Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийг хууль бусаар томилсон гэв

Нийслэлийн сонгуулийн хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хууль бусаар баталсан гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч М.Далайцэрэн, Ц.Батхүү нар мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан, дүүргийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа дээд шатны байгууллагадаа хүргүүлсэн аж. Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо нь МАН-ынхны саналд үндэслэн нэр бүхий таван албан тушаалтныг Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулсныг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батсүх, НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Э.Энх-Очир, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нарыг тус дүүргийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилсон нь илт ашиг сонирхлын зөрчилтэй, хуулиар эрх олгогдоогүй байгууллагад давуу эрх олгосон, сонгууль зохион байгуулах байгууллагын үйл ажиллагаанд нам, эвсэл хөндлөнгөөс оролцсон явдал гэж тэд үзэж буй аж. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан ч хариу ирүүлээгүйг дурдаж байлаа. Тэргүүлэгч М.Далайцэрэн “Ийм бүрэлдэхүүнтэй хороо сонгуулийг зохион байгуулбал МАН-ын нэр дэвшигчид ялах нь тодорхой харагдаж байна. Өмнө нь тэд Баянзүрх дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиар хууль бус шийдвэр гаргаж, будилуулсан” гэв.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)