Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо шинэ байрандаа оржээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэг иргэддээ хүрч үйлчлэхийн тулд засаг захиргааны шинэ хуваарилалт хийж хороодынхоо тоог нэмсэн. Шинэ хороодын нэг 27 дугаар хороо нь гэр хорооллын бүсэд оршдог, 15.000 хүн амтай. Гэвч энэ хороо тогтсон байргүй, өрхийн эмнэлэгтэйгээ хамтран, стандартын шаардлага хангахгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл уг байдалд цэг тавьж, өчигдөр хорооны цогцолбор байраа ашиглалтад хүлээн авлаа.
2010 онд анх баригдсан тус хорооны цогцолбор барилга удтал дуншиж байж Цагаан сарын өмнөхөн ашиглалтад орж буй юм.  Жилийн өмнө тус хорооны цогцолбор барилгыг анх барихдаа байршилд нь илүү анхаарч, бусад зүйлийг нь орхигдуулсанаас болж хонгилд нь газрын хөрсний ус нэвчиж дүүрдэг байв. Сүүлдээ хөрсний ус нь улам ихсэн, нэгдүгээр давхрынхаа өрөөнүүдэд орсон учраас тус хорооны барилгад үйл ажиллагаа явуулах нь бүү хэл ашиглалтад хүлээн авахаас татгалзсан байдаг. Харин мэргэжлийн байгууллагынхан хөрсний ус гардаг байдлыг нь шийдвэрлэж өгснөөр иргэд төрийн анхан шатны үйлчилгээг тав тухтай орчинд авах боломжтой болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)