Баянхонгор аймагт 2 жилийн өмнө хог тээврийн граж барихаар тендер авсан компани ноцтой зөрчил гаргажээ

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд барихаар төлөвлөсөн авто гражын барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Анх Баянхонгор сумын удирдлагын зүгээс санаачлан “Цэвэр хот” ОНӨХХК буюу Хог тээврийн газрын хэрэгцээнд авто граж байгуулахаар дээрх ажлыг эхлүүлжээ. Тухайн үеийн удирдлагууд энэхүү гражыг бариулахаар тендер зарлаж, “Мөнх оргилын жигүүр” ХХКомпани шалгарчээ. Гурван жил өнгөрсөн хэдий ч гүйцэтгэл нь хангалтгүй байгаа тус авто гражын бодит байдалтай Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёл танилцаж, зохих арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Санхүүжилт дутуу гэх шалтгаанаар хариуцах эзэнгүй шахам болсон царцмал барилгын гүйцэтгэлд 22 сая төгрөгийг Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн баримт бий. Гэтэл барилгыг барих явцдаа огт суурь цутгаагүй, ханыг бат бөх биш блокоор өрсөн, хаалгыг дээврийн нимгэн төмрөөр хийсэн гээд чанарын шаардлага хангахгүй байгаа нь бодит байдал дээр харагдаж байна.

Цаашид 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөөөр санхүүжүүлэхээр асуудал тавигдаж байгаа энэ авто гражын барилгыг анх хийгдсэн зураг төсвөөс нь өөрчлөн баталсан. Ингэхдээ одоо баригдсан байгаа газрынх нь зөвшөөрлийг албан ёсоор гаргуулаагүй, техник эдийн засгийн үндэслэлгүй эхлүүлсэн ноцтой зөрчил байгаа нь ч Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёлыг тус барилгын байдалтай танилцах үеэр тодорхой болсон юм. Тэр ч бүү хэл өндөр хүчдэлийн шугамтай ойр байгаа нь холбогдох журам, зааврыг зөрчиж байна.

Баянхонгор сумын өмнөх удирдлагын харалган шийдвэр, тендер гүйцэтгэгч “Мөнх Оргилын жигүүр” компаний хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүнд бүтэн гурван жилийн нүүр үзсэн ч ашиглалтад ороогүй байгаа энэхүү авто гражын барилгын асуудал ийнхүү шийдлээ хүлээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)