Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн удирдлага хөрөнгө завшсан хэргийг шүүнэ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ж.Отгонцэцэг, Р.Болормаа, Б.Үүрцайх нарт холбогдох, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэх хэргийг хэлэлцэхээр товложээ. Хэрэгт холбогдогчид нь тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс(ХХҮХ)-ийн удирдах албан тушаалтнууд юм. Тэд Ахуйн үйлчилгээний цэг байгуулах нэрээр 1.3 тэрбум, Сургалтын төв байгуулна хэмээн 150 сая гаруй төгрөг завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ. Уг хэрэгт бас төрийн өндөр албан тушаал хашиж байгаад дахин сонгогдож чадаагүй, өвчний улмаас таалал төгссөн нэг эрхмийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан аж. 

Улмаар мөрдөн шалгах ажиллагаа дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтай өнгөрсөн нэгдүгээр сард НПГ-т хүргүүлсэн юм байна. Тус газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм байна. Тус шүүхийнхэн өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн ХХҮХ-т удирдах албан тушаал хашиж байсан Ж.Отгонцэцэг, Р.Болормаа, Б.Үүрцайх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, яллагдагч эл гурван хүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)