“Баян ходоод” дасгалжуулагч болжээ

усанд сэлэлт дэлхийн спорт

2000 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр Экваторын Гвиней улсын нийслэл Малабогийн радиогоор усанд сэлэлтийн шигшээ багт оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэх зар түгээжээ. Хэргийн учир нь Сиднейн олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд оролцох цагаан хуудсыг Олон улсын олимпын хороо тус улсын нэг тамирчинд олгохоор шийдвэрлэсэн байв.

Ингээд тамирчнаа сонгох ёстой болж. Хачирхалтай нь, зарлалын дагуу ердөө ганцхан хүн иржээ. Тэр бол 22 настай Эрик Муссамбани. Тэрбээр 12 настайдаа усанд сэлж сурсан бөгөөд зөвхөн ойрын зайд сэлдэг байсан ч сорилгод орж, азаа үзэхээр шийдсэн аж. Энэ нь түүнийг дэлхий даяар алдаршуулсан олон гайхалтай үйл явдлын эхнийх нь байсныг Эрик тухайн үед зүүдлээ ч үгүй нь лавтай.

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН БЭЛТГЭЛ

Сиднейн олимпын наадам эхлэхэд ердөө таван сар үлдээд байв. Бэлтгэлээ базаах ёстой. Гэвч Экваторын Гвинейд тусгайлан бэлтгэсэн, 50 метр урттай усан сан байсангүй.

2000 оны тавдугаар сарын 6-нд Э.Муссамбани амьдралдаа анх удаа бассейнд бэлтгэл хийж үзжээ. Түүнд “Урека” зочид буудлынхан туслахаар шийдсэн нь энэ байлаа. Гэсэн ч тус бассейн нь ердөө 13 метр урт, тусгай замгүй. Э.Муссамбани үүнийг үл хайхран бие даан бэлтгэл хийж эхэллээ. Түүнийг зөвхөн амралтын өдөрт хоёр цагийн бэлтгэл хийхийг л зочид буудлын эзэд зөвшөөрсөн юм. Энэ хугацаанд Эрик нааш, цааш тус бүр хоёр удаа буюу ердөө 52 метр зайг л туулж амждаг байлаа. Түүнд дасгалжуулагч байсангүй. Сидней рүү тус улс зоригт сэлэгчээс гадна нэг дасгалжуулагч явуулжээ.

СӨРӨГ АМЖИЛТ БА АЛДАР НЭР

Сидней хотод ирээд л Эрик анх удаа50 метр урттай бассейн харжээ. Сонирхолтой нь, урьдчилсан шатанд 50 метр зайг туулахад л хангалттай гэж тэрбээр бодож байсан аж. Гэтэл уралдааны өмнө дасгалжуулагч нь түүнд хоёр дахин урт зайд сэлэх ёстойгоос гадна Нигер, Тажикстаны тамирчинтай өрсөлдөнө гэдгийг нь дуулгажээ. Гэвч ганган, үнэтэй өмсгөлтэй, дүрмээ огт мэдэхгүй хоёр өрсөлдөгч нь гарааны дохио өгөхөөс өмнө ус руу үсрээд тэр даруй хасагдав. Ингээд энгийн дотуур өмдтэй Э.Муссамбани л гарааны шугам дээр ганцаараа хоцорчээ. 

Үндсэн уралдаанд оролцох эрхтэй болохын тулд тэрбээр 100 метр зайг нэг минут, 10 секундэд амжиж туулах ёстой байлаа. Дөрвөн сарын өмнөөс бассейнд сэлж эхэлсэн сонирхогчийн хувьд энэ нь биелэгдэшгүй даалгавар байв. Э.Муссамбани эхний 50 метрт давгүй сэлсэн ч сүүлийн хагаст тун таагүй зүйл болох нь тэр. Тэрбээр гараа бараг өргөхгүй, хий л нүдээд байв. Эрикийг живж байна гэсэн айдас тухайн үед олон хүний толгойд орж ирсэн гэдэг. Гэвч тэрбээр үргэлжлүүлэн сэлсээр барианд оржээ.

Түүний амжилт (1.52,72 минут) 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн түүхэнд албан ёсоор хамгийн мууд тооцогдогддог юм. Түүнийг олимпын наадамд дэмий оролцлоо гэх нэгэн байхад мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, боломжгүй зүйл үгүйг нотоллоо хэмээн магтах хүмүүс ч байлаа. Ямартай ч тэрбээр түүхэн сэлэлтийнхээ дараа олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллагад ярилцлага өгчээ. Сиднейн олимпын наадамд Эрикийн уралдсан зайд аваргалж, олимпын дээд амжилт тогтоосон Голландын Питер ван ден Хугенбанд ч түүн шиг олны анхаарал татаагүй билээ.

ИНЖЕНЕР, ДАСГАЛЖУУЛАГЧ

2000 оны олимпын наадамд оролцсоныхоо ачаар Э.Муссамбани Валенсигийн их сургуульд элсэх урилга авч, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгсжээ. Усанд сэлэх хоббигоо Эрик хаяагүй юм. Улмаар 100 метр зайд үзүүлсэн амжилтаа бараг нэг минутаар ахиулж, 56 секунд болгожээ. Тиймээс цагаан хуудас авалгүйгээр 2004 онд Афины олимпод оролцох бүрэн боломж түүнд байв. Гэвч тус улсын Гадаад хэргийн яам Сиднейн олимпын гол баатрын нэгийг Грек рүү явуулаагүй юм. Визтэй холбоотой асуудал гарсан гэж яамнаас нь хожим мэдэгдсэн ч энэ бүхнийг урьдаас төлөвлөсөн гэдэгт Эрик итгэлтэй байдаг. Ийнхүү түүнийг дөрвөн жилийн дотор амжилтаа хэр ахиулсныг нь дэлхийн спорт сонирхогчид мэдэж чадалгүй өнгөрсөн юм.

Э.Муссамбани эх орондоо эргэн ирээд мэргэжлийнхээ дагуу ажиллах болсны зэрэгцээ долоо хоногт гурван удаа сэлэлтээр хичээл зааж эхэлсэн. Улмаар олимпын хэмжээний хоёр ч бассейн барьсан Экваторын Гвиней улсын усанд сэлэлтийн шигшээ багийн дасгалжуулагч болжээ.

Э.Муссамбани дэлхийн олон сая хүний хувьд олимпизмын үзэл санааг үндэслэгч Пьер де Кубертиний “Түрүүлэх нь бус оролцох нь чухал” гэсэн үзэл санааны амьд биелэл болсон билээ.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)