүй содон үйл явдал боллоо. Энэ тэмцээнд спортын мастер тав, дэд мастер дөрөв, чансаа өндөртэй тамирчид оролцсон юм. Нэг тамирчны тэмцээнд оролцох эрхийн хураамж 150 000 төгрөг байсан учраас тааруухан өрсөлдөгч байхгүй нь ойлгомжтой. Тэмцээнд оролцсон тамирчдын чансаа өндөр байгаа нь харагдаж байсан. Нийт тоглолтын 25 орчим хувь нь 200-аас дээш оноо авч байлаа. Дараагийн тэмцээн 11 дүгээр сард эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр эхэлнэ. Зуны хоёр сар завсарласан “Big bowling friendship league” энэ сарын 15-нд эхэлнэ.

Тэмцээний шагналын санг танилцуулбал:

  • 1-р байр 800 000 төгрөг
  • 2-р байр 600 000 төгрөг
  • 3-р байр 500 000 төгрөг
  • 4-р байр 400 000 төгрөг
  • 5,6,7,8-р байр тус бүр 250 000 төгрөг
  • Өндөр онооны эзэн 100 000 төгрөгийн эзэн болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)