Баяндалай суманд Батболдын десант БУУНА

Ерөнхий сайд баруун аймгуудаар явж ирээд үндсэндээ танхимаа нэг хуралдуулаад л өчигдөр говийг зорилоо. Тэрбээр Улаанбаатараас гарч Дорноговь руу хөдлөв. Энд фермийн аж ахуй, Дулааны станц, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Сайншанд сумын төвд иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Тэндээс Өмнөговийг зүглэх юм байна.

Замдаа Зүүнбаянгийн Цагаан элсэнд нефть олборлож буй компани болон Францын “Арева” группийн ураны хайгуулын ажлын явцыг үзэх аж. Энэ өдрөө явсаар Оюу толгойд очих юм. Энд хоноод Гашуун Сухайтын хилийн боомтоор пүрэв гаригийн өглөө орно. Тэгээд Ухаа худгаар дамжин Цогтцэций суманд хүрэлцэн очиж төрийн өмчит “Эрдэнэс MGL” болон орон нутгийн өмчийн Тавантолгой, хувийн хэвшлийн MCS-ийн уурхайн ажиллагааг сонирхоно.

Орой нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд очиж хоноод баасан гаригийн өглөө Баяндалай суманд буудаллана. Нэлээн хэд хоногийн өмнөөс ярьж эхэлсэн говьд хийх Засгийн газрын хуралдаан энд болох юм. Энэ хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлууд хийгээд цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн төслийг бэлэн болгоно. Уг төслийг УИХ-д өргөн барих юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хуралд оролцож байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдааныг говь цөлд хийл гэхээр амлачихсаныг уншигчид санаж буй байх. Тэр амлалтын дагуу ийм ажил зохион байгуулахаар Засгийн газар шийджээ.

Шинэ содон ажил төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хамгийн их өртөж “хохирч” буй гэж хэлж болох говьд Засгийн газар хуралдаж, уг асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа нь буруу биш байх. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хуралдаанд оролцох сураг бий. Ерөнхий сайд буцахдаа Дундговь аймагт ажиллах юм байна.

Түүнийг энэ гурван аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, Р.Раш, Х.Наранхүү нар дагалдан явах гэнэ. Засгийн газар хуралдах юм чинь гишүүд нь очиж таарна. Шадар сайд М.Энхболд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нараас бусад нь очих болов уу. Сайд нар мэдээж ганцаар явахгүй.

Ялангуяа БОАЖЯ-наас нэлээд өргөн бүрэлдэхүүн явж таарна. Түүнээс гадна зарим агентлаг, байгууллагаас хүмүүс хуралдаанд оролцох биз. Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болоход танхимын гишүүдээс гадна дунджаар 12-13 хүн оролцдог юм гэсэн. Хурлын бэлтгэл хангахаар хэсэг хүн өнөөдөр Өмнөговь руу явах бололтой. Тэд л гэхэд лав 2000 км зам туулж таарна. Ерөнхий сайдын баг 2500 шахам км давхих юм шиг байна. Дээр нь сэтгүүлчдийн баг гэж бий.

Зөвхөн Засгийн газрын хуралдааныг сурвалжлахаар бас хэсэг сэтгүүлч явах байх. Ингээд бодохоор говийн нэг жижиг суманд бараг л нэг багийн нь хүн амтай дүйх улс морилох нь. Төр, засгийн баазаас 20 гаруй жийп хөлөглөж, Засгийн газрын ХЭГ л гэхэд 30-аад сая төгрөг энэ аянд зарах чимээ чих дэлслээ. Үүнд яам тус бүрээс гаргах хөрөнгийг тооцоогүй байж таарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)