Баянзагийг тохижуулж, хамгаалалтад авчээ

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзаг хэмээх шаварлаг хурдас бүхий газрыг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны өлгий гэдэг. Учир нь тэндээс судлаач, эрдэмтэд эртний амьтан, ургамлын чулуужсан олдвор олонтоо илрүүлсэн. Үлэг гүрвэлийн мөр бүхий хурдас энэ бүсэд хаа сайгүй байдаг учир судлаач, палеонтологичид зөвхөн үүнийг үзэх зорилгоор Монголд ирдэг. Ази, Европыг холбосон цайны замын нэгээхэн хэсэг ч энэ нутгаар дайрч өнгөрдөг юм. Өмнөговь аймгийн ЗДТГ-ынхан тусгай хамгаалалттай энэхүү газрыг хамгаалж, аялал жуулчлалын идэвхтэй бүс болгох зорилгоор “Баянзагийн соёлын өвийн менежментийн төлөвлөгөө”-ний дагуу тохижуулжээ.

Үлэг гүрвэлийн мөр харах, газар орны онцлогтой танилцах гүүр бүхий тусгай замыг Баянзагийн хөндийд тавьсан бөгөөд тухайн хэсгийг цаашид хариуцах “Баянзаг-Улалзах цонж” НҮТББ-ын ажилтнууд амьдрах байр, кино, үзвэр, сургалтын танхим, байгаль орчны сурталчилгаа, мэдээллийн төв, орон нутгийн бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр, зорчигчдыг төвлөрүүлэх хэсэг зэргийг нэн түрүүнд шийджээ. Булган сумын ЗДТГ-ынхан “Энэхүү ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөмж, тусламжийн дагуу гүйцэтгэсэн. Гол онцлог нь хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалтын амьд орчин бүхий төвтэй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)