Баянгол дүүрэгт Эрүүл мэндийн шинэ цогцолбор үүдээ нээлээ

 Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн төвийн шинэ цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ.

Өдөрт 400-500 өвчтөн тогтмол хүлээн авах хүчин чадалтай эмнэлэг барих ажил 2008 оноос яригдсан бөгөөд 2013 онд барилгын ажил эхэлжээ. Найман сарын турш барьсан есөн давхар барилгын ажлыг “Гангар инвест” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хувьд 2008 оноос Эрүүл мэндийн яамтай хамтран шинэчилсээр иржээ. 2013 онд эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагтаа 370 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

Мөн сарын өмнө эрүүл мэндийн долоон лабораторийг ЭМЯ-наас хангаж өгчээ. Барилгын зохион байгуулалтын хувьд 1-4 давхартаа амбулатори, 4-6 давхартаа нэгдсэн эмнэлэг, дээд давхаруудад захиргаа аж ахуйн тусламж үйлчилгээг ажиллуулах юм байна. Эрүүл мэндийн шинэ төв нь 100-150 ортой юм байна. Мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн таван ортой тасаг шинээр нээж, эмчилгээ үйлчилгээнийхээ нэр, төрлийг 2-3 дахин нэмжээ. Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлж, чанартай түргэн шуурхай ажиллах боломжтой боллоо” хэмээн онцолж байлаа. Тус барилга нийт 7,7 тэрбум төгрөгөөр босчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)